Монгол Улсын Дээд Шүүх
Монгол Улсын Дээд Шүүх | ||
---|---|---|
Flagge der Organisation | ||
Статус | идэвхтэй | |
Байгуулагдсан |
1927 оны | |
www.supremecourt.mn |
1206 оны Улаан Барс жил их эзэн Чингис хаан “Их засаг” хуулийг мутарлан улмаар бичгийн их хүн Шихихутуг улсын их заргач цол хэргэм хүртээн, Шүүх цаазны хэргийг эрхлүүлж байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эрт дээр үеэс Монгол Улсад “Их засаг”, “Халх журам” зэрэг олон арван хууль үйлчилж байсан бөгөөд тухайн үеийн шүүхийн үйл ажиллагааг тод харуулсан “Халх журам” хууль нь Улсын төв номын санд гар бичмэл эх хувиараа хадгалагдаж байна. Энэ хуулийн дагуу 1820-1913 он хүртэл буюу 93 жилийн турш шийдсэн хэргүүдийн түүвэр болох “Улаан хацарт” хэмээх бүтээл Монголын шүүхийн түүхэнд онцгой байр эзэлдэг.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсан 1911 оноос Богд хаант Монгол Улсад хууль цаазны 63 бичиг баримт батлагдсанаар бие даасан Ариусган шүүн гэсгээх газар байгууллагджээ.
Ардын хувьсгалаас хойш
[засварлах | кодоор засварлах]1921 онд Ардын хувьсгал ялснаар Монгол орны төр, нийгэм, эдийн засгийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарсан нь БНМАУ-д Ардын шүүх үүсэх эх суурь тавигджээ. 1921 оны 3 дугаар сард Дотоод яаманд “шүүн таслах хэлтэс”, мөн оны 7 дугаар сард Шүүх явдлын яам, орон нутагт “зарга шийтгэх түр хэлтэс”, Засгийн газрын дэргэд “түр цагийн шүүх” нь орчин цагийн шүүх бүрэлдэн тогтох анхдагч болжээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарчээ.
Засгийн газрын гишүүдийн 1926 оны 12 дугаар сарын 24- ний 48 дугаар хурлаас Улсын Дээд шүүхийг байгуулж , 1927 оны 1 дүгээр сарын 1- ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тогтоосон бөгөөд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1927 оны 1 дүгээр сарын 7- ны өдрийн тогтоолоор Улсын Дээд шүүхийн байгуулсныг баталсан юм .
1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүх таслах газар нь тус улсын шүүн таслах дээд байгууллага болохын хувьд шүүн таслах ажиллагаанд хяналт тавьж, шүүхийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй болсон.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр зарлигаар “Шүүхийн зохион байгуулалтын тухай” анхны системчлэгдсэн хуулийг баталсан. Энэ хуулиар Улсын Дээд шүүх нь:
- Улсын Дээд шүүхийн Бүгд хурал
- Улсын Дээд шүүхийн тэргүүлэгчид;
- Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги;
- Иргэний хэрэг эрхэлсэн коллеги;
- Цэргийн коллеги гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон байна.
1960 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]1960 оны БНМАУ-ын Үндсэн хууль , БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 12-р сарын 25-ны өдрийн 302 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-иар БНМАУ-ын шүүхийн дээд байгууллага нь Дээд шүүх мөн болохыг тодорхойлсон ба “БНМАУ-ын Дээд шүүх нь БНМАУ-ын бүх шүүхийн байгууллагын ажлыг удирдаж, шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавих ” чиг үүрэгтэй болжээ.
1990 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг:
БНМАУ-ын Дээд шүүхийн дарга;
БНМАУ-ын Дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч дарга бөгөөд Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
БНМАУ-ын Дээд шүүхийн Аж ахуйн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга;
БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүн; БНМАУ-ын Дээд шүүхийн ардын төлөөлөгч байхаар тус тус тогтоосон.
1992 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан хэрэгжүүлэх зарчмыг тунхаглан баталгаажуулж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цорын ганц байгууллага нь хараат бус, бие даасан шүүх болохыг хуульчилж өгсөн юм.
Үүнээс хойш Монгол Улсын шүүхийн тогтолцоо эдүгээ 2 дахь өөрчлөлтийг даван туулж хөгжлийн улам боловсронгуй хэлбэрийг сонгон авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийгэм, эдийн засгийн шинэ харилцаа, Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс орчин үеийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шинээр үүсэн бий болсон харилцааг зохицуулах эрхийн шинэ хэм хэмжээ болох “Шүүхийн тухай хууль”-ийг 1993 онд батлан гаргасан нь нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаанд нийцүүлэн шүүхийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэхэд ач холбогдолтой болсон юм.
1993-2002 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь 1993-оноос 2002 оны 9-р сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд:
Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
Давж заалдах, хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
Давж заалдах, хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэж байсан. Монгол Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, Эрүү, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч, шүүгч 14, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.
2002 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2002 онд шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь:
- Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
- Давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
- Хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэх болсон.
Монгол Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч,·Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн, Иргэний хэргийн Танхимын тэргүүн,·Захиргааны хэргийн Танхимын тэргүүн·болон 13 шүүгч, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна.
2013 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2013 оны шинээр батлагдсан Шүүхийн тухай хууль, Шүүхийн байгуулах тухай хуулиар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь:
Шүүхийн ерөнхий зөвлөлийг Монгол Улсын дээд шүүхээс салгаж тусдаа бие даасан байгууллага болгосноор Монгол улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах институцийн баталгааг бүрдүүлсэн.
