Jump to content

Гогод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анхил сонгино

Гогод буюу Жуцай/хятадаар/(Латин: Állium ramósum) — Сараантан овогт хамаардаг олон наст өвслөг ургамал бөгөөд “Анхил сонгино” гэж нэрлэх тохиолдол байдаг. Ер нь бол сонгино сармисны олон шинж чанарыг агуулсан, тэдний адил онцлог амттай. Хүнсэнд навчийг гол төлөв сонгино сармисын адилаар хэрэглэх ба ургамлын бүх хэсгийг ашиглах боломжтой. Жишээнэ: Навчийг шууд болон давсласан хэлбэрээр салад, махан хүнсэнд нэмэлтээр ашиглах бол цэцгийг нь даршилж сармис шиг хэрэглэнэ. Бүх төрлийн мал идэх дуртай бэлчээрийн ургамал.

Тархац: Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг нутгаар тархсан. Ойт хээр ба хээрийн бүсэд голын эргийн хайрга, уулын чулуурхаг хажуу, бэл хормой, хээрийн нуга, тэгш талд ургана.

Бүтэц: 20-50 сантиметр өндөр эгц шулуун иштэй, 3-7 нарийн шовх 1-4 миллиметр өргөн навчтай. Сонгинолог булцуу нь 2-3 сантиметр урт, улаан шаравтар өнгийн торон хайрсаар хучаастай. Булцуу нь 1-3 юмуу түүнээс ч олон тоогоор хэвтээ үндэслэг ишинд бэхлэгдсэн байдаг. Цэцэг нь цагаан, цасалжин хэлбэртэй, анхилуун үнэртэй. Хонгорцог жимстэй. Үр нь хар, хавирган сар маягийн хэлбэртэй. 7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ.

Эмчилгээ: Уламжлалт анагаах ухаанд бөөр давсагны өвчинд тустай бөгөөд нойр, хоолны дуршил сайжруулахад өргөн хэрэглэгддэг.