Вячеслав Тихонов
Вячеслав Тихонов (орос. Вячесла́в Васи́льевич Ти́хонов, 1928 оны 2-р сарын 8-нд ЗХУ-ын Москва мужийн Павловский Посад хотод төрсөн—2009 оны 12-р сарын 4-нд Москва хотод нас барсан) — зөвлөлтийн болон оросын тайз, дэлгэцийн жүжигчин, дуу оруулагч. 1982 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, 1974 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, 1980 онд Ленины шагнал, 1970 онд ЗХУ-ын Төрийн шагнал тус тус хүртсэн байна.
В.Тихоновт хамгийн том алдар нэр авчирсан кино бол Татьяна Лиозновагийн "Хаврын 17 учрал" (1973) телевизийн 12 ангит кинонд тагнуулын ажилтан Исаевын (Штирлиц) дүрд тоглосон явдал байсан юм.
Түүний эцэг эх нь түүнийг инженер эсвэл агрономич болгох санаатай байсан ч эцэг эхээсээ нууцаар кино жүжигчин болохыг мөрөөддөг байв. 1944 онд Автомеханикийн дээд сургуулийн үндсэн курст элсэн орсон. 1945 онд тэрээр Бүх оросын улсын кино урлагийн дээд сургуульд орохыг оролдсон байна. Эхлээд түүнийг хүлээж аваагүй боловч элсэлтийн шалгалтаа өгсний дараа Борис Бибиков, Ольга Пыжова нар түүнийг авсан бөгөөд Вячеслав сураад 1950 онд төгссөн байна.