Jump to content

Давшилт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Давшилт (Герман: Sturm) нь дайсныг бүр мөсөн бут цохиж устгах буюу олзлон авах, газар орны чухал район /зааг, обьект/-ыг эзлэн авахад оршино. Давшилт нь тасгийн байлдааны хамгийн идэвхтэй төрөл бөгөөд орон тооны болон хавсрагдсан хүч хэрэгслийн гар нийлэмжтэй хамтын ажиллагааны цогц байх ёстой.

Тасгийн давшилт гэдэг нь дайсны хүч хэрэгсэл рүү байлдааны журмаар, эрчимтэй дөхөн ойртож гал, маневр, цохилтоор бут цохин устгаж эзлэсэн байр, район, зааг, обьектыг нь булаан авах тактикийн ажиллагаа юм. Дайсны ажиллагааны шинж чанараас хамаарч, давшилт нь тулгарах байлдаан, мөрдөн хөөлтийг үүсгэж болно. Давшиж буй дайсан руу хийх давшилтыг тулгарах байлдаан, ухарч буй дайсан руу хийх давшилтыг мөрдөн хөөлт гэнэ. Давшилтын явцад дайсны эсрэг атакийг няцаах, маневр үйлдэх үед тулгарах байлдаан үүсч болно. Тулгарах байлдааны гол онцлог нь хоёр тал тавьсан зорилгоо хоёулаа давшилтаар шийдвэрлэхийг эрмэлзэх учир цагийн байдал богино хугацаанд эрс өөрчлөгдөх, байлдааны санаачлагыг авахын төлөө хичээн өрсөлдөх, бие бие рүүгээ хурдан ойртож, зах нийлсэн ойрын байлдаанд шилжих, цаг хугацааны хүчин зүйлийн роль өндөр байх явдал болно.

Тасаг нь салааныхаа бүрэлдэхүүнд тулгарах байлдааныг явуулна. Тасгийн захирагч нь тулгарах байлдаан явуулах байлдааны тушаал /команд, дохио/ авмагц, байлдааны ажиллагааг удирдан явуулах явцдаа цагийн байдлыг тогтоон, шийдвэрээ гаргаж /тодотгож/, бие бүрэлдэхүүнд үүргийг нь тодотгоно. Тасаг нь өмнө явуулж байсан байлдаанаа завсарлагагүйгээр тулгарах байлдаан болгон өрнүүлж, бүх төрлийн галын хэрэгслээр дайсныг хөнөөж, шийдвэртэй атакаар дайсныг устгана.

Давших байлдааны амжилттай өрнөлт нь мөрдөн хөөлт болон хөгжинө. Мөрдөн хөөлтийн зорилго нь дайсныг хөдөлгөөн үйлдэх явцад нь бут цохин, устгах, дараагийн ашигтай зааг дээр зохион байгуулалттайгаар гарч, эсэргүүцэл үзүүлэх боломж олгохгүй байхад оршино. Тасаг, танк нь, журам мэт, салааныхаа бүрэлдэхүүнд ажиллана. Мөрдөн хөөлт нь ухарч буй дайсныг шууд араас нь мөрдөх, зэрэгцээ маршрутаар амдан хөөх аргаар явагдана. Мөрдөн хөөлтийн үед тактикийн агаарын десантыг өргөнөөр хэрэглэнэ.

Тасаг нь давшилтын явцад дайсан ухарч эхлэхийг илрүүлмэгц энэ тухай ахлах захирагчдаа илтгэн, түүнийг бүх төрлийн зэвсгийн галаар шийдвэртэй атаклан устгаж, зохион байгуулалттайгаар маневрлах боломж олгохүй байх ёстой. Дайсныг салалгүй дагаж, гал, цохилт тактикийн бусад ажиллагаагаар түүнд тасралтгүй нөлөөлөл үзүүлэхийн тулд тасаг нь ахлах захирагчийн команд, дохио /зөвшөөрөл/-гоор, байлдааны журмаа өөрчлөн, мөрдөн хөөлтөнд шилжинэ. Юуны өмнө, дайсны арын хаалт, халхлах салбарыг шийдвэртэй атакаар устгах буюу тойрон гарна. Дайсныг цуваанд журамлаж хөдөлгөөнөө зохион байгуулалттай эхлэхээс өрсөн алсын тусгалтай зэвсгийн галаар хөнөөж, түүнийхээ үр дүнг ашиглан шийдвэртэй атаклана.

