Jump to content

Виктор Лялин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Виктор Андреевич Лялин (ЗХУ-ын хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн удирдаач) 1926 онд Москва хотын цэргийн хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг төгссөний дараа Улаан Армийн дээд удирдлагаас БНМАУ-д ажиллах шийдвэр авчээ. Д.Лялин монголд ЗХУ-ын маршал Ворошиловоос монгол ардын армид бэлэглэсэн цэргийн үлээвэр хөгжмийн зэмсгийг авчирч Бүх цэргийн яаманд хүлээлгэн өгчээ. В.Лялинг Улаанбаатар хотын I морьт дивизийн үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар томилжээ. Энэ найрал хөгжим удалгүй Улаанбаатар хотын гарнизоны үлгэр жишээ найрал хөгжим болсон байна. В.Лялин монголд 8 жил алба хаахдаа цэргийн үлээвэр найрал хөгжмийн шилдэг хөгжимчин, шилдэг удирдаачдыг бэлтгэхийн сацуу монголын хөгжмийн амьдралд өргөн хүрээтэй оролцож байлаа. 1933 онд Москва хотноо монгол хөгжмийн пянз бичлэг хийлгэжээ. В.Лялин монгол хэл өөрөө сурч хөдөө орон нутгаар явж ардын дууч, хөгжимчидтэй уулзаж монгол ардын хөгжмийг сурвалжлан цуглуулж байжээ. 1935 онд монгол ардын дууны нооттой түүврийг хэвлэхэд тэрээр чармайлт гарган оролцсон гэдэг. 1936 онд “Тэнэг засаг сохор чавганц” аялгуут жүжгийн хөгжим уул жүжгийг өөрөө удирдан тоглуулсан байна. Хожим нь “Партизан хүүгийн зам дээр” аялгуут жүжгийн хөгжмийг өөрийн туслах удирдаач Т.Балданцэрэнтэй хамтран бичжээ. БНМАУ-ын засгийн газар, Ардын армийн дээд командлал В.Лялины монголын хөгжмийн соёлыг хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр, уран бүтээлийг үнэлж түүнд “Алтан гадас” одон шагнажээ.