Данзангийн Дугарсүрэн
Данзангийн Дугарсүрэн (1925 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн- 2024 оны 3-р сарын 11-нд нас барсан)- Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн. 1961 оны Урлагийн гавьяат зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1939-1941 онд Улаанбаатар Уран сайхны сургуульд суралцан Төв театрт хөгжимчнөөр ажиллах болжээ.
1941 оноос Төв театрт ажиллахдаа морин хуур, хуучир, кларнет хөгжмийн зэмсгүүдийг бие даан сурч, нэгдүгээр зэргийн хөгжимчин болсон бөгөөд Дэлхийн Залуучууд Оюутны III,IV их наадамд амжилттай оролцож тусгай шагнал хүртжээ.
Тэрбээр 1958-1968 онд МАХН-ын Төв Хороо, Соёлын Яамны шийдвэрээр МАА-ийн Дуу Бүжгийн Ансамблийн дарга, Уран сайхны удирдагчаар томилогдон Орос ардын домбра, найраг баян хуур хосолсон хуучин бүрэлдэхүүнийг ардын болон үлээвэр найрал хөгжимтэй Холимог найрал найрал хөгжим болгон өөрчлөн зохион байгуулж, цэргийн ансамблийн нүүр царай, найрал хөгжмийн дуугарах хөг аялгууг жинхэнэ Монгол төрхөнд оруулж, чанарын өөрчлөлт, шинэ дэвшилд хүргэсэн түүхэн гавьяатай хөгжмийн зохиолч, удирдаач билээ.
1969 оноос Соёлын Яаманд мэргэжилтнээр ажиллаж ЗХУ, БНАГУ, БНСЧСУ, Литви, Украин, Беларусь, Узбекстан, Казакстан, Тажикстанд айлчлан тоглох тоглолтын хөтөлбөрүүдийг найруулан зохион байгуулж. Монголын уран бүтээлчдийн ая дууг дэлхийн үзэгч түмэнд хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]1953 онд бичсэн “1921 оны хувьсгал” симфони удиртгал нь манай анхны бие даасан симфони удиртгалуудын нэг хэмээн үздэг. Түүний уран бүтээлийн урын санд “Монголын үзэсгэлэнт саран гоо” симфони вальс, “Сонсогчид өөрсдөө нэр өг” симфони уран сэтгэмж, “Гэм нь урдаа” уран сайхны киноны хөгжим, “Ардын цэргийн алдар бадартугай” магтуу, “Бодол” хийл босоо ятгын хоршил, “Эх орны өглөө” лимбэ ёочингийн хоршил, “Алтан соёмбо гялалзаж байна”, “Тэнүүн хорвоод мөнхөжсөн юм”, “Баян намар”, “Цэргүүд дуулж байна”, “Хуримаа хийчихсэн байх болов уу?”, “Цэргийг хүлээ”, “Битгий мартаарай”, “Холын чамдаа”, “Сайхан чамайгаа байхад”, “Хархан нүд” зэрэг 100 гаруй найрал болон гоцлол дуу, “Бэлчээр дээр”, “Залуучууд”, “Аягатай дүрвэд”, “Холбоочин”, “Шинэ цэрэг”, “Дуулан бүжиглэе”, “Цэргийн золбоо”, “Уулзалт”, “Торгууд бүжиг” зэрэг 50 гаруй концертын бүжгийн хөгжмүүд багтдаг.
Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан зохион байгуулсан Алтан намар-2006 хөгжмийн наадамд “Та нэрлэх ажаамуу” симфони өгүүлэмжээр оролцон Тусгай байрын шагнал хүртжээ. 1994,2006, 2007 онуудад өөрийн уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа хийж “Цэргийг хүлээ” дууны түүврээ хэвлүүлсэн юм.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монголын болон цэргийн соёл урлагийг хөгжүүлэх үйлст оруулсан түүний гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлэн “Алтан гадас одон” 2 удаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Байлдааны хүндэт медаль”, Улс хувьсгалын болон АА-ийн ойн медалиуд, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, БНСЧСУ, БНАГУ, ЗХУ-ын Найрамдлын болон ойн медалиуд, МХөЗХ-ны шагналаар шагнаж улмаар 1961 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртээжээ.