Jump to content

Данзан Тундутов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Данзан Давидович Тундутов (1888-1923 оны 8 сарын 7) нь Халимагийн Чорос удмын ноён, Жамба тайж Тундутовын ач хүү. Тэрээр Дэлхийн 1-р дайнд оролцож Оросын иргэний дайны үед Астраханий казак цэргийн атаман /удидагч/ байсан бөгөөд большевикуудын эсрэг Өмнөд Поволж дахь Цагаантны хөдөлгөөнд халимаг Бадма Уланов, Абуша Алексеев, Азман Батырев нарын хамт идэвхтэй оролцогч байсан байна.


Тэрээр 1888 оны 7-р сарын 12 (24)-нд төрсөн. 1900 оны 11-р сарын 7-ноос Москва дахь язгуурнуудын хүүхүүд сурдаг Катковский лицейд сурч 1906 онд төгсөөд 1908 он хүртэл Санк-Петербургийн цэргийн сургуульд сурчээ. Улмаар морин цэргийн ангид офицер болсон байна. Дэлхийн 1-р дайны эхэн үед германы фронт дахь цэргийн Дээд командлагчийн туслахаар ажилласан байна.

1917 оны 3-р сарын 25-26-нд Астрахань хотод болсон Халимагийн ард түмний анхдугаар их хурлаар ноён Данзан Тундутовыг Халимагийн тал нутгийн удирдах гол байгууллага болох Халимагийн гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгов. Тэрээр хаант засаглалын талд байгаагаа ил тод зарлаж, их хурлын үеэр большевикыг дэмжигч далайчид, цөллөгч цэргүүдэд хааны суртал ухуулга явуулсны төлөө баривчлагдсан боловч дараа нь халимагуудын тусламжтайгаар суллагджээ.

1917 оны 5-р сарын 16-нд Данзан Тундутов Халимагийн төр нийгмийн зүтгэлтэн Номто Очировын хамтаар Халимагийн ард түмнийг удирдах төв хороог төлөөлөн Оросын Түр засгийн газарт эсэргүүцэл илэрхийлж, Санкт-Петербургт очсон ажээ. 146 жил Халимагийн ард түмний засаг захиргааны хуваагдал, өөрөөр хэлбэл 1771 он хүртэл хуучин тусгаар тогтносон Халимагийн хаант улсын газар нутгийг Астрахань муж, Ставрополь муж, Донын армийн муж хооронд хувааж, Оросын бүрэлдэхүүнд автономит Халимагийн бүрэлдэхүүн байгуулах санал хүргүүлсэн ажээ.

1919 онд атаман Данзан Тундутов цагаантны армийн дэд удирдагч Антон Деникинтэй зөрчилдсөн тул түүнийг албан тушаалаас нь хүчээр зайлуулжээ. Улмаар 1923 онд Тундутов улаантнуудад баригдаж, 1923 оны 8-р сарын 7-нд буудуулан нас баржээ.