Жан Жак Руссо
Жан Жак Руссо (Франц: Jean-Jacques Rousseau) нь Францын хувьсгал болон орчин үеийн улс төр, боловсролын үзэл санаанд ихээхэн нөлөө үзүүлсэн Щвейцар-францын гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч, уран зохиолч, хөгжим судлаач болон хөгжмийн зохиолч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1712 оны 6 дугаар сарын 28-нд Швейцарын Женев хотноо цагчин, бүжгийн багш Исаак Руссо-гийн хүү болон мэндэлжээ. Эх Сюзанна Бернар нь түүнийг төрүүлээд 8 хоногийн дараа нас барсан байна. Руссо 7 настайгаасаа эхлэн аавынхаа хамт өгүүллэг, түүхийн номнууд унших болсон бөгөөд сэтгэл хөдлөлөөс илүү шалтгаан буюу учир ухагдахууныг эргэцүүлэн бодох болсон.
1725 онд аав нь аргагүй шалтгаанаар түүнийг орхиж явах болсон ба Жан Жак Руссо нагацын хамаатан сүмийн номлогчийн гэрт байх болов. Үүний дараагаар төмрийн дархны гэрт шавь орсон ч 3 жилийн дараа оргон тэнүүлч амьдралаар хэсэг амьдарчээ. 1732 онд Женевийг орхин нэгэн дээдсийн эхнэрийн туслалцаатайгаар тал бүрийн мэдлэг боловсрол эзэмшин, улмаар тэр эмэгтэйн нууц амраг нь болдог. Тухайн үеэ хамгийн аз жаргалтай үе хэмээн дурссан байдаг.
Дээдсийн эхнэрээс салсны дараа 1740-1741 онд Лион хотод ирж нэгэн гүн ухаантны гэрт гэрийн багшаар ажиллав. Дараа 1742 онд Парис уруу явах ба Дидро (Францын гүн ухаантан, зохиолч) нартай нөхөрлөв. Үүний нөлөөгөөр "Нэвтэрхий толь" бүтээх ажилд оржээ. 1745 онд нэгэн буурчийн газар Терез хэмээх эмэгтэйтэй танилцан нууц амрагийн холбоотой болж 10 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон боловч бүгдийг нь асрамжийн газар өгсөн байна.
1750 онд Дижоны Академийн зохиосон уралдаанд "Боловсрол ба урлагийн дэвшилт нь Ёс суртахуунд хэрхэн нөлөөлснөөс хамаарах тухай" сэдвээр бичиж түрүүлсэн ба үүндээ урамшин эрчимтэйгээр уран бүтээлүүд туурвих болжээ. Руссо нийгмийн амьдралын олон талт асуудлаар өөрийн үзэл сургаалаа дэвшүүлж байсан бөгөөд тэрээр амьдралынхаа туршид жам ёсны төрөлх мөн чанар, хүмүүсийн хоорондох тэгш бус байдал, түүний учир шалтгаан, хамтын аз жаргалтай амьдрал, нийгмийн зөвшилцөл, гэрээ түүнчлэн хүний хүмүүжлийн тухай олон бүтээл туурвижээ. Руссо нийгмийн ажлын философи, түүхэн сэтгэлгээнд үнэ цэнэтэй хүмүүнлэгийн сургаал айлдаж, тэр ч утгаараа нийгмийн ажлын мэргэжлийн онолын хөгжилд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн сэтгэгч мөн.
Ж.Ж.Руссогийн нийгмийн болон улс төрийн үзэл бодол шингэсэн гүн ухааны гол бүтээлүүд бол: «Юлия буюу Шинэ Элуаз" 1757-1760 онд захидал хэлбэрээр бичсэн роман (франц. Julie ou la Nouvelle Héloïse) , «Эмиль» 1762 онд бичиж дууссан сурган хүмүүжүүлэх ухааны тухай роман (франц. Èmile), «Нийгмийн гэрээ» Хүн эрх чөлөөтэй төрдөг гэвч нийгэмд амьдрахад "гэрээ" байгулдаг гэсэн санаа агуулдаг ном (франц. Contrat social).
1764 онд Ж.Руссо өөрийн «Хөгжмийн толь» гаргасан («Dictionnaire de musique», P., 1768).
Жан Жак Руссо 1778 оны 7 дугаар сарын 2-нд Парис хотоос умард зүгт 40 км орчим дахь "Шато д'Эрменонвиль" хэмээх эдлэнд нас барсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жан Жак Руссо
- Зохиогч
- Шинэ эриний өмнөх гүн ухаантан
- Швейцарын гүн ухаантан
- Соёлын гүн ухаантан
- Улс төрийн гүн ухаантан
- Франц хэлээрх утга зохиол
- Соён гэгээрүүлэгч
- 18-р зууны утга зохиол
- Утга зохиолын захидал
- Сонгодог эрин үеийн хөгжмийн зохиолч
- Дуурийн хөгжмийн зохиолч
- Францын хөгжмийн зохиолч
- Женевийн хүн
- Францчууд
- 1712 онд төрсөн
- 1778 онд өнгөрсөн