Jump to content

Даши Намдаков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Намдагийн Дашням

Даши Намдаков буюу Намдагийн Дашням (бур. Намдагай Бальжаанай Дашанима; орос. Даши́нима Бальжанович Намдако́в, 1967 оны 2-р сарын 16-нд ЗХУ-ын БН Буриад Улсын Чита мужийн Укурик тосгонд төрсөн) —буриад гаралтай оросын барималч, график зураач, үнэт эдлэлийн дархан, дизайнер. 2011 оноос Оросын Урлагийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, 2020 онд Оросын Урлагийн Гавьяат зүтгэлтэн.

Даши Намдаков ЗХУ-ын Өвөрбайгалийн Буриадын Укурик тосгонд төрсөн. Тэрээр эцэг Намдагийн Балжин, эх Намдагийн Будханд хоёрын 8 хүүхдийн зургаа дахь хүүхэд болж төржээ. Эцэг - Балжан Намдаков, нэрт ардын урлалын дархан, зураач, буддын шашны уран баримал, модон сийлбэр, хивс нэхэх зэрэг ажил эрхэлдэг байжээ.

Тэрээр эцэг, эхийнхээ нэгэн адил бурханы шашинтан бөгөөд 7 нас хүртлээ орос хэл мэдэдгүй байсан байна.

Даши Намдаков Улаан-Үд хот дахь Буриадын уран барималч Геннадий Васильевын урланд ажиллаж эхэлжээ.

Тэрээр Москвагийн Улсын Урлагийн Эрдмийн Сургуульд элсэн орсон боловч шалгалтанд тэнцэж чадалгүй Новосибирскийн Барилгын Институтын архитектурын факультетэд элсэн ороод уран баримлын чиглэлээр суралцах ёстой гэдгийг ойлгосон тул төгсөлгүй дундаас нь гарчээ.

1988 онд Красноярскийн Улсын Урлагийн дээд сургуульд элсэн орж, зураач, уран барималч Лев Головницкий (Ленинградаас Сибирьт багшлахаар ирсэн), Юрий Ишханов, А.Х.Баярлин, Е.И.Пахомов нараар хичээл заалгаж суралцсан байна.

Чингис хааны хөшөө, Лондон

Даши 1992 онд дээд сургуулиа төгсөөд Улаан-Үд хотод буцаж ирээд үргэлжлүүлэн ажилласан. Энд тэрээр жижиг (хэдэн хавтгай дөрвөлжин метр) үнэт эдлэлийн цех нээсэн бөгөөд эртний булшнаас олдсон олдворуудаар загварчлагдсан баримлын эдлэл хийдэг байв. 2000 онд Даши Намдаковын анхны хувийн үзэсгэлэн Эрхүү хотод зохиогдсон бөгөөд энэ нь хамгийн өндөр үнэлгээ авч, түүнийг алдаршуулсан юм.

2012 оны 4-р сарын 14-нд Лондон хотноо Даши Намдаковын бүтээсэн "Чингис хааны хөшөө"-г суурилуулжээ.