Ванчинбалын Гуларанс
Ванчинбалын Гуларанс | |
---|---|
Төрсөн: | 1820 он Өвөр Монгол, Зост аймаг |
Өнгөрсөн: | 1851 он |
Ажил үйл | Яруу найрагч, Орчуулагч |
Гарал үүсэл | Tайж |
Төрөл | Шүлэг, Орчуулга |
Залгамжлагч | Сүнвэйданзуй |
Ванчинбалын Гуларанс (1820 - 1851) нь 17-р зууны үеийн монголын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч юм.
Тэрээр Өвөр Монголын хуучин Зост аймгийн Түмэд баруун хошууны газрын эзэн, туслагч тайж Ванчинбалын ууган хүү болон 1820 онд төржээ. Гуларанс тухайн үедээ боловсролтой гэр бүлд хүмүүжсэн тул багаас монгол, хятад хэл бичигт сайтар суралцан, түүх, үлгэр домог уншиж, ардчилсан үзэлтэй хятадын зохиол бүтээлээс орчуулга хийдэг байжээ. Тэрээр Монголын нэрт зохиолч Ванчинбалын Инжиннашийн ах ажээ.
Тэрбээр хятадын эртний Сүн улсын (960-1279) үед феодалын дарлагч ангийн эсрэг боссон тариачдын бослогоос сэдэвлэн бичсэн "Шүй-ху-жуань" буюу монголоор "Хүйтэн уулын бичиг" хэмээх романы хагасыг гурван жил оролдон орчуулжээ. Түүний дутуу орхисон хэсгийг хожим хүү Сүнвэйданзуй залгуулан монголоор орчуулж дуусгажээ.
Гуларанс зөвхөн орчуулга хийж байсан төдийгүй орь залуу хорьтойгоосоо шүлэг голлон бичиж байжээ. Жишээ нь: 1841 онд эцгийгээ английн түрэмгийлэгчдийн эсрэг хошуу цэрэг удирдан явахад сэтгэл нь ихэд хөдлөн Түрэмгийлэгчдийг дараад ирнэ үү гэсэн эцэгтээ зориулсан шүлэг бичсэн байна. Түүнд "Энх амгаланаар хулгайг арилгаад, хойшид хандсан цагт, өвдгөөр мөлхөн угтаж, баярт нийлүүлэн мөргөе" гэж дайн дажин түргэн дуусч, энх цагийг хүссэн мөрөөдлөө илэрхийлжээ. Энэ мэтчилэн Энх төвшин, Мөрөөдөл, Цэргийн хүрээ санагдмой, Түргэнээ төвшрөхийг хүснэ, Сүрхий муухай амьтад, Цагаан хэрэм, Улсын төлөө, Өрөөсөн болжмор зэрэг олон арван шүлэгтээ харийн түрэмгийлэгчид болон дотоодын феодалуудыг ёжлон шүүмжилж, ардчилал, эрх чөлөөг дэмжсэн өөрийн хүсэл тэмүүллийг илэрхийлж байжээ.
Гуларанс эцгийгээ 1847 онд нас барсны дараа хошуу туслагчийн зэрэг хэргэмийг залгамжилсан боловч эрх ямба, албан тушаалаасаа шүлэг зохиолоо илүүтэйд үзэж байжээ. Тиймээс "Зохиол бичих" хэмээх шүлэгтээ:
- Гурван ямхын хулсыг барьж
- Эндүү ташаа бичих минь
- Гутал оймс бартал явж,
- Нэр ашиг хөөхөөс дээр
гэж бичжээ.
Түүний уран бүтээлийн ажилдаа зориулсан уйгагүй хөдөлмөрч чанар дүү нарт нь нөлөөлж хожим ард олон тэднийг нэг гэрээс төрсөн таван зохиолч хэмээн эцэг хөвгүүдийг дурссаар байна.