ГУЛАГ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ГУЛАГ (орос. Главное управление исправительно-трудовых лагерей гэсэн үгний товчлол юм- монгол. "Хөдөлмөр эрхлэн засан хүмүүжүүлэх лагериудын удирдах ерөнхий газар")-ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссаруудын газар (орос. НКВД СССР), ЗХУ-ын Дотоод хэргийн яам (орос. МВД СССР) болон ЗХУ-ын Хууль зүйн яамны (орос. Министерство Юстиции) 1930-1959 онуудад улсын хорих газруудыг удирдаж байсан байгууллага.

1959 оноос хойш Хорих газруудын ерөнхий газар, 1968 оноос хойш Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын ерөнхий газар (орос. Главное управление исправительно-трудовых учреждений. товч ГУИТУ) болжээ. 1987 онд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны Засан хүмүүжүүлэх хэргийн ерөнхий газар (орос. Главное управление по исправительным делам МВД СССР) болж өөрчлөгдсөн.

1992-1998 онд ЗСБНХУ задран унасны дараа ОХУ-ын Дотоод хэргийн яамны Шийтгэл гүйцэтгэх ерөнхий газар (орос. Главное управление исполнения наказаний МВД России. товч. ГУИН) болсон байна. 1998 онд ОХУ-ын Хууль зүйн яаманы харьяа болгож шилжүүлсэн юм.

ОХУ-ын 2004-2005 оны засаг захиргааны шинэчлэлийн үеэр Шийтгэл гүйцэтгэх ерөнхий газрыг Оросын Хууль зүйн яамны Холбооны шийтгэл гүйцэтгэх алба (орос. Федеральная служба исполнения наказаний) болгон өөрчилсөн байна.

ГУЛАГ нь ЗХУ-ын шийтгэлийн тогтолцооны нэг хэсэг байсан бөгөөд Иосиф Сталины үеийн хэлмэгдүүлэлттэй салшгүй холбоотой гэж үздэг. Хоригдлуудыг албадан хөдөлмөрлүүлэх нь 1930-1950-иад онд ЗХУ-ын эдийн засагт бүхэлдээ чухал ач холбогдолтой байсан. ГУЛАГ нь улсын бүтээн байгуулалтад оруулсан нийт хөрөнгийн 10 орчим хувийг эзэлдэг байв. Мөн нүүрс, металл, хүдэр, түүний дотор алт, уран, алмаз, кобальт, апатит олборлох үйлдвэрүүдэд ГУЛАГ-ын ач холбогдол илүү их байсан юм. Алтны 100 хувь, цагаан тугалганы 70 орчим хувь, никелийн 33 хувийг хоригдлууд олборлосон байдаг юм. Тэд мод бэлтгэх нийт ажлын 15%, усан станц болон зам барилгын ажлын багагүй хувийг эзэлж байжээ. Атомын төслийг хэрэгжүүлэх шийдвэрлэх үед (1947-1948) эдгээр байгууламжийн барилгын ихэнх хэсгийг ГУЛАГ-ын хүчээр байгуулсан боловч улс төрийн хэргээр ял эдэлж байсан хүмүүс эдгээр байгууламжид ажиллаагүй байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1929 он хүртэл ЗСБНХУ-ын цагдан хорих газрууд нь Холбооны Бүгд найрамдах улсын дотоод хэргийн Ардын комиссаруудын харьяанд байсан бөгөөд зөвхөн Цагаан тэнгисийн Соловецкийн аралууд дахь "Соловецкийн тусгай зориулалтын лагерь" (орос. Соловецкий лагерь особого назначения, товч. СЛОН /монгол. Заан), улс төрийн тусгаарлах ангиуд нь Нэгдсэн улсын улс төрийн захиргаа ЗХУ-ын Улсын нэгдсэн улс төрийн удирдах газар (орос. Объединённое государственное политическое управление, товч. ОГПУ) -ын харьяанд байв. Хоригдлуудыг хямд ажиллах хүч гэж үздэггүй зөвхөн тэднийг шоронд хорихтой холбоотой гарч буй зардлыг нөхөхөд чиглүүлж байжээ. Үүний нэг нотолгоо нь ихэнх хорих ангиуд хүн ам шигүү суурьшсан, ажиллах хүчний хомсдолгүй газар байрладагтай холбоотой гэж үзэж болох юм. 1926 он хүртэл "Соловецкийн тусгай зориулалтын лагер"-ийн хоригдлуудыг ажиллуулдаггүй "зөвхөн хорлон сүйтгэгчид болон бусад хувьсгалын эсэргүү нарыг нийгмээс найдвартай тусгаарлах зориулалттай газар" байжээ. Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хороо (орос. Всероссийский центральный исполнительный комитет, товч. ВЦИК), Зөвлөлт Оросын Ардын Комиссаруудын Зөвлөлийн (орос. Совет народных комиссаров РСФСР ) 1928 оны 3-р сарын 26-ны өдрийн "Шийтгэлийн бодлого, хорих газруудын төлөв байдлын тухай" тогтоолоор хорих газруудыг эдийн засгийн үр ашигтай байх асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. Цагдан хорих газар шинээр барих нь зохисгүй гэж үзэж, хөдөө аж ахуй, үйлдвэр, гар урлалын, идэвхгүй аж ахуйн нэгжүүд эсвэл их засвар хийх шаардлагатай байгаа хөдөлмөрийн хорих ангиудыг нэмэгдүүлэхийг зорилго болгосон байна.

