Индукци
Индукци (лат. ˌinducereˈ - “шалтгаалах, нөлөөлөх, нэвтрүүлэх, эргээд гарах, мэдээд гарах”) нь ямарваа нэгэн үзэгдэл буюу ерөнхий ухагдахуун эсвэл байгалийн хуулийг ажигласаны үндсэн дээр түүнээсээ ерөнхий ойлголт болон туршлага суух утгыг илэрхийлдэг. Энэ бол ажиглалт болон туршилтын дүгнэлттэй холбоотой танин мэдэхүйн арга юм. Логикийн үүднээс авч үзвэл нэгж, эсвэл тусгай баримжааны үндсэн дээр онцгой дүрэм журмын дагуу гаргаж авсан ерөнхий санаа бодлыг агуулсан оюун дүгнэлт гэж ойлгож болно. Шинжлэх ухаанд болон өдөр тумын амьдралд нийтлэг шинжтэй олон зүйл нь тусгай баримтуудыг эзэмшсэний үр дүнд бий болдог. Нэгж болон тусгайгаас ерөнхий руу шилжих үйл явц хүний оюун санаандаа явагддаг. Тухайлбал, XYII зууны эхэнд Кеплер: “Аливаа гариг эллипсийн дагуу хөдөлдөг бөгөөд түүний аль нэг цэгт Нар оршин тогтдог” (Сүүлд үүнийг Кеплерийн нэгдүгээр хууль гэж нэрлэх болсон) гэдгийг баталсан байдаг. Энэ дүгнэлтийг Газар, Ангараг, Сугар зэрэг тусгай гариг бүрийн хөдөлгөөнийг судалсаны үндсэн дээр хийжээ. Үүний дараа энэхүү индукцийн аргыг шинжлэх ухааны аль ч салбарт түгээмэл хэрэглэдэг болжээ. Индукцийн тусламжтайгаар нийтлэлийн мэдээлэл олж авах объектив үндэслэл бол ерөнхий зүй тогтлын холбоогоор нэгдсэн үйл явдлуудын давтамж байдаг бөгөөд түүний үндсэн дээр нэгж, тусгай баримтуудад тулгуурлан ерөнхий хуулийг тогтоож болно. Индукцийн тусламжтайгаар хийж буй дүгнэлтээ илүү найдвартай, үнэмшилтэй болгохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүнд: а. урьдчилсан нөхцөл, баримжааны төвшинд авч үзэж буй зүйлийн (судлагдахуун) тоо аль болохоор олон байх, б. энэ зүйлүүд аль болохоор олон төрөлтэй байх, в. тэд дүгнэлтэнд тусгаж буй зүйлийн ангилал, төрлийн шинж чанарыг илэрхийлж, төлөөлж чадахуйц байх, г. учир зүйн өгүүлэхүүн хэмжээний хувьд аль болохоор их, дүгнэлтийн субъект аль болохоор бага байх, д. дүгнэлтэнд өгүүлж буй зүйлүүдийн нийлбэрийг илэрхийлж байгаа шинж тэмдгүүд тэдний хувьд маш чухал байх зэрэг болно. Орчин үед индукцийн аргыг сэтгүүл зүйн онол, арга зүй, практикийн асуудлуудыг судлахад өргөн хэрэглэж байна.