Гомбын Сэр-Од
Гомбын Сэр-Од (1917 онд Сэлэнэ аймгийн Баянгол суманд төрсөн-1940 онд Дорнод аймагт нас барсан)- Монголын уянгын их түүчээ яруу найрагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1917 онд малчны гэрт төрж нагац ах Гомбоор овоглсон байна. Эх нь Дэжид гэж хүн байжээ. Бага байхдаа эцэггүй эх Дэжидийн хамт тачигхан аж төрж байжээ. Тэрээр 8 настайдаа Хараагийн Дара эх ламын хийд бараадан Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж бор хоногийг өнгөрөөж байсан байна.
Багын сэргэлэн Г.Сэр-Од хүү бичиг үсэгт суралцан мэрийж Баянголын сумын бага сургууль 17 настай 1934 онд төгсөөд Багшийн сургуульд суралцсан байна. “Эхийн сэтгэл” нэртэй тэмдэглэл найруулалдаа Сэлэнгэ, Хараа нутаг Гамингийн үймээнд хэрхэн нэрвэгдэж зүдэрсэн, Дарь-Эх ламын үйл ажил, Баянголын бага сургуульд орж суралцан төгссөнөө уран найруулгатай бичсэн нь буй.
ЗХУ-ын Улаан –Үд хотын Рабфак сургуулийн \ажилчны сургууль\ бэлтгэл ангид орж \Улаанбаатар хотноо\ 1934-1938 он хүртэл суралцаж төгсчээ. Энэ үеэр нэрт зохиолч Сономбалжирын Буяннэмэхээр хичээл заалгаж, ахмад зохиолч Ц.Цэдэнжавт уран зохиолоор шавь орж өөрөө уран бүтээл туурвих бичихэд авьяас билгээ сорьж байжээ.
Улмаар Хэвлэлийн хороонд хянагч хийж байгаад 1939 онд Дорнод аймгийн төвийн сургуульд багшилсан байна. Тэрээр хүндээр өвчилж 1940 онд нас барсан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Монголын уран зохиолын бүлгэмд С.Буяннэмэх нараас урмын үг сонссон залуу найрагч Сэр-Од ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь ч 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан Улаан баатар” гэдэг найраглалыг 1938 онд бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ.
Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг голлон бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжид тодорхой бий. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиолууд, гадаадын “Үүлэн бор”, “Гулливерийн аялал”, Италийн Боккачиогийн “Декамерон”, Оросын Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг роман зохиолыг уншсанаа үеийн нөхдөдөө ярьж өгдөг байжээ.
Түүний “Дөмөн” хэмээх алдарт шүлэг бичигдсэн түүх нь залуу найрагчийн сэтгэлийн догдлол долгислыг өөрийн эрхгүй илтгэдэг. Найрагч Сэр-Од “Би" 1935 оны хавар Бөмбөгөр ногоон хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дуучин Цэнд-Аюушийн Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож, сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд нь бишрэн, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулсан тул үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон” хэмээн уншигчдад өөрийн уран бүтээлийн нууцаасаа хуваалцсан байдаг.
Сэр-Одын уран бүтээлийг анзаарч байхад бодит байдал, юмс үзэгдэлд гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь ажиглагддаг.
Монголын зохиолчдын эвлэлийн нэрт яруу найрагч Гомбын Сэр-Одын мэндэлсний 50 жилийн ойд зориулж 1967 онд зохиол бүтээлийнх нь анхны түүвэр номыг хэвлэн гаргажээ.
Эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаагч Монголын уран зохиолын билэгт хөвүүн, яруу найргийн гэрэлт од Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1990 онд бий болгож анхны эзнээр Монголын мөнгөн үеийн нэрт яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ тодорч байснаас хойш Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Моломжамц, Л.Ганзул, Ц.Доржсэмбэ, Б.Золбаяр, Н.Минжинсайхан, Б.Алтанхуяг нарын дөч гаруй яруу найрагч шагнуулжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]“Өвлийн нэгэн өглөө”, “Хавар”, “Намар”, “Дөмөн”, “Хавар ба Богд уул”, “Монголын пионер”, “Тавцан дээр”, “Улирал ба би”, “Радио”, “Цэрэгт мордсон өглөө”, “Төрсөн нутгийн тухай бодол” зэрэг утга уянгат олон шүлэг бичсэн.
Ардын аман зохиолоос сэдэвлэсэн “Улаан Буйданбаатар” туульсын найраглал, “Тугалчин хүү” үлгэр өгүүллэг, “Эхийн сэтгэл” уран сайхны тэмдэглэл найруулал зэрэг бүтээл нь хэвлэгдэж байжээ.
“Намар”
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг
дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.
Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.