Гүржавын Туваан
Гүржавын Туваан (1910 онд Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу, өнөөгийн Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн -1992 онд нас барсан)- БНМАУ-ын Хүний гавьяат эмч, 1950-1954 онд БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Г.Туваан нас хүртлээ эцэг, эхийн гар дээр хөдөө орон нутагт гэрийн сургалтаар бичиг үсэг сурч тал бичээчийн зиндаанд хүрчээ.
1927-1932 онд ЗХУ -д Эрхүүгийн Рабфакийн бэлтгэл болон Санхүү, эдийн засгийн рабфакийн бэлтгэл ангийг төгсөөд, уг сургууль татан буугдсан учир эх орондоо ирж Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумыг төгссөн. 1924-1927 онд Улаанбаатар хотын захиргаа, Хоршоодын холбоо, Аж ахуйн яам зэрэг газарт тал бичээч, 1932-1935 онд мал эмнэлгийн сургуулийн хичээлийн эрхлэгч, Мал, тариалангийн яаманд байцаагч, Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа сургуульдаа хэлмэрч, төв больницын түргэн тусламжид эмчээр хавсран ажиллаж байжээ. Техникумаа төгсөөд 1937-1940 онд Ховд аймгийн Булган сумын хүн эмнэлгийн салбарт бага эмч, 1940 онд Ховд хотод бага эмчээр ажиллаж, анх удаа сувилагчийн дамжааг байгуулж хичээл зааж байжээ.
1940-1943 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-т, 1950-1952 онд МУИС-д тус тус суралцан төгсчээ. Хүний их эмч мэргэжил, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч мэргэшилтэй.
1943-1947, 1952-1954 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, 1947-1950, 1954-1966 онд мөн яамны сайдаар ажилласан.
1966-1969 онд дипломат албанд шилжиж Элчин сайдаар ажилласан.
1969-1972 онд Эрүүлийг хамгаалах яамны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилласан.
Манай улсын нэр хүнд олон улсад өсч байсан 1950-иад оны үеэс эрүүлийг хамгаалахын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн чармайлт гаргасан анхны сайд байжээ 1956 онд социалист орнуудын Эрүүлийг хамгаалах яамны сайд нарын анхдугаар зөвлөлгөөнд төлөөлөгчөөр, 1960, 1961, 1965 оны зөвлөлгөөнд төлөөлөгчдийн тэргүүнээр оролцжээ. 1962 онд Швейцар улсын Женев хотноо Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын XV чуулганд Монголын эрүүлийг хамгаалахын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож, улсаа энэ байгууллагын гишүүн орон болгожээ. 1963-1965 онд ДЭХБ-ын XVI, XVII, XVIII чуулган, 1970 онд ДЭХБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийн 23 дугаар чуулган, 1970, 1971 онд ДЭХБ-ын гүйцэтгэх хорооны 45, 46 дугаар хуралдаан, 1972 онд ДЭХБ-ын чуулганы бэлтгэл ажлаар хийсэн социалист орнуудын Эрүүлийг хамгаалах яамны удирдах ажилтны зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр гурван удаа, орлогч гишүүнээр нэг удаа сонгогдож байжээ.
Тэрээр өөрийн амьдрал, ажил үйлсийн тухай “Эрүүл энхийн албанд” хэмээх дурсамжийн ном бичиж хэвлүүлжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, ойн медалиудаар шагнагджээ.
Эхнэр нь Хүний гавъяат эмч Р.Нямаа, охин Ардын жүжигчин Тувааны Цолмон.