Харри Трумэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Харри Трумэн
Harry S. Truman
Харри Трумэн

Бүрэн эрхийн хугацаа: 1945 оны 4 сарын 12 – 1953 оны 1 сарын 20

Төрсөн: 1884 оны 5 сарын 8
Ламар, Миссури, АНУ
Нас барсан 1972 оны 12 сарын 26
Канзас-Сити, АНУ
Улс төрийн нам: Ардчилсан Нам
Гарын үсэг Harry S. Truman signature.png

Харри С.Трумэн (англ. Harry S. Truman, * 1884 оны 5-р сарын 8-нд АНУ-ын Миссури мужийн Ламар хотод төрсөн- 1972 оны 12-р сарын 26 Канзас-Сити нас барсан) -АНУ-ын улс төрийн зүтгэлиэн бөгөөд Ардчилсан Намаас нэр дэвшин 1945-1953 оны хооронд Америкийн Нэгдсэн Улсын 33 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Түүний өмнө тэрбээр 1935-1945 оны холбооны муж улс Миссуриг төлөөлөн Сенатад сууж байснаа ерөнхийлөгч болохынхоо өмнөхөн богино хугацаанд 1945 оны 3-р сарын 4-нөөс 4-р сарын 12-ны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр бас ажиллаж байсан.

Харри Трумэн өмнөх Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн "Шинэчлэлийн зам"-ын үзэл санааны дагуу нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлсэн. 1945 онд Японы эсрэг атомын зэвсэг хэрэглэхээр шийдвэр гаргаж байсан Ерөнхийлөгч.

Намтар[засварлах | кодоор засах]

Трумэн 1884 оны 5-р сарын 8-нд Миссури мужийн Ламар хотод фермерийн аж ахуй эрхлэгч Жон Андерсон Трумэн болон Марта Эллен Трумэн нарын ууган хүү болж төрсөн. Тэрээр Жон Вивиан (1886-1965) эрэгтэй, Мэри Жэйн (1889—1978) эмэгтэй дүүтэй байсан.

Тэдний гэр бүл олон удаа нэг газраас нөгөө рүү нүүж, Харри 6 настай байхад нь Миссури мужийн Индепенденс хотод суурьшсан байна. Харри 8 настайдаа сургуульд сурч, хөгжимд дуртай (15 нас хүртлээ төгөлдөр хуур тоглодог байсан), ном уншиж, түүхийн хичээлд дуртай байжээ. Сургуулиа төгсөөд Харри коллежид орсон боловч ганцхан семестр сурсны дараа сургуулиа орхиж ажил хайхаас өөр аргагүй болжээ. Тэрээр төмөр замд, редакцид, банкны ажилтан, хөдөө аж ахуйн ажилтан зэрэг олон төрлийн ажил хийж байжээ.

Харри залуудаа Вэст-Поинтын цэргийн академид сурах мөрөөдөлтэй байсан боловч хараа муутай байснаас хүслээ биелүүлж чадаагүй байна. Гэвч 1905 онд эмнэлэгийн үзлэгийн эмчийг хуурч байгаад Миссури мужийн Үндэсний цэрэгт орж чаджээ. Канзас ситид их бууны ангид 6 жил алба хааж капрал буюу ахлах ахлагч болсон байна.

Дэлхийн 1-р дайн[засварлах | кодоор засах]

залуу Харри Трумэн

1917 онд АНУ дэлхийн 1-р дайнд ороход Трумэн Үндэсний цэрэгт эргэн орж офицер цол авчээ. Тэрээр Франц руу явахаас өмнө Оклахома дахь Форт Силл баазад цэргийн сургалтад хамрагдсан. Трумэн 1918 оны дундуур экспедицийн хүчний нэг хэсэгт багтан Европ руу явж 35-р явган цэргийн дивизийн 60-р бригадын 129-р хээрийн артиллерийн дэглэмийн их бууны батерейг удирдаж байжээ. Восж, Сент-Миэлийн ойролцоо, Аргонн ойд тулалдаанд оролцсон. Трумэн батерейг удирдаж байх хугацаанд түүний нэг ч цэрэг нас бараагүй байна. 1919 оны 4-р сард цэргээс халагдсаны дараа ахмад цолтой тэрээр Элизабет Уоллес Фермантай гэрлэжээ. Тэрээр бизнест орж хүчээ үзсэн боловч 1922 оны хямралын үеэр түүний бизнес дампуурчээ.

