Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ (1981 оны 8-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын хуульч.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 1989-1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн II дунд сургуульд ерөнхий боловсрол, 2005 МУИС-ийн Хууль Зүйн сургуульд суралцан төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
Мөн 2001 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, 2002 онд Потсдамын Их Сургуульд тус тус герман хэл, 2011 онд АНУ-ын Жоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус мэргэжлийн сургалтад хамрагдсан.
Ажилласан байдал: 2004-2007 онд Голомт банкинд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар, 2016-2018, 2021-2023 онд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 10 сараас 2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр ажилласан.
Төрийн захиргааны албан тушаалын Тэргүүн түшмэлийн Гуравдугаар зэрэг дэвтэй.
Ажлын туршлага: Засгийн газарт яам, бусад газраас боловсруулж ирүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын бодлогод нийцсэн эсэхийг хянан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг холбогдох Засгийн газрын референтүүдийн хамтаар 2008 оноос хариуцан ажиллаж байсан.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулж ирүүлсэн хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг боловсруулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, өөрийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг хууль санаачлагчдад хүргүүлэх ажлыг холбогдох Засгийн газрын референтүүдийн хамтаар хариуцан ажилласан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, Нийслэлийн Засаг даргад хууль, эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэн ажиллаж байсан болно.