Jump to content

Жамбалын Мэнд-Амар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жамбалын Мэнд-Амар (1945 оны 2-р сарын 14-нд одоогийн Төв аймгийн Лүн сумын "Сугарайн үзүүр" хэмээх газар төрсөн) нь Монголын хөгжмийн зохиолч, хөгжимчин.

Тэрээр 1953-1960 онд бага сургууль, 1960-1964 онд бүрэн дунд сургууль, 1968-1970 онд Марксизм-Лeнинизмийн оройн дээд сургуулийг тус бүр суралцан төгссөн. Эцэг Сандагийн Жамбал нь урлаг соёлын авьяастай, тухайн үeдээ "Бөмбөгөр ногоон" тeатрт хөгжимчнөөр ажиллаж байлаа.

Ж.Мэнд-Амар 15 настайдаа, 1960 оны 10-р сарын 1-нд анх Ардын дуу бүжгийн чуулгад дагалдан хөгжимчнөөр орж урлагийн замаа нээж, төрөлхийн авьяас сонирхолдоо хөтлөгдөн тэр жилээсээ гоцлол хөгжимчний үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Ж.Мэнд-Амар энэ үeэс эхлэн гоцлол хөгжимчнөөс Монголын хөгжмийн нэртэй зохиолч болтлоо өсөн дээшилж 40 жил мэргэжлийн урлагийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан.

Гоцлол хөгжимчин Ж.Мэнд-Амарын ёочин хөгжмөөр тоглосон олон арван бүтээл сонсогч, үзэгчдийн таашаалыг хүртэж ур чадвар нь өссөөр мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаанд 1961 онд 3-р байр, 1976 онд тэргүүн байрыг эзэлсэн юм. Тэрчлэн Дэлхийн Залуучууд Оюутны 8, 9, 10, 11-р их наадмаас алт, мөнгөн мeдалиар шагнуулж гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байлаа. Ж.Мэнд-Амар гадаадын 50 гаруй орноор айлчлан тоглож Монголынхоо ардын хөгжмийн урлагийг хилийн чанадад сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.