Jump to content

Зүйлийг хамгаалах өдөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зүйлийг хамгаалах өдөр (Англи: World Wildlife Day) нь жил бүрийн 03-р сарын 03-ны өдрийг зэрлэг байгалийн болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2013 оны 12-р сарын 20-ны өдөр хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталжээ. Энэ нь 1973 оны 03-р сарын 03-нд батлагдсан “Вашингтоны зүйлийг хамгаалах конвенц” (CITES)-ын өдрийг хүндэтгэн сонгосон хэрэг. Өдрийг дэлхийн зэрлэг ан амьтан, ургамлын өдөр болгон тэмдэглэх, тэдний тухай боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхд төвлөрүүлэе гэсэн саналыг Тайланд улсын зүгээс гаргаж байжээ.

Ургамал эсвэл амьтан эсэхээс үл хамааран эдгээр зүйлүүд нь хүний хоол хүнс, эмнэлэг, анагаах ухааны түүхий эд гэх мэт амьдралын бүхий л салбарт үзүүлдэг ач холбогдлыг нь дутуу үнэлж болохгүй. Өнөөгийн цаг үед жил бүр олон зуун амьтан, ургамалд устан үгүй болох аюул заналхийлж, зарим нь бүүр устан үгүй болж байна. Дэлхий дахинд хэзээ ч байгаагүй мэт устан алга болох гэж байгаа зүйлүүдийг алдалгүй үргэлжлүүлэн үржүүлэхийн тулд CITES-ийг байгуулсан.

Заримдаа энэ өдөр нь аль нэг ховордсон амьтан эсвэл бүлэг амьтдыг онцлон анхаарал хандуулж тэмдэглэдэг бол бусад жилүүдэд зэрлэг байгальд нөлөөлөх тодорхой асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг. Тухайн жилийн сонгосон сэдвийн хүрээнд зэрлэг байгалийн эсрэг гэмт хэргийн талаар нухацтай ярих, залуу үеийн дуу хоолойг сонсох зэрэг үйл ажиллагааг заавал багтаадаг. Дэлхийн зэрлэг байгалийн өдрийг CITES-ийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын бүх төрөлжсөн байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг байна.

Жишээлбэл өмнөх жилүүдийн “Дэлхий зэрлэг байгалийн өдөр”-үүдийг

2015 онд: "Зэрлэг байгалийн эсрэг гэмт хэрэгт нухацтай хандах цаг болжээ", 2016 онд: "Зэрлэг ан амьтдын ирээдүй бидний гарт: Заануудын ирээдүй бидний гарт" дэд сэдвээр, 2017 онд: "Залуу үеийнхээ дуу хоолойг сонсоорой", 2018 онд: "Том муурнууд – аюулд өртөөд буй махчин амьтад", 2019 онд: “Усны доорхи амьдрал: хүмүүсд болон дэлхийд”, 2020 онд: "Тогтвортой байдлыг дэлхийн бүхий л амьд зүйлсэд" уриатай тэмдэглэж байсан бол 2021 онд: "Ой ба амьжиргаа: хүмүүс ба дэлхийн тогтвортой байдалд" (Forests and Livelihoods: sustaining people and planet) гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм байна.

Өнөөдөр 200-350 сая орчим хүмүүсийн амьжиргаа ой болон ойн төрөл зүйл, экосистемд шууд хамааралтай байгаа бөгөөд өдрийн хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд 1, 12, 13, 15-д тусгагдсан ядуурлыг бууруулах, нөөцийг зохистой ашиглах, амьдрах орчныг хамгаалах талаарх өргөн цар хүрээтэй амлалтуудтай уялдаж байна. Дэлхийн хуурай газрын гадаргуугийн 28 орчим хувийг бүрхэн байгаа ой мод, түүний эко системийг хамгаалах, зүй зохистой хэргэлэх, ойн бүсд амьдарч байгаа иргэдийн эдийн засаг, амьдралын хэв шинж, соёлын онцлог байдлыг хадгалах нь чухал. Тиймээс менежментийг сайжруулж, ойт бүсийг нэмэгдүүлэн тэнд оршин байгаа хүн, амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалахад уг өдрийн зорилго төвлөрч байгаа аж.

Монгол улсын ойн сан нь 2016 оны байдлаар 18,5 сая га буюу нийт газар нутгийн 11,8%-ийг эзэлж байгаа бөгөөд 12,3 сая га нь хэвийн ургаж, 5,6 сая га нь түймэр, мод бэлтгэл, хортон шавьжид идэгдэн доройтсон байгаа нь бид ч ойн сангийнхаа экологид анхаарах цаг нэгэнт болсныг илтгэнэ.