Jump to content

Жамсрангийн Гомбосүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жамсрангийн Гомбосүрэн (1923 онд өнөөгийн Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн- 2008 онд нас барсан)-Монгол Улсын спортын анхны гавьяат багш, гавьяат дасгалжуулагч, цэргийн хошууч цолтой ахмад дайчин.

Ж.Гомбосүрэн 1923 онд малчин Жамсрангийн хүү болон төрсөн бөгөөд тэднийх нутгийн айл Бэгзийнхтэй /Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн эцэг/ айлсан хамт нутагладаг байжээ.

1938 онд Цэргийн Ерөнхий сургуульд сурч байх үед нийт 16 сонсогчийн хамт ЗХУ руу явж Зөвлөлт Украины Киев хотын Холбооны цэргийн дунд сургууль, 1948-1952 онд Ленинград хотын цэргийн биеийн тамирын дээд сургуульд тус тус суралцаж төгссөн байна. Улмаар Монгол улсаас анх удаа ганцаараа амжилттай төгссөн юм. Аугаа эх орны дайны үед Киев хотын хамгаалалтад мэргэн буудагч, холбоочноор оролцож тулалдаж явсан байна.

1945 онд Чөлөөлөх дайнд Холбооны тусгай хорооны холбооны сумангийн даргаар үүрэг гүйцэтгэжээ. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Эх орны дайны II зэргийн одон, Монгол-Зөвлөлтийн "Бид ялав" медалиар шагнуулсан юм.

1952 онд биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж ирээд ЦЕС-д багшаар томилогдон цэргийн биеийн тамирын хичээлийг анх удаа зааж эхэлжээ. Монгол улсад хөнгөн атлетик, гимнастик, тэшүүр, самбо, ширээний теннис, спорт тоглоом зэрэг спортын төрлүүдэд өсвөр залуу үеийнхний сонирхлыг татаж оролцуулах, дугуйлан секц хичээллүүлэх ажлыг амжиллтай зохион байгуулсан.

Тэрээр 1957 онд Б.Жигмэддорж, Л.Чимэддорж нарын хамт Монгол Улсад спортын анхны Гавьяат багш цолыг хүртсэн байна. Спортоор сонирхон хичээлэгчээс эхлээд зэрэг цолтой тамирчдыг бэлтгэн, дотоод гадаадын тэмцээнд оролцох өндөр ур чадвар бүхий тамирчдыг төрүүлэн гаргасан тул 1971 онд АИХ-ын шийдвэрээр БНМАУ-ын Гавьяат багш цолыг Гавьяат дасгалжуулагч цол болгон өөрчилсөн байна.

МУИС-д 1954-2006 онуудад тасралтгүй 52 жил биеийн тамирын багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар томилогдон ажиллах хугацаанд 2800 гаруй шавь нарынх нь дотроос Олимпийн медальтнууд, Үндэсний бөхийн аваргууд, спортын олон зуун алдартнууд төрөн гарсан байна.

2018 оны 10-р сарын 15-нд МУИС-ийн захирлуудын зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн спорт заалыг Жамсрангийн Гомбосүрэнгийн нэрэмжит болгох шийдвэр гарсан байна.