Jump to content

Зандраагийн Түмэн-Өлзий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зандраагийн Түмэн-Өлзий (1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөө гэдэг газар төрсөн-) Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч. Монгол Улсын ШУА-ийн “Хүндэт доктор” цолтой.

3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент авснаар энэхүү шагналын эзэн болжээ.

Тэрээр Зандраагийн 4-р хүү болж төрсөн. Эцэг эхээс 11-үүлээ. Эцэг Зандраагийн эцэг Дашпунцаг, эх Хушаан нар нь малчин ардууд байсан бөгөөд З.Түмэн-Өлзийн эцэг Зандраа, эх Ханджав нар нь мөн мал маллаж байгаад 1956 онд Нөмрөг сумын анхны “Эх эхлэлт” нэгдэлд гишүүнээр элсэж, мал маллах, туслах бригадад мужаан зэрэг ажил хийж байгаад 1968 онд УБ хотод шилжин ирж Аж үйлдвэрийн Комбинатын хайрцагны цехэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, эцэг Зандраа нь 1986, эр Ханджав нь 1994 онд тус тус ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Эцэг Д.Зандраа нь 1938 онд Байтагбогдод хасгуудтай, 1939 онд Халх голд Япончуудтай байлдаж “Бид ялав” , “Халх голын” ойн медалуудаар удаа дараалан шагнагдаж байсан.

З.Түмэн-Өлзий нь 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсний дээр бүх хүүхдүүдээ гадаад орнуудад явуулж суралцуулан өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлж, хүүхдүүд нь одоо НҮБ болон бусад газруудад ажил алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

З.Түмэн-Өлзий нь 1965 онд ЭЗДСургууль,1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. 1965 оноос 1988 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл, УБ хотын мод боловсруулах үйлдвэрүүдэд ахлах, Ерөнхий ня-бо, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, Намын дарга зэрэг ажлуудыг хийж, ажилласан байгууллагуудынхаа ажлыг сайжруулж арга туршлага нь хэвлэл номонд гаран, сайшаал шагнал хүртэж хот, дүүргийн намын бага хуралд төлөөлөгчөөр байнга оролцон, хот, дүүргийн Намын хорооны гишүүнээр удаа дараалан сонгогдож байсан юм.

"МоТүӨв" ХХК-ны захирал бөгөөд  дэлхийд ганц байдаг “Оюун ухааны олон улсын музей”-н үүсгэн байгуулагч юм. Түүний музей нь дэлхийн 52 орны ная гаруй үзэсгэлэнд оролцсон бөгөөд  Олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, алт хүрэл медалийг хүртэж байсан юм.

1990 оны 8-р сарын 13-ны өдөр “Монголын нууц товчоо” зохиолын 750 жилийн ойгоор байгуулагдаж, Монголын залуучуудын эвлэлийн төв хорооны гурван өрөө байранд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Монголын анхны хувийн музей юм. Анх байгуулагдахдаа Үндэсний тоглоомын үзэсгэлэн гэж нэртэйгээр байгуулагдаж байсан. Дараа нь 1996 онд Үндэсний тоглоомын Олон улсын үзэсгэлэн нэртэй болсон. 1998 онд Оюун ухааны музей нэртэй болов. Энэ хугацаанд маш олон оронд үзэсгэлэн гаргасан. Ингэж үзэсгэлэн гаргах тоолондоо тухайн улсынхаа  үндэсний соёл зан заншил шингэсэн тоглоом наадгайнуудаас худалдан авч музейгээ баяжуулсаар иржээ.

Тэрбээр анх 1955 оноос буюу 11 настайгаасаа эхлэн оньсон тоглоом сонирхон хийж эхэлсэн байна. 20 гаруй насандаа мод боловсруулах үйлдвэрт санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үйлдвэрээс гарсан үрстийг ашиглах санаа төрж зуух зохион бүтээжээ. Мөн шувууны өдийг будганд оруулан хачин гоёмсог цэгцэг болгосон байна. Ингэж л хаягдлыг хаягдал биш болгон хувиргажээ.   З.Түмэн-Өлзий нь оньс гэдэг бол Монгол үндэсний бахархал гэж үздэг бөгөөд  оньсоор  3000 гаруй тоглоом хийж зохиогчийн эрхийг нь хамгаалж патент авсан ба  150 гаруй өөр өөр хийцтэй шатар зохион бүтээсэн байна. Учир нь шатар Монголоос гаралтай гэдгийг нотлохыг зорьдог бөгөөд орон орны шатар цуглуулдаг хоббитой юм.  Тэрбээр тун сайхан зурдаг бөгөөд  500 гаруй хөрөг, шог хошин өгүүллэг, нийтлэлийн дөрвөн ном туурвисан юм.

З.Түмэн-Өлзий нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр гурван дээд сургууль төгссөн байна. 1965 онд сургуулиа төгсөөд санхүүгийн ажилтнаас намын дарга хүртэл хийж явсан ба 1988 оноос өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөн музейн ажлаа дагнах болсон байна. Тоглоом бол шинжлэх ухаан, соёл урлагийн бүтээл, хүмүүжлийн хэрэгсэлэл, тухайн улсын соёл иргэншилийн түүх байдаг гэдгээрээ бахархаж өөрийн бүх амьдралаа зориулж байна.

"Мо Тү Өв" компани нь 1990 онд оньсон тоглоом хийдэг модны цех байгуулан ажиллаж энэ хугацаанд 200000 гаруй тоглоом үйлдвэрлэн гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлж, тоглоом үйлдвэрлэх нь гар ажиллагаа, чимхлүүр ажил ихтэй, ашгийн түвшин багатай ч гэсэн улсад орлогын  ЭМ, НДШ зэрэгт 20 гаруй сая төгрөг төлсөн билээ. Мөн төрсөн нутаг Нөмрөг сумандаа 1998 онд 1 сая төгрөг, 2004 онд 3 сая төгрөгийн үнэ бүхий модны суурь машинууд хандив болгон өгч, Завхан аймгийн Улиастай хотын Соёлын төвд буй өөрийн нэрэмжит шатарын клубт 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн шатар болон тэмцээнд ашиглах шатаруудыг өгсөн гэх мэт тусламж үзүүлж, З.Түмэн-Өлзийн нэрэмжит шатарын тэмцээнийг жил болгон Завхан аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж түүний бай шагналыг нь З.Түмэн-Өлзий гаргадаг болоод байна. Монголын хүүхдийн байгууллага байгуулагдсаны  75 жилийн ойгоор Монголын хүүхдүүдэд 1,5 сая төгрөгийн тоглоом наадам хандив болгон өгсөн болно. 1998 онд Халимагийн нийслэл Элистэй хотод болсон дэлхийн шатарын 33-р олимпод үзэсгэлэн гаргаж “ Аваргын Оньсон Шатар” хэмээх 1992 онд өөрийн бүтээсэн бодит дүрстэй оньсон шатрыг ширээ, сандлын хамт дэлхийн шатрын холбоонд бэлэглэхэд, Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн бүтээл” хэмээн үнэлж, хүндэт жуухаар шагнасан билээ.

З.Түмэн-Өлзийн сүүлийн үеийн бүтээлээс дурдвал Чингис хааны музейд хийсэн оньсон хаалга болон оньсон бүтээлүүд тавигдсан байдаг ажээ.

Мүзейн албан ёсны цахим хаяг: https://www.iqmuseum.mn/mn/