Jump to content

Гомбоев Жамбалдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гомбоев Жамбалдорж (1897 оны 9-р сарын 10-нд төрсөн—1983 онд нас барсан) — Буриадын бурхан шашны зүтгэлтэн. 1963-1982 онд ЗХУ-ын Бурханы шашны Төвийн тэргүүн.

1897 онд Оросын эзэнт гүрний Өвөрбайгалийн хязгаарын Агийн бурядын Таптанай уулын ойролцоох Аса-Шивр гэдэг газар Бодонгут овгийн буриад ард Дамдины Гомбын гэрт төржээ. Тэрээр 1905 онд 8 настайдаа Монголын нийслэл Өргөөнд мөргөл хийж байх үеэр эцэг эх нь 13-р Далай ламд бараалхуулж байжээ. 1908 онд Агийн дацанд орж, 1918 онд гэбшийн зэрэг хамгаалаад Хандагайтын дацанд гүн ухааны багшаар очжээ. Буриадын дацан, Монголын Гандантэгчэнлин хийдэд оюун санааны авшиг хүртэх бүхий л шат дамжлагыг туулж 1930 онд Агийн дацанд эргэн ирж, гавж цол хамгаалсан байна.

1937 онд ЗСБНХУ-д шашны эсрэг хавчлагын үеэр Гомбоев хамаатан садныхаа хамт Красноярскийн хязгаарт очиж шилний үйлдвэрт ажиллаж байжээ. 1941 оны 6-р сард Аугаа эх орны дайн эхэлснээр 8 сард Улаан армид алба хаахаар цэрэгт татагджээ. Хоёр удаа шархадсан; гурван медаль ("Эр зоригийн төлөө" нэг медаль) хүртжээ. 1943 оны 4-р сард тахир дутуугийн улмаас цэргээс халагдаж, Красноярскийн хязгаар руу буцсан байна.

1947 онд Г.Жамбалдорж шинээр нээгдсэн Агийн дацанд буцаж ирэв. Дацанд "сахилга бат" сахиулах үүрэг гүйцэтгэдэг гэсгүй болжээ.

1956 онд Агийн дацангийн Дэд Хамба лам, ширээт хамбаар сонгогджээ. 1958 онд Дели хотноо болсон Бурхан багшийн 2500 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцсон байна.

1963 онд Г.Жамбалдорж 19-р Пандид Хамба ламаар ЗХУ-ын Буддын шашинтнуудын төв шашны удирдах зөвлөлийн даргаар сонгогдов. Энэ албан тушаалдаа Буриадад буддын шашныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Тэрээр Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг (1970) үүсгэн байгуулагчдын нэг, төв байр нь Монголын Гандантэгчэнлин хийдэд байрладаг тус олон улсын байгууллагын байнгын дэд ерөнхийлөгч байсан юм. Монголд Шашны дээд сургуулийг байгуулах санаачлагчдын нэг. ЗХУ-ын үед сүйрсэн сүм хийдүүдийг буцааж, сэргээхийг хүсч Иволгийн дацан цогцолборын барилгын ажлыг санаачлан зохион байгуулжээ. Энх тайвныг бэхжүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ЗХУ-ын "Ард түмний найрамдлын одон", "Хүндэт тэмдэг"-ээр шагнагджээ.

1982 онд тэрээр бие нь чилээрхэж ЗХУ-ын Буддын шашны тэргүүний албан тушаалаасаа огцорч дараа жил нь нас барсан.