Гүнжийн Сүхбаатар

Гүнжийн Сүхбаатар (1928 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн- 1995 онд нас барсан)- Монголын эртний "Хүннү" үеийн түүхээр дагнан судалсан гарамгай эрдэмтэн доктор.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар 1928 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт малчин ардын гэрт төржээ. Ийнхүү бага, дунд боловсрол шат дараалан эзэмшиж явсаар, 1952 онд МУИС-ыг түүхч мэргэжлээр төгссөн байна. 1959-1962 онд Бээжингийн их сургуулийн аспирантурыг дүүргэсэн.

МУИС, холбооны сургалтын төвд багш, ШУА-ийн түүхийн хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Гүнжийн Сүхбаатар түүхэн хүмүүсийн гавьяаг бахдахын хамт алдаа согогийг хайр найргүй шүүмжилж, түүхийг гоёчлон чимэлгүй, үнэн мөнөөр үлдээхээс цааргалдаггүй байв. Үнэн хэрэгтээ, монголд Гүнжийн Сүхбаатараас өөр хүннү судлалаар мэргэшсэн түүхч гарч ирээгүй юм. Социализмын үзэл суртлын нийгэмд амьдарч байсан энэ эрдэмтэн монголын түүхийн эх сурвалжийг сургалтын материалд оруулснаас болж 1980-аад онд хэлмэгдсэн юм. Түүнийг ажлаас нь хөөж, судалгаа явуулж, бүтээлээ хэвлэх эрхгүй болгож байв.

Г.Сүхбаатарын эрдмийн бүтээлийн 4 боть.2023 он

Тэр хүн арваад жилийн турш хэлмэгдэж явжээ. Гэвч түүнд билэг оюун, үл шантрах эрдэмтэн хүний ёс зүй байсан юм. Харамсалтай нь, доктор Г.Сүхбаатар 1990 он гарсны дараа удалгүй хорвоог орхисон юм.

Эрдмийн ажил[засварлах | кодоор засварлах]

Сүхбаатар нь 1960 аад оноос эхлэн монголын эртний түүхээр 20 гаруй жил дагнан ажиллахдаа сяньби, хүннү нар монгол угсаатан мөн болохыг нотлон бичсэн ганц сэдэвт “Сяньби” зохиолоо 1971 онд, “Монголчуудын эртний өвөг” зохиолоо 1980 онд туурвин тус тус хэвлэн нийтлүүлжээ. Энэ бүх судалгаа, эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнд монголчуудынхаа түүхийг хэдэн зуу мянган жилээр урагшлуулан нотолсон байна. Тухайлбал, Монгол Нирун улс зохиолдоо язгуур монголчуудын түүхийг 700-800 жилээр урагшлуулсан юм. Тэрбээр эртний улсуудын талаарх хятад сурвалж бичгийн мэдээ болон эрдэмтдийн судалгааг нягталж, нийгмийн шинжлэх ухааны талаарх онолын бүтээлд тулгуурлан Нируны түүхийн тоймыг аж ахуй, нийгэм төрийн байгуулал, соёл угсаа гарвалын үүднээс цогцолбороор судалсан байна. “Бид эх түүхээ мэдэхгүй байж, эх орноо тусгаар тогтносон улсынх нь хувьд хөгжүүлж ч чадахгүй, мандуулж ч чадахгүй. Өнгөрсөн үеийн бодит шалтгааны улмаас монголын түүхийн нэгэн үеийн бодит үнэн гуйвж, язгуур монголчууд найман зуун жилийн өмнө түүхийн тавцан дээр гарсан балчир үндэстэн шиг болоод байна” хэмээн их эрдэмтний хэлж байсан нь ийм учиртай бөлгөө.

Хятад, орос, англи хэлийг төгс эзэмшсэн. “Монголчуудын эртний өвөг Хүннү”, “Монгол Нирун улс” зэрэг шинэлэг, дорвилоц олон бүтээл туурвисан. Бүтээлийнх нь таван боть хэвлэгдсэн. Тэрбээр сайн түүхч төдийгүй сайн орчуулагчдын нэг байв.

Эрдэмтэн Г.Сүхбаатар нь мөн Рашид ад Дин "Судрын чуулган"/1311он/-ыг анх удаа монгол хэлээр орчуулалцсан хүний нэг юм.