1929 онд СЛОН буюу Соловецкийн тусгай зориулалтын лагерийн туршлагыг ашиглаж, энгийн ажилчдын явахыг хүсэхгүй байгаа газар албадан хөдөлмөр эрхлэх хорих гол газар болгохоор шийдсэн байна. Үүний зэрэгцээ мод бэлтгэх ЗХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн тул онцгой ач холбогдолтой байсан бөгөөд нэн шаардлагтай валют олж социалист төлөвлөгөөгөө биелүүлэх хүмүүс нь хоригдлууд (ялангуяа энгийн ажилчдыг татах боломж маш хязгаарлагдмал газар) болж хувирчээ.

1929 оны 7-р сарын 11-нд ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөл "Эрүүгийн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглах тухай" тогтоол гаргаж, үүний дагуу 3 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ял шийтгүүлсэн бүх хоригдлуудыг ЗХУ-ын Улсын нэгдсэн улс төрийн удирдах газар (ОГПУ) шилжүүлэв. 1930 оны 4-р сарын 25-нд ОГПУ-ын 130/63[8] тушаалаар ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн 1930 оны 4-р сарын 7-ны өдрийн "Албадан хөдөлмөрлөх лагерийн тухай журам"-ын тогтоолыг биелүүлэхийн тулд ОГПУ-ын (ГУЛАГ) Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагериуд зохион байгуулагдав.

1934 оны 7-р сарын 10-нд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариат (орос. НКВД СССР) байгуулагдаж, үндсэн таван хэлтэстэй болжээ. Тэдний нэг нь "Хөдөлмөр эрхлэн засан хүмүүжүүлэх лагериудын удирдах ерөнхий газар" (ГУЛАГ) байв. 1934 онд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын дотоод аюулгүй байдлын хамгаалах ЗХУ-ын харгалзагч цэргийн анги (орос. Конвойные войска СССР) байгуулагдав. 1934 оны 10-р сарын 27-нд Зөвлөлт Оросын Хууль зүйн Ардын комиссариатын бүх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг ГУЛАГ-ийн мэдэлд шилжүүлсэн байна.

1936 оны 1-р сарын 4-нд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын Инженер, барилгын хэлтэс, 1936 оны 1-р сарын 15-нд Тусгай барилгын хэлтэс, 1936 оны 3-р сарын 3-нд Автозамын барилгын ерөнхий газар байгуулагдав. Инженер, эрдэмтэд шоронд байхдаа мэргэжлээрээ ажиллаж байсан "шарашка" хэмээх Зохион бүтээх төвүүд гарч ирэв. ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариат нь Уул уурхай, металлургийн үйлдвэрүүдийн барилгын ерөнхий газар, Главгидрострой, Главпромстрой, Далстрой (Алс Хойд бүсийн барилгын ерөнхий газар) болон бусад аж ахуйн нэгжүүдийг байгуулан удирдаж байв. ГУЛАГ ЗХУ-ын Дотоод хэргийн яамны 1960 оны 1-р сарын 25-ны өдрийн 020 тоот тушаалын дагуу ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны 1-р сарын 13-ны өдрийн 44-16 тоот тогтоолын дагуу татан буугдсан ба ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1960 оны 1-р сарын 13-ны өдрийн "ЗХУ-ын Дотоод хэргийн яамыг шинэчлэх тухай" зарлигтай холбоотой юм.

ГУЛАГ-ын хоригдлууд үндэстэн ястнаар[засварлах | кодоор засварлах]

Оросын түүхч, судлаач Виктор Николаевич Земсков-ын гаргасан тоо баримт.

Үндэстэн тоо
1939 1940 1942 1943 1944 1945 1946 1947
Украин 18190 19683 18148 11467 73832 85584 10755 18294
Белорус 44785 49743 45320 25461 15264 15479 24249 32242
Татар 24894 28232 29116 17915 11933 14568 9049 11045
Узбек 24499 26888 26978 20129 8380 8426 5570 4777
Евреи 19758 21510 23164 20230 15317 14433 10839 9530
Казах 17123 20166 19703 14888 11453 12321 7822 8115
Герман 18572 18822 19258 18486 19773 22478 18155 18738
Польш 16860 16133 14982 11339 8765 8306 13356 16137
Гүрж 11723 12099 11171 6960 5517 5446 4544 4609
Азербайжан н/д 10800 8170 4584 2924 4338 3163 1495
Армян 11064 10755 10307 9300 6835 6903 5477 5728
Туркмен 9352 9411 8548 6078 3113 2681 2007 2397
Латви 4742 5400 7204 5008 3856 3444 12302 11266
Башкир 4874 5380 4669 2414 1406 1579 905 1093
Тажик 4347 5377 4896 3841 2194 1872 1335 1460
Хятад 3161 4033 5182 3848 2792 2879 2614 1888
Солонгос 2371 2800 2403 1806 1257 1397 909 959
Финн 2371 2750 3547 2781 2220 1929 1758 2245
Эстон 2371 2720 6581 4556 2933 2880 9017 10241
Буриад 1581 2700 2610 1859 1344 1382 1240 1247
Киргиз 2503 2688 3537 2706 1437 1142 1034 894
Литв 1050 1344 3074 3125 2048 1805 11361 15328
Апган 263 280 256 170 89 65 59 48
Румын 395 270 1550 1040 857 815 840 978
Иран н/д 134 1825 1176 772 678 501 558
Япон 50 80 133 119 116 23 578 660
Монгол 35 70 64 37 22 49 20 49
Түрк н/д н/д 488 297 226 281 264 186
Бусад 76055 67451 136898 79208 53068 50599 41247 29725
Нийт: 1317195 1344408 1415596 983974 663594 715505 600897 786441