Jump to content

Ичисе шаньюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ичисе шаньюй (хятадаар: 伊稚邪; пиньинь: Yī zhì xié) нь НТӨ 126-114 онд Хүннүгийн төрийг барьж байсан. Тэр бол Лаошан шаньюйн хүү, Жюнчэн шаньюйн дүү юм. Шаньюй болохын өмнө зүүн гарын Лүли ван байв. НТӨ 126 онд ах нь өөд болсны дараа Ичисе зүүн гарын Жүки ван Юйбитэй шаньюйн орыг булаалдан дайтаж ялахад Юйби Хань улсын Уди хаанд дагаар орж, Шэ ань хоу цол хүртсэн. Дотоодын тэмцэлдээ ялсан Ичисе нь шаньюй болоод, дараа зун нь алдсан газраа буцааж авахаар Хань улсын Дай мужийн нутагт довтолж, захирагч Гунь Жи тэргүүтэй 1,000 хүнийг хороож, намар нь Яй Мүн рүү дайрч мөн тооны хохирол учруулжээ.

НТӨ 125 онд Ичисе шаньюй дахин их цэрэг хөдөлгөн гурван замаар дайрч, Ордосын Шуофаны газрыг эзэлжээ. НТӨ 124 онд Хань улсын хаан Вэй Чин жанжинд 100,000 цэрэг өгч, Шуофаныг довтолж, баруун гарын Жүки вангийн хүрээг шөнө дөлөөр гэнэт дайрч, баруун гарын Жүки ван болон түүний 15,000 цэрэг ардыг олзолж, хүчирхийлсэн байна. НТӨ 123 онд дахин их цэрэг авч Диньшян гэдэг газрыг дайран эзэлж, 19,000 орчим хүнийг олзлох юм уу устгав.

НТӨ 121 онд Ганьсу мужийн орчим дахь Хүннү улсын Сючу вангийн эзэмшил рүү Хуо Чубин жанжны удирдсан нэг түмэн цэрэг дайрч, эхэндээ ихээхэн олзтой байсан ч сүүлдээ Хүннүгийн цэрэгт алагдаж, түүний цэргийн олонх нь үхжээ. Энэ мэтээр НТӨ 124-119 онд олон удаа байлдаад Хүннү улс нилээд доройтов.

Өмнөх
Жюнчэн шаньюй
Хүннүгийн их шаньюй
НТӨ 126-114
Дараах
Увэй шаньюй