Дуайт Эйзенхауэр
Дуайт Дэвид Эйзенхауэр (англи. Dwight David Eisenhower, Айзенхауэр гэж дууддаг; 1890 оны 10-р сарын 14-нд АНУ-ын Техас мужийн Денисон хотод төрсөн- 1969 оны 3-р сарын 28-нд АНУ-ын Вашингтон хотод нас барсан) -америкийн төрийн болон цэргийн зүтгэлтэн, Армийн генерал (1944), АНУ-ын 34 дахь Ерөнхийлөгч (1953-1961).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дуайт Эйзенхауэр Техас мужийн Грэйсон дүүргийн Денисон хотод Дэвид Эйзенхауэр, Айда Стровер Эйзенхауэр нарын гэр бүлд төржээ. 1891 онд гэр бүл ажил хайж Канзас мужийн Абилин руунүүжээ. Тэрээр 1909 онд ахлах сургуулиа төгссөн. Үүний дараа тэрээр 1911-1915 онд Вест Пойнт дахь цэргийн академид суралцсан байна.
Тэрээр Абрахам Линкольны үйл ажиллагааг маш их судалж, үг хэлэхдээ түүнийг байнга иш татдаг, тэр байтугай түүний хөргийг нь зурдаг байжээ. Эйзенхауэр аппаратынхаа ажилчдын хөрөг зургийг гэрэл зураг харж зураад сайн ажилласаных нь шагнал болгон бэлэг болгож өгдөг байжээ.
Дуайт Эйзенхауэрын эцэг Дэвид нь шашны хавчлагаас зугтаж 1841 онд Германаас АНУ-д цагаачилсан Ханс Николас Эйзенхауэрын гэр бүлээс гаралтай байна. Дуайтын эх Айда ч мөн адил Христийн шашинтай гэр бүлд төрж өссөн байна.
Дэлхийн нэгдүгээр дайны үе
[засварлах | кодоор засварлах]1917 оны 4-р сарын 6-нд АНУ Германд дайн зарласаны дараа Эйзенхауэр цэргийн цол дэвшиж ахмад болсон байна. 1917 оны 4-р сарын 1-ээс тэрээр Техас мужийн Леон Спрингс хотын Сан Антонио хотын захад 57-р явган цэргийн ангид байж хилийн чанадад илгээхээр бэлтгэгдэж байв. 1917 оны 9-р сарын 20-нд түүнийг Жоржиа мужийн Форт Оглетхорн дахь офицерын бэлтгэлийн хуаранд зааварлагчаар илгээв. Үүний дараа янз бүрийн хуаранд хэд хэдэн томилгоо хийсэн. 1918 оны 6-р сарын 18-нд танкчдыг амжилттай сургасан тул медалиар шагнуулж, хошууч цол хүртжээ. Тэрээр фронт руу илгээх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан боловч Европ руу илгээхийн хэдхэн хоногийн өмнө Германтай эвлэрэх гэрээ байгуулсан байна.
Дайны дараа 1922-1925 онд АНУ-ын эзлээд байсан Панамын сувагийн орчим алба хаасан байна.
1929-1933 онд Батлан хамгаалахын сайдын албанд ажиллаж байжээ.
1933-1935 онд Армийн штабын дарга генерал Д.Макартурын туслахын үүрэг гүйцэтгэсэн. Үүний дараа тэрээр 1939 он хүртэл Филиппинд алба хаасан. 1941 оны 3-р сараас 12-р сар хүртэл АНУ-ын 3-р Армийн штабын дарга байв. Үүний дараа тэрээр хурандаа, бригадын генерал цол тус тус хүртжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үе
[засварлах | кодоор засварлах]1941 оны 12-р сарын 7-нд АНУ дэлхийн хоёрдугаар дайнд татан оролцов. Дайны эхэн үед Эйзенхауэр генерал Жорж Маршаллын толгойлсон армийн штабын Дайн ба үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтэст удирдах албан тушаал хашиж байв. 1942 оны 11-р сараас 1943 оны 10-р сар хүртэл Эйзенхауэр Хойд Африк, Сицили, Итали дахь довтолгоонд Холбоотны хүчний штабыг удирдаж байв. Дараа нь Эйзенхауэр Европ дахь холбоотны дээд командлагчаар томилогдсон бөгөөд 1944 оны 6-р сарын 6-нд Англо-Америкийн цэргүүдийн Нормандын десантыг удирдаж байжээ.
1944 оны арванхоёрдугаар сард армийн генерал цол хүртжээ. Дайн дууссаны дараа тэрээр Зөвлөлтийн маршал Георгий Жуковтой найрсаг харилцаатай байсан байна.
1945 оны 11-р сараас 1947 оны 2-р сар хүртэл АНУ-ын Армийн Штабуудын даргаар ажилласан байна.
