Jump to content

Жаклин Кеннеди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жаклин Кеннеди Онассис

Жаклин Ли Бувье Кеннеди-Онассис (англи. Jacqueline Lee Bouvier Kennedy Onassis, төрсөн овог нь Бувье; 1929 оны 7-р сарын 28-нд төрсөн— 1994 оны 5-р сарын 19-нд нас барсан) —1961-1963 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэргийн хувьд АНУ-ын тэргүүн хатагтай байсан. Тухайн үеийн дээдсийн хүрээнд хамгийн алдартай эмэгтэй байсан бөгөөд АНУ болон Европ дахь хувцасны загвар, үзэсгэлэн гоо сайханы бэлэг тэмдэг байсан.

Тэрээр Вассар коллежид түүх, урлагийн чиглэлээр суралцаж, 1951 онд Жорж Вашингтоны их сургуулийг Францын уран зохиолын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Үүний дараа хатагтай Бувье Вашингтон Таймс-Хералд сонинд гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн. Дараа жил нь тэр үеийн Массачусеттс мужийн Конгрессын гишүүн Жон Кеннедитэй Вашингтонд оройн зоог барих үеэр танилцсан байна. Тэр жилдээ Жон Кеннеди Сенатын гишүүнээр сонгогдсон бөгөөд хосууд 1953 оны 9-р сарын 12-нд Род-Айлендын Ньюпорт хотод гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд хоёр нь нялх байхдаа нас баржээ. 1960 онд нөхрөө ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Жаклин Кеннеди Цагаан ордныг сэргээн засварлаж, урлаг соёл, хэв маягаараа ихээхэн анхаарал хандуулдгаараа алдартай байв. Тэрээр гадаад хэл, түүхийг сайн мэддэг байсан нь түүнийг маш их алдартай болгосон бөгөөд тэрээр олон орноор аялсан юм. Тэрээр 33 настайдаа 1962 онд Time сэтгүүлийн оны шилдэг эмэгтэйгээр шалгарч байжээ.

1963 онд нөхрөө оршуулсаны дараа Жаклин Кеннеди болон түүний хүүхдүүд олны нүднээс далд байжээ. 1968 онд тэрээр Грекийн далайн тээврийн магнат Аристотель Онассистай гэрлэсэн нь ихээхэн шуугиан үүсгэсэн юм. 1975 онд Онассис нас барсны дараа тэрээр Нью-Йорк хотод эхлээд Викинг Пресс, дараа нь Doubleday-д номын редактороор ажиллаж, олон нийтийн дунд нэр хүндээ сэргээхээр ажилласан байна.