Jump to content

Георг Фридрих Хендэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Георг Фридрих Гендель-с чиглүүлэгдэв)
Георг Фридрих Хендэл, Балтазар Деннэрийн бүтээл
Хендэлийн гарын үсэг

Георг Фридрих Хендэл (Англи: George Frideric Handel, Герман: Georg Friedrich Händel, 1685 оны 2-р сарын 23-нд Халле хотод төрж, 1759 оны 4 сарын 14-нд Лондонд нас эцэслэсэн) Германд төрсөн, дуурь, оратори, магтуу, органы концертуудаараа алдаршсан, Британийн Барокко хөгжмийн зохиолч юм. Сүмийн орган хөгжимч, шилдэг багш Цахаугийн удирдлаганд хөгжим судалж германы сонгодог болон ардын хөгжмийн урлагтай гүнзгий танилцжээ. 1702- 1703 онд сүмийн органч, 1703-06 онд Гамбургт дуурийн театрын хийлчээр ажиллаж 1706-10 онд Италид амьдарч дуурийн зохиолч гэж алдаршсан байна. Дараа нь 2 жил Ханноверт удирдаач байгаад дараа нь Лондон хотыг зорьжээ. 1712 оноос Англид амьдрах болж 1726 онд английн иргэн болсон байна.1719 онд үндэслэн байгуулсан Хатан хааны хөгжмийн академи буюу дуурийн театрыг олон жил удирджээ. ХҮIII зууны гучаад оноос Хендэлийн уран бүтээлийн гол төрөл нь ораториа болсон байна. Амьдралынхаа сүүлч үед тэрээр хараагүй болжээ. Гамбургт суусан үе нь богинохон боловч түүний уран сайхны үзэл санаа, арга барил бүрэлдэн тогтоход онцлог ач холбогдолтой байжээ. Чухамдаа энд хөгжим бол эх оронч бадрангуй, орь хүслийг илэрхийлж хүмүүсийн сэтгэл оюуны эрмэлзэл, зан суртахууны дээдийг номлох ёстой гэсэн гоозүйн ертөнцийг үзэх үзэл нь бүрэлдэн тогтсон байна. Хамгийн гол нь Гамбургт дуурийн театрт ойртож анхныхаа дууриудыг бичсэн явдал юм. "Альмира" зэрэг дуурьтаа Гендель германы үндэсний дуурийн өвөрмөц арга хэлбэр бий болгох их үеийнхээ эхийг тавьжээ.

1706-1710 он буюу Италийн үед Хендэл "Агриппина", "Родриго" дуурь, магтуунуудыг өөрийн гайхалтай сайн эзэмшсэн итали арга барилаар бичжээ. Үүнчлэн франц, испани аргыг сонирхож нилээд зохиол бичсэн бөгөөд Корелли, Скарлатти зэрэг алдартай хүмүүстэй танилцсан нь түүнд хөгжмийн янз бүрийн барил чиглэлийн талаар тод ойлголт өгсөн билээ. Энэ үе Гендельд дэлхийн хөгжмийн соёлын амжилтыг таниулж өөрий нь европын хэмжээний дэвжээнд гаргаж өгсөн байна.

1710, 1712 онд Хендэл хоёр ч удаа Лондонд очиж нэг ёсондоо герман, англи хоёрын алинд амьдрах эсэхээ шийдсэн байх юм. 1710-16 онд "Германы магтуу", гобой, флейт хөгжимд зориулсан концерт, сонатууд, "Ринальдо", "Тезей", "Амадис" дууриуд, "Усны мандал дахь хөгжим" зэрэг алдартай зохиолоо бичсэн ажээ. Энэ бол Хендэлийн арга төгс боловсрохын даваанд ирсэн үе байв.

Хатан хааны хөгжмийн академи буюу английн дуурийн театрыг 1720-иод оноос тэргүүлж ер бусын үр бүтээлтэй хөдөлмөрлөж өөрийн дуурийн уран бүтээлийн оргилд хүрч "Радамисто" (1720), "Оттон" (1723), "Юлий Цезарь" (1724), "Роделинда" (1725) дууриудаа бичлээ. Энэ үед английн театрт шинэ үзэгдэл гарсан нь цэвэр англи маягийн "дууль-дуурь" буюу "ядуусын дуурь" хэмээх чиглэл гарч ирэв. Энэ чиглэлийн зохиолууд амьдралд ойр, нийт олонд зориулагдсан ардчилсан урлаг учраас дэвшилт ухаантнуудын талархал хүлээж харин язгууртнуудын таалалд эс нийцсэн учир хаан түүнийг хориглов. Гэвч энэ дуурь олонтаа тоглогдож европт түгээмэл болсон бөгөөд энэ зууны эх хүртэл амьдарсан билээ.

