Jump to content

Гэлэнхүүгийн Поврон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гэлэнхүүгийн Поврон (1894 - ?) нь Монголын дуучин юм. Тэрээр хуучин Сайн ноён хан аймгийн Нар Банчин гэгээний шавь, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Цагаан тохой гэдэг газар 1894 онд малчин ард Гэлэнхүүгийн ууган хүү болон төржээ. Бага наснаасаа дуу сурахыг эрхэмлэн үзэж, нутгийн сайн сайн дуучдаар дуу заалгаж ардын дуу олныг мэддэг болж, тэр үеийн дөрвөн аймаг чуулахад түүнд уригдан дуулж байжээ. Нутгийн хуучцуул Поврон холын дуутай хүн байсан, дэргэд нь чагнахад зөөлөн хонгор дуу сонсогдож байдаг, холоос сонсох тусам улам тодорч байдагсан хэмээжээ. Поврон Өлийн булангаас Хар үзүүр хүрч явсан тэмээг тоорлоход тэмээ тэр дороо ханаран эргэж байсан гэж ярилцана. Тэр газрын багцаа нь хагас өртөө шахам газар шүү дээ. Ер нь нэг хоёр саахалтаас дуулж байх нь яг л дэргэд дуулж байх шиг сонсогдож байдагсан. Харин олон дуу мэддэг хүн байсан юм гэж нутгийнхан нь дурсан ярина. Тэрээр “Их хуур магнай”, “Өндөр сайхан бор”, “Дуртмал сайхан”, “Гайхамшигт”, “Хангайн буурал морь”, “Хошуу цагаан нутаг” зэрэг олон дууг бүрэн түрлэгээр нь дуулдаг байсны дээр хувьсгалын эхэн үед Улаанбаатар хотноо уригдан ирж, УГЖ Дорждагва, алдарт дуучин Пунцаг, Дамчаа, Гончиг нарт “Дуртмал сайхан хүрэнгийн жороо” гэдэг дуу зааж өгсөн нь одоо хүртэл манай уртын дуучид өвлөн дуулсаар байна. Поврон дуучийн шавь Пунцаг, Гончиг, Дамчаа нар “Поврон багш нарийн шуранхайндаа лимбэ шиг, дунд өнгөндөө хонгор дуутай, бүдүүн өнгөндөө их өтгөн дуулдаг байсан, одоо бодоход хоолойн чинээ нь маш өргөн бөгөөд гойд өвөрмөц дуучин хүн байсан” гэж дурсан ярьж байна.