Мөрдөн хөөлтийн явцад дайсныг газар орны бартаа, намаг, усан саад, уулын хавцал зэрэг рүү шахах, гүүр, гарц, гарам, замын нарийссан хэсэг, хөтөл давааг өрсөн эзлэж, түүнийг ашиггүй байдалд хүчээ задлан байлдаанд орохыг албадан, зохион байгуулалттай ухралтыг нь тасалдуулахыг эрмэлзэх ёстой. Тасаг нь давшилтанд дайсантай шууд зах нийлсэн байдлаас буюу явдлаас шилжинэ. Дайсантай шууд зах нийлсэн байдлаас давшилтанд шилжих үед тасаг нь дайсанд үзүүлсэн галын хөнөөлийн үр дүнг ашиглан, өөрийн хориглолтын байр траншейнаас захирагчийн команд /дохио/-аар үсрэн гарч, эрчимтэй урагшлан давшилтаа эхлэнэ. Харин танк нь мотобуудлагын салбарын давшилт эхлэмэгц тэдний байлдааны журам /гинж/-ын дундуур урагшаа гарч, тэднийг хуяг, галаараа халхлан эрчимтэй урагшлана.

Явдлаас давшилтанд шилжих үед тасаг нь салааны бүрэлдэхүүнд эхлэх байрнаас цуваагаар хөдөлгөөн үйлдэж, салааны цуваа, машины шугаманд дэс дараалан шилжин хүч задлана. Дайсны хориглолтын өвөр эгнээний өмнө, тэдний буудлагын зэвсгийн ашигтай тусгалын гадна зайд сонгон авсан далд газарт явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-аас явгалан байлдааны журам /гинж/-д орж, давшилтаа эхлэнэ. Давшилтын явцад тасгийн бие бүрэлдэхүүн нь хүчээ бүрэн дайчилж, өдөр шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд давшилтыг завсарлагагүй, эрчимтэй явуулж, зэргэлдээ салбаруудтай нягт харилцан ажиллагаатайгаар хориглож байгаа дайсныг устгах ёстой. Атак нь дайсныг устгах, бут цохих зорилгоор танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ы хүчтэй гал, харин дайсанд ойртох тутам бусад төрлийн зэвсгийн галыг, байлдааны журамд орсон танк, мотобуудлагын салбаруудын эрчимтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй хослуулан урагшлах явдал юм. Атаклах заагийг дайсны хориглолтын өвөр эгнээнээс өмнө, тэднийг буудлагын зэвсгийн ашигтай тусгалаас гадна байхуйц зайнд сонгон авна. Тасгийн бие бүрэлдэхүүн, танк нь тогтоосон цагт атакийн заагт нэгэн зэрэг гарах ёстой Давших байлдааны үүргийг тасгийн захирагчаасаа аваад, тэрээр тэмдэгтүүд, дайсны байрлал, бүрэлдэхүүн, ажиллагааны шинж чанар, түүний галын хэрэгслэлүүдийн байрлал, салаа, тасгийн болон өөрийн үүрэг, тасгийн гинжэн дэх өөрийн байр, устгах цель, гал явуулах журам,тасгийн араас нь даган давших танкийн дугаар, таних тэмдэг, түүнтэй харилцан ажиллах журам, тэрчлэн, их буу бусад галын хэрэгслэлийн галын үр дүнг ашиглах журам, ЯЦБМ /хуягт тээвэрлэгч/-аас явгалах байр ба журам, саадуудыг туулах журам, зарлан мэдээлэх ба удирдлага, харилцан ажиллагааны дохионууд, давшилтад бэлэн болох цагийг судлан мэдэж авна.