Улс төр[засварлах | кодоор засах]

Харри Трумэний улс төрийн карьерын эхлэл нь Канзас хотын захирагч, Миссури дахь АНУ-ын Ардчилсан намын штабын дарга Том Пендергасттай нягт холбоотой. Түүний дэмжлэг, мөн өөрөө Дэлхийн 1-р дайны ахмад дайчдын дунд нэр хүндтэй байсан тул Трумэн 1922 онд Жексон дүүргийн шүүгчээр сонгогдсон (хэдийгээр тэр дөрвөн жилийн дараа хуулийн зэрэг авсан). 1924 онд дахин сонгогдох боломжгүй байсан ч 1926 онд дүүргийн Шүүхийн дарга болсон байна. Энэ албан тушаалд хоёр удаа улиран ажилласны дараа 1934 онд нөгөө л Пендергастын дэмжлэгээр Трумэн АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдсон байна. Трумэн ажилдаа ухамсартай хандаж, хамт ажиллагсадтайгаа найрсаг харилцаатай байснаар хурдан нэр хүндтэй болсон. Трумэн Франклин Рузвельтийн санал болгосон "Шинэ хэлэлцээр"-ийг дэмжсэн. 1940 онд дахин Сенатад сонгогдсон.

Дэлхийн 2-р дайны үед тэрээр Үндэсний батлан ​​хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгадаг Сенатын хорооны даргаар үндэсний хэмжээнд алдар нэрийг олж авсан; Тус хороо цэргийн гэрээ байгуулахдаа төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, авлига авсан баримтуудыг илрүүлсэн юм.

1944 оны эхээр Ханниган Ардчилсан намын Үндэсний хорооны даргаар ажиллах болсон бөгөөд энэ нь Трумэний дараагийн улс төрийн карьерт чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр дөрөв дэх удаагаа нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Франклин Рузвельттэй хамт дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Дэд ерөнхийлөгч асан хэт либерал үзэлтэй байсан Хенри Уоллесийн (Монголд айлчилсан анхны дэд Ерөнхийлөгч) оронд Трумэнийг Ардчилсан намын удирдлага нэр дэвшүүлжээ. 1944 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Рузвельт-Трумэн гэсэн хослол үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Гэсэн хэдий ч 1945 оны 1-р сарын 20-нд эхэлсэн дэд ерөнхийлөгчийн 82 хоногийн хугацаанд Трумэн Рузвельттэй ердөө хоёр удаа уулзсан байна.

1945 оны 4-р сарын 12-нд Ерөнхийлөгч Ф.Рузвельт гэнэт нас барсаны дараа АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Харри Трумэн Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон байна.

Ерөнхийлөгч[засварлах | кодоор засах]

Трумэн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлмэгц гарч ирж буй санал зөрөлдөөнийг (ялангуяа Зүүн Европын дайны дараах тогтолцооны асуудлаар) ЗХУ-ын ашиг сонирхлыг харгалзахгүйгээр шийдвэрлэхийг хичээж ирсэн.

Ерөнхийлөгч болсон Трумэний үндсэн үүрэг бол Дэлхийн 2-р дайныг хурдан дуусгавар болгох бөгөөд дайны дараах үеийн нөхцөл байдлыг АНУ-д ашигтайгаар зохицуулах явдал байв. Герман бууж өгсний дараа Трумэн Европын дайны дараах хөгжлийн үндсэн байдлыг тодорхойлсон Потсдамын бага хуралд (1945 оны 7-р сарын 17-оос 8-р сарын 2) оролцов. Рузвельт Ялтын бага хурлын үеэр Иосиф Сталинд хэт их буулт хийсэн гэж Трумэн үзэж байв. Европ, ялангуяа Зүүн Европыг чөлөөлөх асуудлаар санал зөрөлдөөн үүссэн бөгөд 7-р сарын 24-нд Трумэн АНУ атомын бөмбөг бүтээсэн гэж тойруу замаар И.Сталинд мэдэгдсэн байна.

