Жадо ринбүчи
-
Жадо ринбүчи Данзанжунай ламтан
Жадо ринбүчи, сахилын нэр нь Данзанжунай гэдэг, 1954 онд Төвдийн нутагт Лхасаас 220 км зайтай байдаг Тэнгэр Нуурын орчимын Абу Хор гэдэг нутагт малчин айлынд төрсөн. Гурван настайдаа нутгийнхаа Жадо хийдийн хамба ламын зургаа дахь дүрийн хувилгаан ламын хойд дүрээр тодорч ширээнд залагдсан.
1959 онд түүнийг таван настай байхад Хятадууд Төвдийг эзэлж тэрээр Балба, Энэтхэгт дүрвэн гарч Умард Энэтхэгийн Далхауси гэдэг газарт байгуулагдсан хувилгаан хүүхдүүдийн сургуульд сурч бичиг үсэг үзэж, Бурханы шашины уншлага номонд боловсорсон байна. 1964 онд 14-р Далай ламаас банди сахил хүртэж, 1973 онд Лин ринбүчигээс гэлэн сахил хүртсэн байна.
1972 оноос 1990 оныг хүртэл Өмнөд Энэтхэг дэхь Сэражи хийдэд шавьлан суралцаж, 1991 онд Төвдийн бурханы шашины лам нарын дундхи эрдэмийн хамгийн өндөр цол болох гэвш лхаарамба цолыг ном хаялцаж хамгаалажээ. Улмаар цаашид Жүдод дацанд тарнийн ёсны номонд боловсорч, 1992-1996 онд Далай Ламын дэргэдийн Намжал Дацан хийдийн багшийн албанд томилогдож ажиллаж байгаад 1997 онд тус хийдийн хамба ламаар сонгогдож 2004 он хүртэд хамбын ширээнд суужээ.
Жадо ринбүчи 1991-1992, 1994, 1995, 1999, 2005,2006, 2007, 2008 онуудад Монгол оронд уригдан ирж Шашны дээд сургуульд бурханы шашны гүн ухааны ном заан Монголын лам хар сүсэгтэн олонд Бурханы ном айлдаж байсан. Монгол орноос гадна Америк, Европын олон оронд бурханы ном номлох үйлсийг дэлгэрүүлдэг. Тэрбээр Монгол хэл мэддэг цөөн Төвд лам нарын нэг юм.
Жадо ринбүчи бол эдүгээгийн Төвдийн бурханы шашины Гэлүгба ёсны (манайхан шарын шашин гэдэг) хамгийн өндөр дээд эрдэм боловсролтой лам нарын нэгт тооцогдож байгаа бөгөөд Далай Лам болон түүний хоёр багш болох Лин ринбүчи, Тижан ринбүчи, Бакүла ринбүчи, Түлшиг ринбүчи зэрэг олон эрдэмтэй багш нарыг шүтэж, бурханы шашины судар тарнийн ёсны дамжлагуудыг хүлээн авсан хүн юм. Жадо ринбүчийг Цагийн Хүрд буюу Калачакра ёсны номонд мэргэшсэн цөөн лам нарын нэг гэдэг. Түүнчлэн Сэра хийдийн сахиус Хаянхирваа бурханы дамжлагыг бүрэн төгс баригч цөөхөн хүмүүсийн нэг юм.
2007 онд Монголд морилохдоо Гандантэгчэнлин хийдийн Идгаачойлин дацанд Хаянхирваа бурханы авшиг, эш дамжлага тэргүүтнийг тэнд цугларсан хэдэн зуун сүсэгтэн олонд хоёр долоо хоногийн турш харамгүй сэтгэлээр бүрэн хүртээж, Дархан, Дорнод аймаг зэрэг газруудаар явж Арван Хангалын эш дамжлага хүртээх зэргээр сүсэгтэн олонд номыг хурыг буулгасан.
Ринбүчи Монголд 2008 оны 4-р сард Далай Ламын орчуулагч Дорждүдэлийн хамт айлчлан Монголын их дээд сургуулиудын багш, оюутануудад бурханы шашины сэдвээр лекц унших, шинээр байгуулагдаж байгаа Наландарийн их сургуулийн суурийг тавих ажлыг хийснээс гадна олон шавь нарт Жигжид, Сандуй, Дэмчиг зэрэг тарнийн ёсны олон бурхадын авшигыг хүртээн, Богд Зонховагийн Бодь Мөрийн Зэрэг номыг айлдаж байгаа ажээ.