Цэргийн алба хаагчийн давшилтын амжилт нь түүний давшихад хэрхэн бэлтгэснээс ихээхэн хамаарна. Давшилтад бэлтгэх үедээ, цэргийн алба хаагч нь хувийн зэвсгийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, байлдаанд бэлтгэх, сум галт хэрэглэлээ шалгах /шаардлагатай бол нөхөн хангуулах/, нэг бүрийн хамгаалах хэрэгслэлийн байдлыг үзэх, нуувч, холбох шуудууны хананд хурдан үсрэн гарахад шаардагдах дөрөөлөх гишгүүр, нүх гарах арга хэмжээ авна. Шөнө давших үед цэргийн алба хаагч нь, дээрхээс гадна, хөдөлгөөн үйлдэх чиглэлийнхээ газар орныг судалж, шөнийн цагт тэмдэгт, баримжаа болохуйц юмсыг цээжлэн тогтоож, хөдөлгөөн үйлдэх чиглэлийн зүглэлийг тогтооно. Шөнийн хараа хэрэгслэлтэй цэргийн алба хаагч түүнийгээ шалгаж, зохих тохируулага хийнэ. Харанхуй цагт гал засварлах, цель заах зорилгоор сумны магазин, хүхээгийг гэрэлт сумаар цэнэглэнэ. Танкууд давшилт эхлэх заагт гармагц, “Тасаг, атаканд БЭЛТГЭ” командаар цэргийн алба хаагчид нь буугаа дүүрэн сумтай магазинаар цэнэглэж, гранатаа ашиглахад бэлтгэн, буундаа жадаа угсарч, бууныхаа харааг “П” буюу “3” дээр тавьж, бусад тоног хэрэгслэлээ биедээ хөдөлгөөнд саад болохооргүй бэхэлнэ.

Танкууд өнгөрөн гармагц цэргийн алба хаагч нь нуувчны хананд гаргасан дөрөөг дөрөөлж, гараараа нувч, холбох шуудууны ирмэг дээр дарж, нэн даруй үсрэн гарахад бэлтгэнэ. Энэ үед дайсныг хянах ажиллагаагаа тасалдуулж болохгүй. “Тасаг, атаканд УРАГШАА” командаар цэргийн алба хаагчид нь нуувч, холбох шуудуунаас нэгэн зэрэг үсрэн гарч, тасгийн гинжэнд орон, танкийн араас гүйлт болон хурдавчласан алхмаар урагшилна. Урагшилж байгаа цэргийг ЯЦБМ /хуягт тээвэрлэгч/-ууд галаараа дэмжинэ. Тасгийн гинжинд хөдөлгөөн үйлдэх явцдаа цэргийн алба хаагчид нь хоорондоо зэрэгцэн, тогтоосон завсрыг барьж явах ба өөрийнхөө галаар илэрсэн дайсан, юуны урьд, түүний танк эсэргүүцэх хэрэгслэлийг устгана. Хэрвээ шаардлагатай бол тасгийн хөдөлгөөн үйлдэхэд саад болж байгаа целийг танкад тогтоосон журмаар заана. Дайсны эзэлсэн нуувч, холбох шуудуунд 30-35 м ойртоод, гар гранатаа түүн рүү шидэн, хөдөлгөөнөө удаашруулалгүйгээр үлдсэн зайг “уухай” хашгиран дайран туулна. Өвөр эгнээнд үлдсэн дайсны цэргийг тулган буудах,гар гранатаар болон гардан байлдаанаар устгаж, дайсны холбох шуудуун дээгүүр харайн гарч, заасан чиглэлд хөдөлгөөнөө зогсолтгүй үргэлжлүүлнэ. Атакийн явцад цэргийн алба хаагч нь явдлаас ба түр зогсолтоос явуулах гал, тулган буудах, гар гранат хаях, жадлах, бууны мөрлөгчөөр цохих зэрэг бололцоотой бүх аргаар дайсныг устгана.

Дайсны хориглолтын өвөр эгнээний өмнөх саадыг цэргийн алба хаагчид нь түүнд гаргасан гарцаар, тасгийнхаа бүрэлдэхүүнд, танкийн араас 1 ба 2-ын цуваагаар өндөр хурдаар гүйн туулна. Үүний тулд, сааданд гаргасан гарцад тасаг дөхөж ирмэгц, тасгийн захирагчийн “Тасаг, нэгийн /хоёрын/ цуваагаар, миний хойноос – УРАГШАА” командаар цэргийн алба хаагч нь тасгийн цуваан дахь байраа гүйн эзэлж, саадыг туулан гарна. Энэ үед саатан удаашрах, бөөгнөрөх байдал гаргаж болохгүй. Учир нь дайсан галаараа үлэмжхэн хохирол учируулах аюултай юм. Саадыг туулсны дараа тасгийн захирагчийн “Тасаг, тийм чиглэлд байлдаанд- Урагшаа” командаар цэргийн алба хаагчид нь тасгийн гинжэн дэх байраа эзэлж, атакаа эрчимтэйгээр үргэлжлүүлнэ.

Атаклах объектыг эзлэн авсны дараа цэргийн алба хаагч нь бусад цэргүүд болон танк, ЯЦБМ /хуягт тээвэрлэгч/-тай харилцан ажиллагаатайгаар давшилтаа тасралтгүй үргэлжлүүлнэ.