Зөвлөлт-Хятадын найрамдал, эвслийн тухай гэрээ (1945 он)
Зөвлөлт-Хятадын найрамдал, эвслийн тухай гэрээ -1945 оны 8-р сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Улсын хооронд 30 жилийн хугацаатай байгуулсан гэрээ юм.
Урьдах нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]1945 оны 2-р сард Холбоотны дээд хэмжээний Ялтын уулзалт дээр ЗХУ Японы эсрэг дайнд орохыг хэд хэдэн нөхцөл тавьж зөвшөөрсөн байна. Энэ уулзалтаар тохиролцсон зүйлүүд Хятадад ч хамаатай байсан тул хятадын удирдагч хуралд оролцоогүй тул 1945 оны 6-р сарын 30-нд Москвад Зөвлөлт-Хятадын талуудын хэлэлцээ эхэлсэн байна.
Зөвлөлтийн тал Хятад Улсын албан ёсны засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Дальный, Порт-Артур боомтуудтай Квантун мужийг, "Хятадын Зүүн төмөр зам"-ыг удирдах бүх эрхийг олгох болон Хятадын нутаг дэвсгэр дэх уурхай, үйлдвэр болон бусад аж үйлдвэрийг ЗХУ-л өгөхийг шаарджээ. Үүний хариуд Зөвлөлтийн засгийн газар Хятадтай найрамдал, эвслийн гэрээ байгуулж, үүгээрээ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, Хятад дахь Чан Кайшигийн дайснуудад тусламж үзүүлэхгүй байхыг баталгаажуулахад бэлэн байгагаа илэрхийлжээ. ЗХУ-ын тавьсан нөхцөл Ялтын уулзалтад оролцсон бусад талуудын буулт хийх боломжоос давсан тул хэлэлцээ 1945 оны 7-р сарын 14-нд тасалдсан байна.
Гэсэн хэдий ч АНУ Зөвлөлт Холбоот Улсыг Японтой хийж байгаа дайнд оролцуулах хэрэгтэй байсан бөгөөд ЗСБНХУ Хятадын Коммунист намыг дэмжихээс татгалзах баталгаа гаргахад бэлэн байсан тул АНУ Чан Кайшид шахалт үзүүлсэний үр дүнд яриа, хэлэлцээг сэргээсэн байна. 1945 оны 8-р сарын 7-нд Чан Кайши ЗХУ-ын засгийн газраас Хятадын коммунистуудыг дэмжихгүй гэсэн баталгаа авбал тодорхой буулт хийхэд бэлэн байв. Зөвлөлтийн тал Гоминданы засгийн газарт дэмжлэг үзүүлэх баталгаа гаргаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд Чан Кайшигийн Гадаад Монголд тусгаар тогтнол олгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болзолыг зөвшөөрсөн юм. Үүний үр дүнд 1945 оны 8-р сарын 14-нд "Зөвлөл-Хятадын найрамдал, эвслийн гэрээ"-нд гарын үсэг зурсан байна.
Гэрээ
[засварлах | кодоор засварлах]Энэхүү Гэрээний дагуу талууд ялалт хүртэл Японы эсрэг дайн хийх, ямар ч эвсэлд орохгүй байх, нөгөө талын эсрэг чиглэсэн аливаа эвсэлд оролцохгүй байхаар тохиролцсон байна. Хоёр тал бие биенийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэг хүлээсэн байна. Гэрээнд Гоминданы Хятадын Гадаад хэргийн сайд Ван Си Зы, ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын коммисар Вячислав Молотов нар гарын үсэг зурахад Зөвлөлтийн Иосиф Сталин, БНХУ буюу Хятадын ерөнхий сайд Сүн Зи Вен нар байлцсан байна.
Гэрээтэй зэрэгцэн БНХУ-ын Чанчуны төмөр замыг хоёр улсын хамтын өмчийн өмч болгох, Порт Артур дахь тэнгисийн цэргийн баазыг хоёр тал ашиглах, бусад улсын хөлөг онгоцонд хаалттай байх, Дальный боомтыг хоёр талын хамтарсан удирдлага дор нээлттэй худалдааны боомт байх тухай Хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Зөвлөлтийн засгийн газар Япон бүрмөсөн бууж өгснөөс хойш 3 сарын дотор Зөвлөлтийн цэргийг Порт Артур, Дальный мужуудаас бусад Хятадын зүүн хойд нутгаас гаргана гэж мэдэгпдсэн. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад улс хүлээн зөвшөөрөх тухай ноот бичгийг ЗСБНХУ, Хятадын Гадаад хэргийн сайд нар солилцсон байна.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]Манжуурт Зөвлөлтийн цэрэг Японы армийг бут ниргэсний дараа Зөвлөлтийн тал энэхүү гэрээний заалтыг биелүүлж өөрийн хяналтанд байсан хотуудад коммунист зэвсэгт хүчнийг оруулахаас татгалзаж, тэнд Гоминданы засаг захиргааг байгуулахад хувь нэмрээ оруулсан юм. Дайны үеэр Чан Кайшигийн цэргийг Хятадын баруун өмнөд хэсэг рүү түлхэж, зүүн хойд зүгт түргэн шилжүүлэх боломжгүй байсан тул Хятадын талын хүсэлтээр 11-р сарын 30, 12-р сарын 9-нд Манжуур дахь Зөвлөлтийн цэргүүдийн хугацааг сунгаж байсан юм.
Энэ гэрээний нөхцөлийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт 1945 оны 10-р сарын 20-нд явуулсан. 1946 оны 1-р сард БНМАУ-ын статус-кво-г албан ёсоор хүлээн зөвшөөрч БНМАУ, БНХУ-ын Гоминдааны засгийн газрын хооронд дипломат харилцааг 1946 оны 12-р сарын 13-нд тогтоож байсан юм.
1949 оны 10-р сард байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай ЗХУ 1950 оны 2-р сарын 14-нд шинээр хоёр талын Гэрээ байгуулсан байна.