Цэргийн албанаас чөлөөлсөний дараа Эйзенхауэр жилийн 20 мянган долларын цалинтай Армийн генерал цолыг насан туршдаа хадгалах тусгай шийдвэр гарч байжээ.
НАТО
[засварлах | кодоор засварлах]1950 оны 12-р сарын 18-нд Эйзенхауэртай Ерөнхийлөгч Харри Трумэн утсаар ярьж, Эйзенхауэрыг НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид энэхүү цэргийн байгуллагын тэргүүнээр томилох тухай санал нэгтэй байгаа гэдгийг хэлжээ. 1951 оны 1-р сарын 7-нд тэрээр НАТО-гийн хуурай газар, тэнгис, агаарын цэргийн хүчийг удирдахаар Парисын "Асториа" зочид буудалд иржээ. Тэрээр Фельдмаршал Монтгомериг НАТО-гийн хүчний ерөнхий командлагчийн орлогчоор урьсан байна.
Ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Ричард Никсоныг авлигын хэрэгт буруутгагдаж 1952 оны Бүгд найрамдах намын сонгуулийн кампанит ажилд гэнэтийн бөгөөд хүчтэй цохилт болжээ. Гэсэн хэдий ч Никсон Эйзенхауэрын итгэлийг хүлээсэн - энэ нь Никсон бүх найман жилийн турш Ерөнхийлөгч Эйзенхауэрын захиргаанд дэд ерөнхийлөгч байсан бөгөөд Никсоны охин Эйзенхауэрын ач хүүтэй гэрлэсэн нь нотлоддог байна. Санал хураалтын үр дүнд Эйзенхауэр 531 сонгогчийн 442 нь, нийт иргэдийн 55 орчим хувийн санал авч, Ардчилсан намын Адлай Стивенсоныг 6.5 сая саналын зөрүүгээр ялжээ.
Эйзенхауэр засгийн эрхэнд гарсны дараа Солонгосын дайныг дуусгасан. Үүнээс өмнө тэрээр БНАСАУ-ыг энхийн гэрээ байгуулахыг ятгахын тулд 1953 онд Окинава руу хоёр атомын бөмбөг тээвэрлэх тушаал өгч байжээ. Эйзенхауэр ерөнхийлөгчийн гавьяа нь "Америкийн бус үйл ажиллагааг мөрдөн шалгах комисс"-ын ажлыг зогсоох, Маккартиизм (зүүн үзэл баримтлалын төлөө хавчлага) зогсоох, сенатор Маккартигийн нэр хүндийг унагасан явдал юм. Ерөнхийлөгчийн чухал гавьяа бол 1956 онд холбооны хууль тогтоомжийн актыг баталснаар АНУ-ын муж хоорондын авто замын системийг барих ажлыг зохион байгуулжээ.
Эйзенхауэр хоёр удаа - 1955 онд Женевт, 1959 онд АНУ-д Зөвлөлт-Америкийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ. ЗХУ-ын дарга, ЗХУ-ын засгийн газрын тэргүүн Никита Хрущевын АНУ-д хийсэн албан ёсны айлчлал 1959 оны 9-р сарын 15-аас 27-ны хооронд болсон бөгөөд үүний үр дүнд талуудын байр суурь мэдэгдэхүйц ойртсон юм. Германы асуудал, ЗСБНХУ, АНУ-ын хооронд улс төрийн гэрээ байгуулах, худалдаа, эдийн засгийн харилцаа, бүх нийтийн болон бүрэн зэвсэг хураах тухай ЗСБНХУ-ын санал, цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох тухай, БНХАУ-ын төлөөлөгч НҮБ болон Тайваний эргэн тойрон дахь нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцсн байна.
Сүүлийн жилүүд
[засварлах | кодоор засварлах]1960 онд Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож Эйзенхауэр Цагаан ордныг орхисоны дараа улс төрөөс гарч, амьдралынхаа сүүлийн жилүүдийг Пенсильвани мужийн Геттисбург хотын ойролцоох фермд өнгөрүүлжээ. 1968 оны 5-р сард тэрээр дөрөв дэх удаагаа зүрхний шигдээсээр өвчилж, түүнийг Вашингтон дахь Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. 1969 оны 3-р сарын 28-нд Дуйат Эйзенхауэр нас баржээ.
Дурсамжуд
[засварлах | кодоор засварлах]- Eisenhower, Dwight D. Crusade in Europe. — 1948.
- Эйзенхауэр Д. "Европ руу хийсэн загалмайлсан аян"
- Eisenhower, Dwight D. Mandate for Change, 1953–1956. — 1963.
- Eisenhower, Dwight D. The White House Years: Waging Peace 1956—1961. — Doubleday and Co, 1965.