Тус хуулиар Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлснээр Ерөнхий шүүгч,·Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн, Иргэний хэргийн Танхимын тэргүүн,·Захиргааны хэргийн Танхимын тэргүүн·болон 21 шүүгч, нийт 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна.
2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил нутаг дэвсгэрийн харьяаллыг 2-3 аймгийн дунд нэг байхаар тойргийн зарчмаар байгуулсан нь шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрх хэрэгжихийн нэг үндэс болсон.
Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг нутаг дэвсгэрийн нэрээр биш, дэс дугаараар нэрлэхээр болжээ.
2015 онд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан.
Энэхүү шинэчлэлтээр 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийг дэс дугаарлан нэрлэж байсныг халж Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул ДЭХАШШ; Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар ДИХАШШ; ДЗШШ-ийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар АЭХДЗШШ гэх зэргээр нэршлийг нь өөрчлөн хуульчилсан. Мөн сум дундын шүүхүүдийг эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрлөөр нь дагнан байгуулснаараа өмнөх хуулиудаасаа онцлогтой болсон.
2021 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2021 оны шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар
Уг хуулиар Монгол Улсын дээд шүүх нь дэргэдээ сургалт судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй болж, 2 жил тутамд нэг удаа Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулдаг болсон.
Мөн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх эсэхийг эхлээд танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг болсноороо онцлог юм.
Дээрх хуулийн дагуу 2021 онд Монгол Улсын дээд шүүх нь дэргэдээ сургалт судалгаа мэдээ мэдээллийн хүрээлэнг байгуулснаар олон улсын эрх зүйн харьцуулсан судалгаа, шүүгч нарт зориулсан сургалт, мэдээллийг хангаж ажиллах чиг үүрэгтэйгээр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Онцлох зүйл нь анхан болон давж заалдах шатны шүүгч нараас сонгон шалгаруулж, богино хугацаагаар судлаач шүүгч нарыг бэлтгэн, мэдлэг чадварыг чадавхжуулж байна.
Шүүх байгууллагын бүтэц ба өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]Шүүхийн Ерөнхий зөвлөлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, ардчилал хөгжсөн орнуудын мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлэх болсон нь шүүхийн удирдлага зохион байгуулалтыг улс төрөөс ангид байлгах чухал алхам юм.
Анхан болон давж заалдах, хяналтын шүүхүүд нь шүүх эрх мэдлийг шат шатандаа бие даан хэрэгжүүлэх, тэдний шийдвэр нь гармагцаа хүчин төгөлдөр болохоор хуульчилсан нь шүүх тус бүрийн бие даасан байдлыг баталгаажуулсан арга хэмжээ болсон.
Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нар доод шатны шүүхийнхээ шийдвэрт эсэргүүцэл бичиж, шийдвэрийнх нь бие даасан байдлыг хөндөж ирсэн хуучин зохицуулалтыг халсан.
Ерөнхий шүүгч хэрэг, маргааныг хуваарилдаг байсан хуучин тотолцоог өөрчилж, хэрэг хуваарилах журмыг жилийн эхэнд ”Шүүгчдийн зөвлөлгөөн”-өөр урьдчилан шийдвэрлэдэг болсон ба “Шүүгчдийн зөвлөл” зэрэг шүүгчдийн өөрийгөө удирдах байгууллагыг буй болгосон нь шүүгч нарт Ерөнхий шүүгч, шүүхийн албан тушаалтнаас үзүүлэх нөлөөллийг багасгахад чиглэсэн шинэ зохицуулалт нэвтрүүлсэн юм.
Нийслэлийн шүүхэд иргэн, эрүүгийн хэргийн·танхим байгуулсан нь шүүн таслах ажиллагааны менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ болсон.
Шүүх эрх мэдлийн болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг харилцан тэнцвэртэй байлгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор шүүхийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий Захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сарын 1-нээс захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн явуулж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн бүрэн эрх
[засварлах | кодоор засварлах]Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх юм. Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг дагнасан танхимтай, Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэх ба Ерөнхий шүүгч, шүүгч нь эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын аль нэгд харьяалагдана.
Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.
Улсын дээд шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.
Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
- хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;
- хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;
- хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;
- Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:
а. шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
б. хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
в. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
г. эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.
Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;
- давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх;
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх, бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах;
- шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;
- хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
- Монгол улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 73.2-т заасан Ерөнхий зөвлөлийн саналын дагуу, эсхүл мөн хуулийн 6.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах;
- улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох;
- хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах;
- хуульд заасан бусад бүрэн эрх.
- давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж, батлах.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монгол улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх, бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.
Нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцох ба асуудлыг нийт шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Тус хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн даргалах бөгөөд хуралдаан дэгээ өөрөө тогтооно.
Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний 53 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй Тамгын хэлтсийг байгуулж, 2 алба болон шүүхийн судалгааны төв бүтцийг тогтоож, нийт 51 орон тоотойгоор баталжээ. Үүнээс хойш Монгол Улсын дээд шүүх нь 2005, 2013, 2022 онуудад бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, орон тоогоо нэмжээ.
Одоогийн бүтэц, зохион байгуулалт:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 1-р сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газар нь Тамгын дарга, 5 хэлтэс, 4 албатай болж өөрчлөгдсөн байна.
Үүнд:
- Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга
-Захиргаа, удирдлагын хэлтэс
-Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс
-Шүүхийн практик судлалын хэлтэс
-Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтэс
-Ерөнхий шүүгчийн ажлын алба
-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
-Дотоод аудитын алба
-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба