Дашдоржийн Дэмбэрэлцэрэн
Дашдоржийн Дэмбэрэлцэрэн (1952 оны 3-р сарын 27-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрж, 2017 оны 4-р сарын 17-нд нас барсан) - Монгол Улсын Дээд Шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1960-1968 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын найман жилийн сургууль, 1968-1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль тус тус төгссөн.
1970-1976 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд суралцан эрх зүйч мэргэжил эзэмшжээ.
1976-1977 онд Монгол Улсын Дээд шүүхийн зааварлагч,
1977-1978 онд Улаанбаатар хотын Шүүхийн гишүүн,
1978-1981 онд Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга,
1981-1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн референт, Тасгийн дарга, Хэлтсийн орлогч дарга, Хэлтсийн дарга,
1990-1993 онд Монгол Улсын Дээд шүүхийн дарга,
1993-1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1993-1996 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,
1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн гишүүн,
1999-2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
1998 оноос “СИТИ” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 1998-1999 онд Шүүгчдийн холбооны тэргүүнээр тус тус ажиллаж байв.
2017 оны 4-р сард Улаанбаатар хотод нас барсан.
Д.Дэмбэрэлцэрэн нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа хуулийн олон төслийг боловсруулах, Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд хийгдэж байсан өөрчлөлт, шинэчлэлтийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хуульчлан тогтооход хувь нэмэр оруулсны дээр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийн анхны хувилбаруудыг боловсруулахад идэвхтэй оролцжээ.
Д.Дэмбэрэлцэрэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллахдаа шүүхийг улс төржин хийрхэх явдлаас сэргийлж, үйл ажиллагааг нь хараат бусаар явуулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн ажиллах боломжоор хангаж, чадавхыг нь дээшлүүлэх, шүүхийн үндсэн тогтолцоог хадгалж, мэдлэг, туршлагатай, чадварлаг шүүгчдийг тогтвортой ажиллуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, түүхэн гавьяа байгуулсан.
Түүний гэр бүлийнхэн “Д.Дэмбэрэлцэрэн сан" байгуулсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Д.Дэмбэрэлцэрэнгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Прокурорын хүндэт тэмдэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, “Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг”, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, “Шүүгчийн тэргүүн түшээ” зэрэг дэв олгосны дээр 2013 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээжээ.