Дмитрий Покотилов
Дмитрий Дмитриевич Покотилов (1865—1908) нь Оросын дипломат. Хятад дахь Элчин сайд.
1865 оны 8 дугаар сарын 1 (13) -нд Хаант Оросын Санкт-Петербург хотод цэргийн барилгын инженер, хожим Санкт-Петербургийн Думын гишүүн, хошууч генерал болсон Дмитрий Викторович Покотиловын гэр бүлд төрсөн.
Тэрээр 1878-1883 онд Санкт-Петербургийн филологийн хүрээлэнгийн “Филологийн гимнази”-д суралцаж мөнгөн медальтай төгссөн.
1887 онд Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетэд суралцаж төгсөөд Хаант Оросын Гадаад харилцааны яаманд алба хашиж байгаад Хятадад ажиллахаар томилогдож байжээ.
1893 онд тэрээр Сангийн яамны албанд шилжиж, Япон, Солонгосыг хариуцсан хэлтсийн дарга болсон байна.
1894 оны зун Төмөр замын барилгын туршлагыг судлуулахаар түүнийг Канад руу илгээжээ.
1895 онд "Орос-Хятадын банк" байгуулагдахад Д.Покотилов энэ банкны Бээжин дэх салбарын захирал болж, шинэ байгууллагыг газар дээр нь зохион байгуулахаар дахин Хятад руу томилогдсон байна. 1897 оны 1 дүгээр сараас Хятад дахь Сангийн яамны албан ёсны төлөөлөгч, Ерөнхий сайд С.Ю.Виттегийн хамгийн ойрын хамтрагч, түүний Алс Дорнод дахь "нүд чих" болж байсан гэдэг. 1897 оны 6 дугаар сард тэрээр Хятадын хүдрийн нөөцийг хөгжүүлэх синдикатын удирдах зөвлөлд орж, мөн оны 10 дугаар сард Сөүл дэх "Орос-Солонгосын банк- болон "КВЖД" нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн болов. Тэрээр Хятадын Зүүн төмөр зам ба Порт Артурын статусын талаар Ли Хун Жантай хийсэн хэлэлцээнд идэвхтэй оролцсон.
1900 онд Бээжинд амьдардаг европчуудын нэгэн адил тэрээр Элчин сайдын яамдыг бүсэлсэн "боксчдын бослого"-ын дайралтаас амьд үлдэж чадсан.
1905 онд Хятадад суугаа ОХУ-ын элчин сайд П.М.Лессарыг нас барсны дараа тэрбээр Элчин сайдаар томилогдсон байна. Портсмутын энхтайвны бага хуралд "Манжуур дахь Оросын төмөр зам болон бусад аж ахуйн нэгжүүдийн төлөө" төлөөлөгчөөр оролцсон ажээ.
1908 оны 2-р сарын 23-нд Бээжинд нас барсан. Түүний Хятад дахь Элчин сайдын ажлыг И.Коростовец хүлээн авсан байна.
Хятад хэлтэй Д.Покотилов Алс Дорнодын талаарх түүх, улс төр, эдийн засгийн "Минь гүрний үеийн Зүүн Монголчуудын түүх. 1368-1634 онууд. Хятад эх сурвалжаас" зэрэг бүтээлүүд гаргасан байна.