Цөмийн бөмбөг

АНУ-ын Ерөнхийлөгч арлуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөнөөр Япон улсыг дайнаас шууд гаргах бөгөөд энэ нь Америк, Японы аль алиных нь олон зуун мянган хүний ​​амийг аврах болно гэсэн үндэслэлээр шийдвэрээ зөвтгөв. 1945 оны 8-р сард Трумэн Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаях АНУ-ын Зэвсэг хүчнийхэний саналыг зөвшөөрөв. Үүний дараа л АНУ-ын цэргүүд Япон улсыг эзлэн авч, Японы эзэн хаан дайныг зогсоож, бууж өгөх нөхцөлийг боловсруулж, энх тайван тогтоохыг санал болгосон юм.

Хүйтэн дайн[засварлах | кодоор засах]

Дайны дараа ЗХУ, АНУ-ын харилцаа эрс муудаж эхлэв. 1946 оны 3-р сарын 5-нд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Фултон дахь Вестминстер коллежд "Дэлхийн үйл явдал" сэдвээр лекц унших урилга хүлээн авчээ. Черчилль Фултон Трумэнийг дагалдаж явах болзол тавьжээ. 1947 оны 3-р сарын 12-нд Трумэн Турк, Грекийг "олон улсын коммунизмаас" аврахын тулд тэдэнд туслах тухай бодлогоо мөн тунхаглав. Энэ бол "Хүйтэн дайн"-ы эхэлсэн гэдгийг зарласан гол үйл явдлуудын нэг байв.

Маршалын төлөвлөгөө[засварлах | кодоор засах]

1947 онд Маршаллын төлөвлөгөөг боловсруулж, Европын орнуудын эдийн засгийг зүүний намуудын төлөөлөгчдийг засгийн газраас гаргах, голчлон Америкийн бараа, зэвсгийг худалдан авахад зээл олгох, Зүүн Европ, ЗХУ-ын бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах нөхцөлтэй байсан. Хөтөлбөрт 17 орон оролцсон. Европын улсуудын уулзалтын үеэр боловсруулсан сэргээн босголтын төлөвлөгөөг 1947 оны 6-р сарын 5-нд олон нийтэд зарлав. Төлөвлөгөө 1948 оны 4-р сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байв. Энэ хугацаанд Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад элссэн Европын орнуудыг сэргээн босгоход туслах зорилгоор 13 тэрбум долларын эдийн засаг, техникийн тусламжийг хуваарилжээ.

НАТО[засварлах | кодоор засах]

Трумэн НАТО-гийн цэргийн блок байгуулахыг дэмжигч байсан. Тэрээр ЗХУ буюу коммунизмыг Европ дахь тэлэлтийг зогсоож хязгаарлахын тулд үүнийг санал болгосон байна. 1949 оны 4-р сарын 4-нд АНУ, Канад болон Европын хэд хэдэн улс цэргийн шинэ холбоо байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж сүүлд Грек, Турк улсууд 1952 онд тус холбоонд нэгдсэн юм.

Ерөнхийлөгчөөс буусны дараа[засварлах | кодоор засах]

Трумэн 1952 онд сонгуульд нэр дэвшээгүй. Дуайт Эйзенхауэр тус улсын ерөнхийлөгч болжээ. 1957 онд Трумэн Индепенденст номын сангаа нээжээ. 1963 онд Линдон Жонсон ерөнхийлөгч болж, Трумэний олон төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. Трумэн 1972 оны 12-р сарын 26-ны өглөөний 7:50 цагт Канзас-Ситид уушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ. Түүнийг Харри Трумэний номын сангийн хашаанд оршуулжээ.


1995 онд түүний тухай "Трумэн" киног бүтээсэн.

Цахим холбоос[засварлах | кодоор засах]

 Commons: Харри Трумэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан