9-р Богд Жавзандамба Хутагт

Богд Живзундамба Жамбалнамдолчойжижалцан (* 1932 онд буюу усан бичин жил Лхаст төрсөн -2012 оны 3 сарын 1-нд Улаанбаатар хотод жанч халсан) нь 9-р Богд[1], Монгол улсын шашины удирдагч байсан юм. 9-р Богдыг 4 настайд нь Халх Монголын 8-р Богд Живзундамбын хойд дүрээр тодруулжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Рало омгийн Лувсанжамбал ба Янжинлхам хоёрын хүү болон мэндэлжээ.Түүний ээж Янжинлхам нь ганц хүү төрүүлсэн бөгөөд хүүг мэндлэхэд олон гайхамшигт билэг дэмбэрэлт үйл явдлууд тохиолдсон гэдэг. Эхийн хэвлийд байх үед нь Гандан хийдийн ширээт хамба Тэхор Жамбачойдог ринбүүчи хутагтын мэндлэхийг ер бусын хэмэээн урьдчилан зөгнөж Сономдаржай гэсэн нэр хайрлажээ.Хожим Авралт Павонха Дэчэннинбо /1878-1941/ бээр гэгээнд Данзан гэсэн нэр нэмж үүгээр нэр нь Сономданзандаржай хэмээх алдартай болсон ажээ.
Буусан мэргэ төлгийн дагуу хутагтыг 4 настай байхад буюу 1936 онд Жалцав Радэн ринбүүчи түүнийг 8 дахь Халх Жавзандамба хутагтын хойд дүр болохыг хүлээн зөвшөөрч тодруулжээ. Гэвч энэ үед Төвөдийн ард түмэн,Төвөд соёл онц чухал түүхэн уулзварт ирсэнтэй холбогдон Төвөд улсад тааламжгүй байдал үүссэн учир Төвөд Монгол засгийн газрууд ширээнд залах ёслолыг хийж чадаагүй ажээ. 1940 онд 8 настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна.
Тэрбээр 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцсанаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад 1959 онд Төвөдөд Хятадын засаглал ноёрхолын их өөрчлөлтүүд гарсан учир 28 насандаа Балба руу дүрвэн гарч Энэтхэг Балба улсын хилийн зааг болох Валүн гэгч газарт нэг жил сууршин тэндээс Энэтхэг улс руу дүрвэн гарсан байна. Энэ хугацаанд Бадма чойлин багшаар Янжин-драдо хэмээх Төвөд хэлний дүрэм, хэл шинжлэл, яруу найргийг сайтар судалжээ. 1960 онд Энэтхэгийн өмнө зүгт хэд хэдэн газарт ээлжлэн суурьшсаар 1981 онд Майнпад дахь Пандэлин гэх Төвөдийн сууринд удаан хугацаанд амьдарчээ.
Богд гэгээнтэн Пандэлинд суурьших үедээ шашин номын их хэргийн дашрамд өөрийн сонирхол авъас билгийн дагуу цагаач ард иргэдэд гүр дууллыг заан хөтлөж, дуулах чиг авьяасыг сургаснаар баг хүмүүс бүрдүүлж тэдгээр хүмүүсийн олон газрын театрын урлагт дуулж хуурдах их замыг нээжээ. Хожим гэгээнтнийг Дарамсала хотод суурьших үед ч жил тутам тэдгээр хүмүүс зорин очиж Мил богдын гүр болон өөр бусад дууллыг хөтлүүлэн Төвөдийн цагаачдын дунд зохиогддог урлаг тэмцээнд оролцдог болжээ.
1986 онд 43 настайдаа Төвөдэд эргэн ирсэн ба Төвөдийн өөртөө засах улсын бодлогын дагуу Дагдан Чойдэ хийдийг удирдлагандаа авч Хятадын засгийн газрын зөвшөөрлийн дагуу хийдийн лам нарыг хийдэд суулгаж хуучин уламжлалыг сэргээсэн байна. Дээрхийн гэгээн 14-р Далай лам 1990 онд Майнпад дахь Төвөдийн сууринд айлчлахдаа 59 настай Жавзандамба гэгээнтэй уулзаж ширээнд залах албан ёсны ёслолыг хийх талаар мэдэгджээ.
1991 он буюу Төмөр хонь жилд Төвөдийн засгийн газрын шашин соёлын яамны сайд Галсан иш Монголд айлчилан Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат болон бусад өндөр албан тушаалын хүмүүстэй уулзаж шашны уламжлал сэргэж байгаа энэ цагт Жавзандамбын хойд дүрийг ойрын хугацаанд Монголд уриваас зүйтэй гэдгийг илэрхийлсэн аж. Уулзалтын үеэр Халх Жавзандамбын одоо байгаа хойд дүрийг Төвөдийн ард түмэн ялангуяа Дээрхийн гэгээн 14-р Далай лам хүлээн зөвшөөрсөн эсэхийг түүнээс тодруулан асуусан аж. Үүнийг тооцоолон Төвөдийн засгийн газрын шашин соёлын яам Халх Жавзандамбын хойд дүрийг олж тогтоосон явдлыг нарийн сайн судалж тайлангаа Дээрхийн гэгээн Далай ламд танилцуулсан байна. Тайланг уншиж танилцаад Дээрхийн гэгээн: “Жамбал намдол Чойжанцан нь Жавзандамбын хойд дүр болох нь үнэн зөв. Тэрбээр шашин амьтны тусыг бүтээж чадах хэмжээнд хүрсэн ба сутра болон тантрын номд мэргэшиж тодорхой хэмжээнд суралцсан билээ. Иймээс түүнийг Жавзандамба хутагтийн 9-р дүр гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Түүнийг урт удаан наслах болтугай гэж би цаашид залбирахын зэрэгцээ Их Монгол оронд аз заяа түшиж, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө зүтгэж энэрэн нигүүлслийг ихэд бадраана гэдэгт итгэлтэй байна” хэмээн айлдаж 1991 оны 9-р сарын 20-нд гарын үсгээ зуржээ. Гэгээнтэн 1992 онд буюу усан бичин жилд 62 настайдаа бараа бологчдын хамт Дарамсалад уригдаж сэнтийд залах ёслол нь тухайн жилийн 1-р сарын 13-нд Далай ламын ордонд хийжээ.
Төвөдийн Буддын шашны бүх урсгалын дээдэс лам болон хувилгаад нар Төвөдийн засгийн газрын шашин соёлын яамны сайд болон нарийн бичиг нар бусад мяндагтнууд, мөн олон энгийн ард иргэд энэ ёслолд оролцжээ. Түүнээс хойш Богд гэгээнтэн Дарамсалад сууршин 13-р Далай ламаас сургаал номуудыг сонсож тарнийн ёсны хамгийн дээд Дүйнхэрийн тарнийг тоонд хүргэж бусад тантрын аймаг тус тусын үүсгэл төгсгөлийн ёог бүтээлд шамдан суужээ.
1994 онд 64 насандаа Дээрхийн гэгээн 14-р Далай ламын зарлиг зөвлөмжийн дагуу Төвөдийн Амдо мужын Домэ хэмээх газар руу ховор номын эрх хөтөлбөрүүд ба ялангуяа Жононба уламжлалт эрх авшигт зорьжээ. Гэвч Төвдэд морилход Хятадын засгийн газраас Богд ламтай гадны хэн нэгэн уулзахыг хориглож сар гаруй хугацаанд түр саатуулсан гэдэг. Дараа нь Лхас руу албадан явуулсан учир Жонон урсгалын дээдэс лам нартай уулзаж чадаагүй ажээ.
