Итгэмжлэх жуух бичиг

Итгэмжлэх жуух бичиг (Франц: Lettres de créance, Англи: Credentials, оросоор:-Верительная грамота) -Гадаад улсад суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болох Элчин сайд буюу Бүрэн эрхт төлөөлөгч нарыг тус улсын тэргүүн томилж байгаагаа баталгаажуулж, тус томилогдож буй улсад хүлээн авахыг хүсэж байгаа албан ёсны баримт бичиг юм. Энэ бичгийн агуулгад, илгээж буй Улсын Төрийн тэргүүн болон Засгийн газрын нэрийн өмнөөс тус Элчин сайдын хэлсэн зүйлд итгэхийг хүссэн байдаг. Иймээс "Итгэмжлэх жуух бичиг" гэж нэрлэдэг байна.

Орчин үеийн Дипломат ажиллагаанд Итгэмжлэх жуух бичгийг илгээхэд:[засварлах | кодоор засварлах]

  • Төрийн тэргүүн гарын үсэг зурдаг :
  • Гадаад хэргийн сайдын гарын үсгээр баталгаажуулдаг ;
  • Элчин сайдын томилогдож байгаа улсын Төрийн тэргүүнд хаяглагддаг ;
  • Томилогдсон улсынхаа Төрийн тэргүүнд ёслол хүндэтгэлийн байдалд Элчин сайд биечлэн гардуулдаг ;
  • ДТГ-ын тэргүүний тус улсад ирсэн өдөр, цагаар ИЖБ-ээ Төрийн тэргүүнд гардуулах дарааллыг тогтоодог.


Томилогдсон Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор ИЖБ-ээ гардуулсан өдрөөс албан үүрэгтээ ордог тул Элчин сайд аль болох түргэн ИЖБ-ээ гардуулахыг эрмэлздэг. Гэхдээ Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор ИЖБ-ээ гардуулахаас өмнө тус Улсын ГХЯ-ны Ёслолын хэлтсийн даргатай уулзах хүсэлтээ тавьж түүнтэй уулзаж танилцаж ИЖБ-ээ барих ёслолын ажиллагааны үйл явцыг мэдэж авдаг журамтай. Үүний дараа суух улсынхаа Гадаад харилцааны сайдад бараалхаж өөрийгөө танилцуулаад ИЖБ-ийнхээ хуулбарыг гардуулж Төрийн тэргүүнтэй уулзах үеэр ярих зүйлээ танилцуулдаг байна. Ингэснээр Элчин сайд үүрэгт ажилдаа орсон гэж "дэ Факто" үздэг боловч албан ёсоор Төрийн тэргүүнд барьсан өдрөөр тооцдог байна.

Зарим гадаад харилцаа өргөнтэй улсад 100 болон түүнээс дээш гадаадын ЭСЯ, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байдаг тул тухайн Улсын Төрийн тэргүүн Элчин сайд нарын ИЖБ-гийг тус тусад хүлээн авах боломжгүй тул нэг дор "бөөнөөр" нь 30-40 Элчин сайд нарыг хүлээн авдаг жишиг тогтоод байна.