Jump to content

Дуламрагчаагийн Жавзандорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дуламрагчаагийн Жавзандорж (1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн) -Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба, лхаарамба, XXX Хамба номун хан.

Эцэг Дуламрагчаа нь Сүхбаатар аймагт автын байцаагч байсан. Тэрээр айлын 4 хүүхдийн ганц хүү нь.

Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд 1991 онд ахин сэргэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд 7 хүүхэд шавилан суусны нэг нь болж, 11 насандаа анхлан бурхны номд суралцсан байна.

1993 онд Улаанбаатар хотод ирээд МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд ачид багш (хэргийн тухайд алдрыг өгүүлэхэд) Дашжамц багш гүн ухааны чойрын ном зааж байхад нь аз, ерөөлөөр таарч Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн гэдэг. Удалгүй Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав, тэр үеийн дэд хамба Цэдэндамба нарын ивээлээр ачит багш (хэргийн тухайд алдрыг өгүүлэхэд) Цэрмаа дээдэс Зүүн хүрээнд морилон шавь нараа гүн ухааны номонд сурган, нүдийг нь нээж хайрлан Энэтхэг явж сайн сурах замыг ч зааж өгсөн ажээ.

1998 онд Энэтхэгт суралцахаар явж Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд Бурханы шашны лхаарамба цол хамгаалсан байна. Лхаарамба бол бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол юм.

Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. Мөн 2003 оноос 2017 онд Энэтхэгийн Гоман дацанд багшилсан байна.

2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилсан.

2023 оны 11-р сарын 1-нд Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдсон байна.

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон юм.