1999 оны 8-р сарын 4нд Богд ламын өмнөх дүрүүдийн адислал хүртэж байсан анхны хийд болох Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд Богд ламын 9 дэх дүрийг ширээнд залах ёслол болж Гандан хийдийн Хамба ламтан болон бусад 17 сүм хийдийн хамба ловон лам нар: “ Умар зүгийн авралт итгэлт шашныг хамгаалагч 9-р Богд Жавзандамба гэгээнтэнг Монголын бурхан шашны тэргүүн хэмээн цол алдарыг өргөж, хийдийн тамгатай албан ёсоор хүлээн зөвшөөрсөн өргөмжилсөн бичгээ гардуулж нийт олон өргөл барьц өргөж мутрын адис, номын хурыг хүртжээ. Ингэж хар шар сүсэгтэн ард түмний сэтгэлийн угт сүжиг буяны үрийг суулгаж Бурхан шашин соёлыг Монголд улам дэлгэрүүлэх зорилгоор Богд сан байгуулсан билээ. 2004 онд Монголоос гарьд Цэрэнпунцог, Амраа лам тэргүүтэй бөхчүүл Богдод бараалхан Монгол оронд байгуулах шашны төвд нэр асуухад Жавзандамба нэрийг хайрлажээ. Жавзандамба төв байгуулагдсан цагаас Богд ламыг Монгол орноо эргэн залах идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлэх, Богд гэгээний шашин буяны үйл хэрэгт зүтгэн, Энэтхэгт Буддын гүн ухаанд суралцаж буй олон оюутан лам нарыг тэтгэх зэрэг Монголын бурхан шашны оюуны хөрөнгө оруулалт сургалтыг дэмжиж буй шашны томоохон төв болон өргөжсөн байна. Богд гэгээнтэн 2003 онд Оросын Тува улсад шашин номын албан ёсны урилгаар заларчээ. Тува улсын ерөнхийлөгч болон хар шар ард иргэдээс Дүйнхэрийн авшиг тавиулах заллага хүлээн авч Далай ламын зарлиг зөвшөөрлийн дагуу авшиг тавихад Намжил дацангаас 10 гаруй лам нарыг туслахаар томилжээ. Тува улсын хар шар нийт ард иргэд номын ачлалд талархал илэрхийлж гэгээнтний шашин номын хэрэгт урт удаан наслахуйн ерөөлийг өргөн даншиг наадмын ёслолыг өргөн барьжээ. 2009 оны 10-р сарын 25-нд Богд лам бээр Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 2 дахь удаагаа айлчилсан бөгөөд лам хуврага сүсэгтэн олонд мутрын адис хүртээж айлдвар сургаал айлдан маань мэгзэмийн лүн,насны авшигыг хайрлажээ. Үүний зэрэгцээ Төв Гандан хийдэд лүйжин номыг олон шавь нарын хамт хурж Энэтхэгт Дагдан лавранд гардаж сургасан эрэгтэй эмэгтэй нийт шавь нар хурлаа жигд сайхан хурж байхыг ихэд магтан, одоо Монгол оронд жод лүйжингийн шашин улам дэлгэрэх цаг болсоныг анхааруулжээ. Мөн тусдаа хурлын газартай болж цаашид шарын шашны жодын урсгал дэлгэрэхэд хүчин зүтгэж олонд тустай үйлийг хийж явах хэрэгтэйг захин сургаалаа айлджээ. Мөн өөрийн тодруулсан шавъ Гачин Чогбрүл ринбүүчид навсай бүрэн өмсгөл хувцасаа хайрлан жодын хурлыг удирдаж цаашид шашины ариун үйлсэд хүчин зүтгэхийг даалгасан явдал юм. Тэр үед 78 насны сүүдэртэй Богд гэгээнтэн бээр Америк, Канад, Швеицарь, Орос, Буриад, Халимаг, Тува, Сингапур, Тайван зэрэг улс оронд олон удаа уригдан заларсан билээ.
2010 оноос Монгол Улсад суурьшиж 2011 онд шашны тэргүүнээр заларч, 2012 онд жанч халжээ.
| Өмнөх Агваанлувсанчойжинямданзанванчүг |
Жавзандамба хутагт 1936-2012 |
Дараах Данзанжамбалчойживанчүг |