Хендэл 1731 оноос бүжгийн жүжгийн театрт шилжин "Ариодант", "Альцина", "Атланта" гэдэг нэрд гарсан бүжигчилсэн дууриудаа бичив. Дараа нь өөрөө хүнд өвчилж, бас театр нь шатаж давхар гамшиг учирсан боловч дуурийн уран бүтээлээ дахин сэргээж хэд хэдэн дуурь бүтээлээ. Эдгээр нь хошигнол егөөдлөөрөө Моцартын хошин дуурийн үндэс болохуйц өвөрмөц бүтээл байв. Хэдий тийм боловч түүний 30-аад оны дуурь зогсонги байдалд, түүгээр ч барахгүй ухрах байдалд орлоо. Энэ нь төрөл хэлбэрийн шинэ шийдэлт, арга барилын хувьсгал хийхийг шаардсан дуурийн урлагийн хөгжлийн зүй тогтол байв.

Хендэл олон жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг үзэж чадсангүй, бүхнийг цоо шинээр эхлэх хэрэгтэй болжээ.

Хендэл ораториа хэмээх шинэ төрлийн зохиол бий болгохоор шийдлээ. Чухамхүү энэ нь түүний нэрийг дэлхийн хөгжмийн түүхэнд мөнхжүүлэн дархалсан билээ.

Найрал дуу, найрал хөгжим, гоцлол дуучдад зориулсан оратори хэмээх том хэлбэрийн зохиолыг энэ үед зөвхөн сүм дуганд тоглодог байлаа. Хендэлийн шинэчлэлийн гол ач холбогдол бол түүнийг сүм дуганаас салгаж тайзнаа авчирсанд орших бөгөөд эдгээр зохиолын сэдвийг хэдийгээр библь судраас зээлдсэн боловч орчин цагийнхаа амин чухаг асуудалд түүнийг чиглүүлсэн явдал түүний гавъяа юм. Генделийн ораторийн баатрууд нь эрх чөлөө, аз жаргалын төлөө тэмцэгч дарлагдсан ард түмэн байдаг.

Тэрээр нийтдээ 32 оратори бичсэн бөгөөд энэ өргөн сүрлэг баатарлаг хэлбэр маягаар бичсэн гайхамшигт зохиолууд дуурийг шахан түрж эхлээд, төдөлгүй түүнийг босохгүй болтол нь нам цохилоо. Гэвч энэ хоёрын хооронд тэмцэл хурцдаж өргөн фронтоор тулалджээ. Гендельд зэвсгээ булаалгасан шажин хийдийнхэн хүртэл тэмцэлд маш ширүүн оролцов. Харин Гендель улам шуурхай давшиж ялалт байгуулсаар иргэнлиг ардач үзэл агуулга улам бүр хүчтэй тодорсон "Мессия", "Самсон", "Валтасар" зэрэг гайхамшгуудаа зохиосоор байлаа.

Стюартын бослогын хүчинд англи өвдөг сөхөрч Шотландаас нийслэл рүү дайсан нөмрөн айсуй үед дэвшилт талынхан хүчээ нэгтгэн бэлтгэж байхад хөгжмийн их зохиолч Хендэлийн бүтээл тэдний туг болж хувирсан юм. Түүний "Баатарлаг хөвгүүд минь эгнэн жагсацгаа!" гэдэг сүлд дуулал, "Баярын оратори", "Иуда Маккавей" зэрэг эх оронч баатарлаг оратори ялалтад зоригжуулан цууриатаж байлаа. Эдгээр зохиолоор нь хөгжмийн их зохиолчийг англи даяар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэжээ.

Энэ бол түүний уран бүтээлийн хамгийн өндөр сүрлэг оргил байлаа.

Хендэл амьдралынхаа сүүлийн арван жилд "Соломон" зэрэг сэтгэл догдлом хүчтэй олон зохиолоо туурвисан бөгөөд сохорч байх үедээ "Цаг үе, үнэний уриа" хэмээх эрт бичсэн оратори дахин гайхамшигтай сайхан засварласан байна. Гендель хэдий хараагүй болсон боловч органаар хөгжимдөн олон түмнийг баясган догдлуулсаар байв.

Георг Фридрих Хендэл далан таван насандаа 1759 оны 4-р сарын 14-нд таалал төгссөн байна. Түүний шарилыг 1726 онд английн иргэн болохдоо тангараг өргөсөн Вестминстерийн сүмд англи үндэстний аугаа суут уран бүтээлчийн ёсоор оршуулсан байна. Гэвч тэрээр төрсөн эх оронтойгоо үргэлж холбоотой байж нас барахаасаа арваад жилийн өмнө буюу 1750 онд герман нутагтаа очиж байв. Эх газартайгаа хамт байж түүний ундарга булгаас ууж амьдрахын эх хүч сэлбэж байдаг домогт Антей баатар лугаа адил Хендэл төрөлх эх оронтойгоо элэг зүрхний холбоотой байсныг бүтээлүүд нь харуулж байдаг. Түүний урлах арга барилд германы хөгжмийн эд эс эрхэм чухаг шинж чанараа хадгалсаар үлдсэн байна.

Аливаа суут бүтээлчдийн адил тал бүрийн үйл ажиллагааг Хендэл өрнүүлж агуу ихээс өчүүхэн юмны тухай, баатарлаг үйл ойр зуурынхны тухай, ордон харш жирийн ахуйн тухай хөгжмийн бүх төрөл хэлбэрээр бичжээ. Гэвч түүний бүтээлийн гол сэдэв бол дарлагдан шаналсан, дарлал зовлонг тэмцэж ялсан, эрх чөлөө гэрэл гэгээ, энхийн төлөө тэмүүлсэн ард түмэн байдаг.

Суут Людвиг ван Бетховен Хендэлийг биширч байсан нь ерийн хэрэг биш, түүний уран бүтээлийн чиг зорилгыг тэр хүн зааж өгснөөс тэр билээ.

Түүний ардач үзэл Хендэлийн хөгжмийн уран сайхны арга, үнэн бодит байдалтай салшгүй холбоотой байдаг. Урлан бүтээх ид оргилуун үедээ Гендель өргөн сүрлэг ораторийн төрлийг сонгож авсан нь хэлбэр төрөл эрэлхийлсэн энгийн нэгэн хэрэг бус байв.

Ийнхүү Хендэл, ордны явцуурлаас хөгжмийг ангижруулж, дарангуйллын харанхуй манангийн эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэгч ард түмний дүрийг илэрхийлсэн өргөн сүрлэг энэ шинэ төрлийг буй болгосон байна. Чухам энэ төрөл түүний нэрийг мөнхөлсөн билээ.

Хендэл баатарлагийг дуулах арга барилтай. Харин түүний үндэсний хэв шинжийнх нь тухайд түвэгтэй асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. Тэрээр англи улсыг аюулд автаад байхад "Сайн дурынхны сүлд дуулал"-аа бичиж тэмцэл ялалтад англи хүмүүс, цэрэг эрсийг уриалан дуудаж зоригжуулсан бөгөөд "Иуда Маккавей", "Баярын ораториа" зэрэг нь ялан дийлэгчдийг дуулж хүнд хэцүү цагт үзэл санааны аугаа тусламж үзүүлсэнд түүнд англичууд хайртай байв. 1726 онд Хендэл англи улсын иргэн болсон бөгөөд үүнээс нааш түүнийг английн үндэсний их хөгжмийн зохиолч гэх болсон билээ. Гэвч түүнийг аль ч биш үндэстний буюу "дэлхийн иргэн" гэж үздэг явдал байсан нь алдаатай зүйл ажээ. Хендэл германы ардчилсан соёлоор хүмүүжсэн германы ард түмний их хүү юм. Үүнийг нутлах зүйл түүний уран бүтээлд барин тавин байх ажээ.

Хендэлийн бүтээсэн их туурвилыг зөвхөн германых гэж өрөөсгөл үзэх ёсгүй, тэрээр дэлхий дахины, нийт хүн төрөлхтний ач холбогдолтой урлаг бүтээсэн бөгөөд их хөгжмийн зохиолч английг хоёрдахь эх орноо гэж хайрладаг байв. Тийм ч учраас англи улсын хүнд бэрх цагт чухам ард түмэнд зориулсан олон зохиол бичсэн бөгөөд зарим нь англи ардын дуу болон хувирсан нь ч бий билээ. Ийнхүү Хендэль германы хөгжмийн арга барил дээрээ англи, италийн хөгжмийн соёлын шилдэг чанаруудыг шингээсэн уран бүтээлч байв.

46 дуурь. Үүнд: "Альмира" (1705), "Агриппина" (1709), "Ринальдо" (1711), "Радамист" (1720), "Юлий Цезарь" (1724), "Тамерлан" (1724), "Роделинда" (1725), "Ариадна" (1739), "Мессия", "Самсон" (1742), "Иуда Маккавей" (1748) зэрэг 32 оратори, магтуунууд, орган симфони найрал хөгжимд зориулсан 18 концерт, найрал хөгжмийн 17 концерт, симфони удиртгал, чуулбарууд, (гобой) хөгжмийн 6 концерт, гурвал хөгжмийн 16 сонат, төгөлдөр, даруулт хөгжмийн чуулбарууд зэрэг олон зохиол буй.