Jump to content

Гааль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гаалийн эрэлч нохой.

Гааль (англи. Customs, орос.Таможня) -Аливаа нэг улсын хилээр орох, гарахад мал амьтан, тээвэр, хувийн эд зүйлс, аюултай эд зүйлс зэрэг бараа бүтээгдэхүүний урсгалыг хянах, татвар хураах үүрэгтэй төрийн байгууллага юм. Уламжлал ёсоор бол гаалийг импорт, экспортод гаалийн татвар (тариф) болон бусад татвар ногдуулдаг төсвийг бүрдүүлдэг нэгэн нэгж гэж үздэг. Сүүлийн хэдэн арван жилд гаалийн байгууллагын чиг үүргийн талаарх үзэл бодол нэлээд өргөжиж, өнөө үед татвар, аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх гэсэн гурван үндсэн асуудалд анхаарч байна.

Улс орон тус бүрийн гаалийн байгууллагын мөрддөг бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох өөрийн гэсэн хууль тогтоомжтой байдаг. Зарим барааны импорт/экспортыг хязгаарласан эсвэл бүрмөсөн хориглосон байдаг. Эдгээр хуулийг зөрчсөн хүмүүст олон төрлийн хатуу шийтгэл ногдуулдаг.

Ямар ч орны Гаалийн байгууллагын ажилтнууд авилга авах магадлал өндөртэй хэсэгт ордог тул өндөр хяналтанд байдаг байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар

[засварлах | кодоор засварлах]

Олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны тэргүүн сарын 2 буюу 1912 оны 6-р сарын 2-нд Сангийн яамнаас Богд хаанд өргөсөн бичигт гаалийн хэргийн чухлыг дурдаад, гаалийн хэргийг тусгайлан эрхлэх газар байгуулж, “Дотоод, Гадаад, Сангийн яамны дотроос хүн гаргаж, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх тамга цутган олгож, тусгайлан эрхлүүлэх”-ээр заасныг Богд хаан хүлээн зөвшөөрч, “Гааль хураах нь олон улсад тогтсон хэв хууль мөн тул ёсоор болгоё” хэмээн улаан бийрээр цохсон байдаг. Ингээд Үндэсний гаалийн алба байгуулж байжээ.

Ардын төрийн үед буюу 1922-1924 онд гаалийн төвлөрсөн хороог Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Засын хүрээ зэрэг 4 газар байгуулахаас гадна боомтын гаалийн хороо, салбарыг зам тээврийн болон хил хязгаарын чухал гэгдэх дараах 37 газарт зохисыг үзэн байгуулахаар болжээ: Алтанбулаг, Хүдэр, Минж харуул, Анинга, Модон хөл, Зэлтэр, Хөшөө мод, Буйр нуур, Эх ахилах, Молцог элс, Харгант, Замын-Үүд, Мэргэн вангийн хошууны Шаваг сүүжит, Сулин хээр, Хоёр Богдын өвөр, Захчин гүний нутаг, Дүнхүү, Шар сүм, Өмнөд даваа, Сунган даваа, Самгалдай, Дархадын хүрээ, Үүр голын эх, Онон, Түйн гол, Манлай ван, Ачит ван, Үйзэн вангийн тамгын газар, Егүзэр хутагтын хүрээ, Тамсаг булаг, Зос жаргалант, Улаан эргийн сүм, Шилүүстэйн гол, Засагт хан аймгийн Жонон вангийн тамгын газар, Итгэмжит бэйсийн тамгын газар, Хөвсгөл нуур, Маймаа хот.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 4-р сарын 30-ны өдрийн “Гадаад худалдааны хяналтыг сайжруулах арга хэмжээний тухай” 140 дүгээр тогтоолоор гадаадтай хийх худалдааг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Төлөвлөгөөний Комиссоор батлагдсан захиалгын үндсэн дээр зөвхөн гадаад худалдааны байгууллагаар дамжуулан, зохих зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байх (гадаад орнуудтай байгуулсан хэлэлцээрээр БНМАУ-д оруулах барааг Гадаад худалдааны яамны зөвшөөрлийг үндэслэн оруулж байх) журмыг хатуу баримтлахаар болсон юм. 1981 оны байдлаар манай гадаад худалдааны 98.3 хувийг социалист орнууд, түүний дотор ЭЗХТЗ (Эдийн засгийн харилцан туслах зөвлөл)-ийн орнууд орнууд эзэлж байсан.

Монгол Улсын Гаалийн байгууллага 1990 он хүртэл БНМАУ-ын Гадаад худалдааны яам (хожим нь Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам)-ны бүтцэд ажиллаж байгаад Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор Засгийн газрын дэргэдэх Улсын гаалийн ерөнхий газар болсон. Улсын гаалийн ерөнхий газрын төв аппарат 1991 оны байдлаар Хууль, хяналтын хэлтэс, Тариф, статистикийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Боловсон хүчний тасаг, Хэрэг бүртгэх алба гэсэн үндсэн 5 нэгжтэй, Монгол Улсын нийт гаалийн системийн хэмжээнд 156 хүнтэй ажиллаж байсан юм.

Гаалийн байгууллага 1991 оны Гаалийн шинэ хуулийн дагуу хилийн болон гүний гаалийн байгууллагын зохион байгуулалтад орж, гаалийн хороодыг гаалийн газар, гаалийн салбаруудыг гаалийн хороо болгон өргөтгөж, харъяалалд нь зарим өөрчлөлт хийснээр Улаанбаатар хотод гаалийн 2 хороо байсныг нэгтгэн, Амгалан, Толгойт, Материалимпекс хангамжийн нэгдэл, Техникимпорт хангамжийн нэгдэл, Хүнс, бөөний худалдааны нэгдэл дээр гүний гааль байгуулж, Багануурын гаалийн салбарыг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт харъяалуулан, удирдлагыг нь төвлөрүүлсэн байна. Түүнчлэн Дорнодын Эрээнцав дахь гаалийн хороог татан буулгаж, Чойлбалсан хот дахь Гаалийн газар, Өмнөговийн Гашуунсухайт, Баян-Өлгийн Даян, Дорондын Хавирга, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастайд гаалийн салбар байгуулжээ.

Энэ үед БНМАУ-ын Бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор импортын барааны гаалийн татварын тарифыг 15 хувиар тогтоож, шаардлагатай тохиолдолд импортын зарим нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх, экспортын зарим нэрийн бараанд гаалийн татвар ногдуулах эрхийг Засгийн газарт олгосон байна.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэчлэн батлагдаж, Монгол Улс зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орсон юм. Ингээд гаалийн байгууллага барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэхийн зэрэгцээ гаалийн болон бусад татвар (1993 оноос НӨАТ, 1994 оноос Автобензин болон дизелийн түлшний албан татвар, 1995 оноос архи, пивоны онцгой албан татвар, 1997 оноос автомашины онцгой албан татвар) хураан авах, хоёрт талт болон олон талт гаалийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн нэг чухал байгууллага болжээ.