Jump to content

Аристотель Онассис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аристотель Онассис, 1967 он.

Аристотель Сократ Онассис (англи. Aristotle Socrates Onassis, Аристотелис Онасис, грек. Αριστοτέλης Ωνάσης; 11906 оны 1-р сарын 5-нд Османы эзэнт улсын Смирна /өнөөгийн Измир/ хотод төрсөн— 1975 оны 3-р сарын 15-нд Францын Иль-де-Франс мужид нас барсан) —грекийн ажил хэрэгч хүн, усан онгоцнууд эзэмшигч, хөрөнгө оруулагч, тэрбумтан.

1932 оноос хойш тэрээр усан онгоцны үйлдвэрлэлийн бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд 1950-иад оноос супертанкеруудыг анхлан бүтээж эхэлсэн. Олон улсын тэнгисийн цэргийн флотоос том хэмжээний супертанкер, ачааны хөлөг онгоцыг бүтээсэн далайн тээврийн магнат, олон улсын бизнес эрхлэгч юм.

Онассисын эцэг нэлээд чинээлэг тамхины худалдаачин байсан ч 1922 онд тухайн үеийн Грекийн Смирна (орчин үеийн Измир) хотыг туркууд шатааснаар бараг бүх хөрөнгөө алджээ. Смирнагаас Грек рүү зугтсан гэр бүл нь Онассисыг илүү сайн амьдрал хайхаар Өмнөд Америк руу илгээжээ. Аргентины Буэнос-Айрес хотод Онассис шөнийн боомтын диспетчер болж, гэр бүлийн найз нөхдийнхөө тусламжтайгаар татдаг тамхи импортлох бизнес эхлүүлжээ. Тэрээр Аргентинд импортын дорно дахины тамхины хэрэглээг 10% -иас 35% хүртэл нэмэгдүүлж, хоёр жилийн дараа тамхины худалдаанаас 5% -ийн шимтгэл авч 100,000 америк доллар олсон байна.

Грекийн засгийн газар Онассисыг анзаарч, 1928 онд Аргентинтай худалдааны гэрээ хэлэлцээр хийхийг урьсан бөгөөд дараа нь түүнийг Грекийн Ерөнхий консул болгосон байна. Түүний бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, тамхи болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамарсан. Онассис 25 настайдаа анхны сая доллараа олсон байна.

1932 онд Онассис анхны зургаан ачааны хөлөг онгоцоо Канадын фирмээс 120 мянган доллараар худалдаж авчээ. Том хүчин чадалтай хөлөг онгоцууд гарах хүртэл тэрээр эдгээр хоёр хөлөг онгоцыг ашиглаж, дараа нь бусдыг худалдаж авсан. Онассис 1938 онд анхны ачааны том танкераа бүтээж, Дэлхийн 2-р дайны эхэн үед түүнээс ч том хоёр танкертай болжээ. Түүний өөрийн эзэнт гүрэн 1940, 1950-иад оны туршид өргөжин тэлж, усан флот нь өргөжсөн байна.

1968 онд тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннедигийн бэлэвсэн эхнэр Жаклин Бувье Кеннедитэй гэрлэжээ.

Онассис 1975 оны 3-р сарын 15-нд 69 насандаа Парис орчмын Америкийн эмнэлэгт нас барсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьсгалын дутагдалд ороод байсан ажээ. Онассисыг хүү Александрын хамт Грек дахь хувийн Скорпиос арал дээр оршуулжээ.

Онассисын гэрээслэлийн дагуу тэрээр өөрийн охин Кристина Онассист өвийн 55%-ийг үлдээж, 45%-ийг "Александр Онассисын сан" байгуулахад зориулсан байна.