Jump to content

Гомбожавын Аюурзана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хошой чин ван Гомбожавын Аюурзана 1883 онд төрсөн. Чин улсын Бадаргуулт төрийн 27-р он (1901)-д тайж болсон. 1912 онд харьяат аймгийн хан, да жанжин, олон засгуудын хуучин тамгуудыг халж, шинэ тамга цутгуулах, мөнгө хүргэх, бас Богд гэгээнд мөргөхөөр очсон учирт бэйсийн зэрэг хүртжээ.

Олонд “Харлаг бэйс” хэмээн алдаршсан нь насан багадаа хийдэд шавилж байгаад шар шувталж хар болсонтой холбоотой Сэргэлэн авхаалжтай, эрдэм номтой тайж байв. Өөрийн хөрөнгөөс ядарч зовсон лам, хар олонд өглөг их тараадаг ноён байсан гэлцдэг. Тэрбээр 1913 онд Баруун хязгаарыг тохинуулах сайдын хамтаар баруун хязгаарыг Хасгууд уугалан түвээсэнд цэрэг авч амжилттай дайтаж байжээ.
1913 оноос Зоригт ханы хошууны хэргийг эрхлэн шийтгэж, 1920 онд Автономит засгийг сэргээх асуудлаар Бээжинд очсон Монголын төлөөлөгчдийн дунд баруун хязгаарыг төлөөлөн бэйс очиж байв. 1920 онд Ховдын сайдаар тохоон томилогдож байсан. 1921 онд Мөстийн бэлчирт байгуулагдсан Баруун монголын Ардын засгийн газрын дотоод яамны сайдаар томилогдсон. 1922 онд Ховдод суух төлөөний сайдаар Гомбо-Идшин гүн томилогдсоны дараа Аюурзана бэйс Дөрвөдийн баруун чуулганы даргаар тохоогдож байсан байна.

1923-1924 онууд Монгол улсын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад чөлөө мэдүүлэн уул нутагтаа иржээ. 1928 онд “Дөрвөдийг тусгаарлах гэсэн шар Санжийн хэрэг”-т холбогдон байцаагдаж байгаад 1929 онд нас баржээ. Тэрбээр Орос хийцийн хоёр давхар байшин бариулж байсан нь одоо хүртэл Улаангом хотноо буй. Хоёр давхар байшингийнхаа хажууд хүнсний зориулалт бүхий урт цагаан байшинг ердийн тоосгоор бариулсан байдаг. Хоёр давхар байшинг Богдын өвлийн ордонтой төстэй, хэлбэр хийц нь Европ маягтай, шавар дээвэр, модон тааз, тоосгон ханатай, дээд давхарт гадны зочин гийчин буудаг, нарийн модон вандантай байсан, доод давхарт Хятад маягийн халуун ханзтай, дээд давхарт гадна талаас нь шатаар ордог, Аюурзана бэйс өөрөө хавар, намрын цагт сууж амьдардаг гэх зэргээр судлаачид тодорхойлон бичсэн байна. Дөрвөд аймагт анхны хоршоо байгуулагдахад тэрбээр орон сууцаа өгч байсан мэдээ бий.