Иван Павлов
Иван Павлов (орос. Иван Петрович Павлов, 1849 9-р сарын 14-нд Оросын хаант улсын Рязань хотод төрсөн—1936 оны 2-р сарын 27-нд ЗХУ-ын Ленинград хотод нас барсан) — оросын болон зөвлөлтийн эрдэмтэн, физиологич, дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжлэх ухааны суурийг тавигч. 1904 онд Хоол боловсруулах физиологийн чиглэлээрх судалгааны ажлынхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн.
Оросын эрдэмтэн Иван Сеченов, Николай Введенский, Алексей Ухтомский болон тэдний дагалдагчидтай хамт тэрээр сэтгэл зүйн физиологийн үйл явцын рефлексийн үндэс суурийг тавьсан. Тэрээр физиологийн рефлексийн бүхэл бүтэн багцыг болзолт ба болзолгүй гэж хуваадаг, мөн зан төлвийн ялгаатай байдлын үндэс болох зан байдлын төрлүүдийн сэтгэл зүйн физиологи, мэдрэлийн системийн шинж чанарыг судласан гэдгээрээ алдартай.
Боловсрол ба амьдралын эхэн үе
Павлов 1849 оны Оросын эзэнт гүрний Рязань хотод 10 хүүхэдтэй айлын ууган нь болон мэндэлжээ. Түүний аав Петр Дмитриевич Павлов (1823-1899) нь тосгоны Оросын үнэн алдартны шашны номлогч, харин ээж Варвара Ивановна Успенская нь (1826-1890) үнэнч, гарамгай гэрийн эзэгтэй байжээ. Павлов хүүхэд байхдаа аяга таваг угаах, дүү нараа асрах гэх мэт гэрийн ажилд дуртайяа оролцдог байв. Тэрээр цэцэрлэгт хүрээлэн, дугуй унах, сэлүүрдэх, усанд сэлэх, городки тоглох дуртай байсан; тэр зуны амралтаа ийм маягаар өнгөрөөдөг байж. Долоон настайдаа уншиж чаддаг байсан ч өндөр хананаас чулуун хучилттай газарт руу унасны улмаас хүнд бэртсэн тул Павлов 11 нас хүртлээ албан ёсоор сургуульд сурч чадаагүй байна.[1]
Павлов бага наснаасаа оюунлаг сониуч зан, танин мэдэх эрч хүчтэй байсныгаа "судалгааны инстиксттэй" төрсөн гэж дурдсан байдаг. 1860-аад оны Оросын утга зохиолын шүүмжлэгч Дмитрий Писарев, Оросын физиологийн эцэг Иван Сеченов нарын дэвшилтэт үзэл санаанаас урам зориг авсан Павлов шашны карьераа орхиж, шинжлэх ухаанд амьдралаа зориулжээ. 1870 онд тэрээр Санкт-Петербургийн их сургуулийн физик-математикийн тэнхимд байгалийн ухааны чиглэлээр суралцахаар элсэн орсон байдаг.
Павлов орон нутгийн теологийн семинарт (local theological seminary) орохоосоо өмнө Рязаны сүмийн сургуульд сурч байжээ. Гэвч 1870 онд тэрээр Санкт-Петербургийн их сургуульд орохоор семинараа дундаас нь орхижээ. Тэнд тэрээр физик-математикийн тэнхимд элсэн орж, байгалийн ухааны чиглэлээр суралцсан. Их сургуулийн дөрөв дэх жилдээ нойр булчирхайн мэдрэлийн физиологийн талаархи анхны судалгааны ажлаараа сургуулийн хүндтэй шагналыг хүртсэн байна. 1875 онд Павлов сургуулиа амжилтай төгсөж, байгалийн шинжлэх ухааны нэр дэвшигчийн зэрэг (Candidate of natural science) хүртжээ. Физиологийн хичээлд маш их сонирхолтой байсан Павлов үргэлжлүүлэн суралцахаар шийдэж, Эзэн хааны анагаах ухааны мэс заслын академи руу (Imperial Academy of Medical Surgery) шилжжээ. Академид байхдаа Павлов хуучин багш Элиас фон Сионы туслах болжээ. Сионыг өөр багшаар солих үед тэрээр тэнхимээ орхисон.
Хэсэг хугацааны дараа Павлов Константин Николаевич Устимовичийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн физиологийн тэнхимд лаборантаар ажилд орсон. Хоёр жилийн турш Павлов анагаах ухааны диссертацид цусны эргэлтийн тогтолцоог судалжээ. 1878 онд Оросын нэрт эмч, профессор С.П.Боткин авьяаслаг залуу физиологичийг физиологийн лабораторид урьж, клиникийн эрхлэгчээр ажиллуулжээ. 1879 онд Павлов эрдэм шинжилгээний ажлаараа Анагаах ухааны цэргийн академийг алтан медалтай төгссөн. Өрсөлдөөнт шалгаруулалтын дараа Павлов академийн төгсөлтийн дараах ажилд суралцах хүрээлэлд (the fellowship ) хамрагдав.[2]
Хүрээлэл болон түүний Боткины клиникийн физиологи лабораторийн албан тушаал нь Павловт судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгосон. 1883 онд тэрээр "Зүрхний төвөөс зугтах мэдрэл" сэдвээр докторын диссертацаа хамгаалж, мэдрэлийн системийн трофик үйл ажиллагааны үндсэн зарчмууд буюу мэдрэлийн тухай санааг дэвшүүлжээ. Нэмж дурдахад түүний Боткины клиниктэй хамтран ажилласан нь цусны эргэлтийн эрхтнүүдийн үйл ажиллагааны рефлексийн зохицуулалтын үндсэн хэв маягийн нотолгоог бий болгоход тусалсан.[2]
Түүнийг шинжлэх ухааны карьер хөөхөд тухайн үеийн утга зохиолын шүүмжлэгч, байгалийн ухааныг дэмжигч Д.И.Писарев, Оросын физиологич И.М.Сеченов нар түлхэц өгсөн бөгөөд Павлов Сеченовыг "физиологийн эцэг" гэж тодорхойлсон байдаг.
- ↑ Blokh, Mark; Asratyan, Zoya; Asratyan, Norair (2020). "Dicteme and Its Conceptualizing Function in Imaginative Literature". Proceedings of the International Conference Digital Age: Traditions, Modernity and Innovations (ICDATMI 2020). Paris, France: Atlantis Press. doi:10.2991/assehr.k.201212.057.
- ↑ 2.0 2.1 Blokh, Mark; Asratyan, Zoya; Asratyan, Norair (2020). "Dicteme and Its Conceptualizing Function in Imaginative Literature". Proceedings of the International Conference Digital Age: Traditions, Modernity and Innovations (ICDATMI 2020). Paris, France: Atlantis Press. doi:10.2991/assehr.k.201212.057.