Jump to content

Жэймс Нэйсмит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жэймс Нэйсмит

Жэймс Нэйсмит (англи. James Naismith; 1861 оны 11-р сарын 6-нд төрсөн—1939 оны 11-р сарын 28-нд нас барсан) — канад-америк багш, дасгалжуулагч, шинийг эрэлхийгч, Сагсан бөмбөгийн спорт тоглоомыг зохиогч гэдгээрээ алдартай.

Нейсмит АНУ-ын Спрингфилд дахь олон улсын дасгал сургалтын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Өвлийн улиралд сурагчдын биеийн тамирын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд тэрээр заалны бөмбөгтэй тоглоомыг шинээр зохион бүтээжээ. АНУ руу нүүж ирснийхээ дараа тэрээр сагсан бөмбөгийн дүрмийг бичиж, Канзасын их сургуульд сагсан бөмбөгийн сургалтын хөтөлбөрийг анх байгуулжээ.

Жэймс Нэйсмит 1861 онд Рэмси (англи. Ramsay Township, өнөөгийн Канадын Онтариогийн Миссисипи-Миллс) тосгонд төрсөн. 1883 онд Олмонт хотын дунд сургуулийг (англ. Almonte High School) төгссөн. Тэр жилдээ Монреал дахь МакГилл их сургуульд элсэн орсон. Суралцах хугацаандаа Нэйсмит Канадын хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, гимнастикийн чиглэлээр их сургуулийн багуудад амжилттай оролцож байсан. Канадын хөлбөмбөгт тэрээр төвийн байрлалд тоглодог байсан бөгөөд тоглолтонд хамгаалалтын дуулга хэрэглэхийг анх санал болгосон хүн юм. Нэйсмит 1888 онд биеийн тамирын чиглэлээр бакалаврын зэрэг, Монреал дахь Пресбитериан коллежийн диплом авсан. Нэйсмит 1891 оноос биеийн тамирын хичээл зааж, МакГилл их сургуулийн биеийн тамирын сургуулийн анхны захирал болсон боловч хожим их сургуулиа орхин Америкийн Массачусеттс мужийн Спрингфилд дахь Олон улсын дасгал сургалтын төвд багшаар ажиллах болжээ.

Сагсан бөмбөг зохиосон түүх

[засварлах | кодоор засварлах]

Сагсан бөмбөгийн өмнөх үеийн хүмүүсийн дунд, Жеймс Нейсмитийн сайн мэддэг бөгөөд түгээмэл байсан "хадан дээрх нугас" хүүхдийн тоглоомыг ихэвчлэн дурддаг юм. Жижиг чулуу шидэж нөгөө том чулууны оройг онох ёстой тоглоом юм. Нейсмитийн намтар судлаачдын үзэж байгаагаар яг энэ тоглооом тоглох үеэр анх "сагсан бөмбөгийн ерөнхий зарчим" залуу Жеймсийн толгойд орсон гэдэг. Доктор Нэйсмит АНУ-ын Массачусеттс мужийн Спрингфилд дахь Олон улсын дасгал сургалтын коллежид анатоми, биеийн тамирын хичээл зааж эхэлснээр сагсан бөмбөгийн тоглоом боловсорч гүйцсэн юм. Нэйсмит өвлийн улиралд танхимд болдог гимнастикийн хичээлүүд оюутнуудад хэтэрхий уйтгартай нэгэн хэвийн мэт санагдахыг анзаарч, тэднийг байшинд хийж болохуйц, харьцангуй жижиг хэмжээтэй танхимд, ур чадвар болон биеийн хөдөлгөөний ур чадвар шаардсан шинэ тоглоом зохиож хичээллүүлэхээр шийдсэн байна.

Биеийн тамрийн танхимын тагтнаас хоёр талд жимсний сагс тогтоож (англи. «basket», эндээс тоглоомын нэр үүссэн) шалнаас тагт хүртэлх өндөр нь 3 м 5 см байсан бөгөөд энэ өндөр нь өнөө хүртэл сагсан бөмбөгийн талбайд баримталж байгаа юм. Оюутнууд хоёр бага болж эсрэг багийн сагсанд бөмбөгөө онж оруулах ёстой байв. Ийнхүү Сагсан бөмбөг үүссэн байна.

Албан ёсоор бүртгэгдсэн анхны сагсан бөмбөгийн тэмцээн 1891 оны 12-р сард болсон. Тэр үеийн тоглоом нь өнөөгийнхээс ядгаатай байв. Учир нь багууд 9 хүнтэй байсан (багш зүгээр л ангид байсан 18 оюутнаа тэнцүү хуваасан) хөл бөмбөгийн бөмбөгөөр тоглодог байсан.

Шинэ спортын тоглоомын тухай мэдээ Америк даяар тархаж, удалгүй Нэйсмитийн багшилж байсан коллежид олон захидал ирж, зохиогчид нь тоглоомын дүрмийг тэдэнд илгээхийг хүссэн байна. 1892 оны 1-р сарын 15-нд Жэймс Нэйсмит Спрингфилд коллежид хэвлэгдсэн "Гурвалжин" сонинд сагсан бөмбөгийн дүрмийг анх нийтэлжээ. 1892 онд Сагсан бөмбөгийн дүрмийн анхны ном хэвлэгдсэн бөгөөд 13 зүйлээс бүрдсэн бөгөөд "Нэйсмитийн дүрэм" нь орчин үеийнхээс зарим талаараа ялгаатай байдаг ч тэдгээрийн ихэнх нь өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна.

Нэйсмитийн зохиосон 13 бүлэг бүхий Дүрэм

[засварлах | кодоор засварлах]
  1. Бөмбөгийг нэг эсвэл хоёр гараараа аль ч чиглэлд шидэж дамжуулж болно.
  2. Бөмбөгийг нэг эсвэл хоёр гараараа аль ч чиглэлд шидэж болох боловч хэзээ ч нударгаараа цохиж болохгүй.
  3. Тоглогч бөмбөг гартаа бариад гүйж болохгүй. Тоглогч өндөр хурдтай гүйж байгаа тоглогчийг эс тооцвол бөмбөгийг барьж авсан газраасаа шидэх ёстой.
  4. Бөмбөгийг гараараа барих ёстой. Бөмбөгийг барихын тулд шуу болон биеэ ашиглаж болохгүй.
  5. Ямар ч тохиолдолд өрсөлдөгчөө цохих, шүүрэх, барих, түлхэхийг хориглоно. Аливаа тоглогч энэ дүрмийг анх удаа зөрчсөн тохиолдолд алдаа "фол" гэж нэрлэнэ; хоёр дахь алдаа нь дараагийн гоолыг оруулах хүртэл түүнийг хасах бөгөөд хэрэв тоглогчийг гэмтээх нь илт байсан бол тэр бүх тоглолтын хугацаанд оролцох эрхгүй болно. Нэгэнт тоглох эрхээ хасуулсан тоглогчийг солих боломжгүй юм.
  6. Бөмбөгийг нударгаараа цохих нь 2, 4-р дүрмийг зөрчсөн тул шийтгэлийг 5-р зүйлд тайлбарласан болно.
  7. Хэрэв аль нэг тал дараалан гурван алдаа буюу "фол" хийвэл өрсөлдөгч талд оноо өгнө. (энэ нь өрсөлдөгч нь энэ хугацаанд нэг ч алдаа гаргах ёсгүй гэсэн үг).
  8. Шалнаас шидэгдсэн эсвэл ойсон бөмбөг сагсанд орж, тэнд үлдсэн тохиолдолд оноо тооцогдоно. Хамгаалалтын тоглогчид бөмбөг сагс руу буудаж байхдаа бөмбөг, сагсанд хүрэхийг хориглоно. Бөмбөг тавцанд хүрч, өрсөлдөгчид сагсыг хөдөлгөвөл оноо тооцно.
  9. Хэрэв бөмбөг талбайн гадна гарвал хамгийн түрүүнд бөмбөгөнд очиж хүрсэн тоглогч түүнийг талбай руу оруулах ёстой. Маргаан гарсан тохиолдолд шүүгч бөмбөгийг талбай руу оруулах ёстой. Тоглогч бөмбөгийг таван секундын турш барихыг зөвшөөрнө. Хэрэв тэр илүү удаан барьвал бөмбөгийг өрсөлдөгчид өгнө. Хэрэв аль нэг тал цаг авч удаашруулахыг оролдвол шүүгч тэдэнд алдаа "фол" өгөх ёстой.
  10. Шүүгч нь тоглогчдын үйлдэл, алдааг хянаж, дараалсан гурван алдааны талаар шүүгчид мэдэгдэх ёстой. Түүнд 5-р дүрмийн дагуу тоглогчдыг хасуулах эрхтэй.
  11. Шүүгч бөмбөгийг ажиглаж, бөмбөг хэзээ тоглох (дотор) болон талбайн гадна (гадаа) байх үед, бөмбөгийг аль тал эзэмших ёстой, шүүгчийн ердийн үед хийх бусад үйлдлийг тодорхойлох ёстой.
  12. Тоглолт нь тус бүр 15 минутын хоёр хагасаас бүрдэх бөгөөд завсарлага 5 минут байна.
  13. Энэ хугацаанд илүү олон бөмбөг оруулсан тал нь ялагч болно.