Jump to content

Карлын гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карлын гүүр. Праг хот

Карлын гүүр (чех. Karlův most, англи. Charles Bridge) — Праг хотын түүхэн Бага хот (чех. Malá Strana) болон Хуучин хот (чех. Staré Město (Старэ Мнесто) дүүргүүдийг Влтава (чех. Vltava) гол дээгүүр холбодог дундад зууны гүүр юм. Гүүрний урт нь 520 м, өргөн нь — 9,5 м. Тус чулуун гүүр 16 томоохон нуман тулгуур дээр тогтдог. Уг чулуун гүүрийг эхлээд Прагийн гүүр гэж нэрлэдэг байгаад сүүлд 1870 онд албан ёсоор IV Карл хааны дурсгалд зориулж нэрлэх болжээ. Энэ гүүрний хоёр талаар шашны агуулгатай гучин хөшөө барималаар чимсэн байдаг.

Карлын гүүрийн өмнө байсан Жудитийн гүүрийг (чех. Juditin most) анх 1172 онд II Владислав барьж өөрийн эхнэр Тюрингийн хатан хаан Жудитын нэрээр нэрлэх болжээ. Энэ гүүрийг сүүлд IV Карлын хаанчлалын эхэн үед ашиглаж байсан боловч тэр үед ч худалдаа, нийгэм, барилгын салбарын өсөлтийн улмаас илүү орчин үеийн гүүр барих хэрэгцээ гарч иржээ. 1342 онд Жудитийн гүүр үерийн үеэр бараг бүрэн нурсан байна.

Праг хотын Карлын гүүр

Шинэ гүүрийг IV Карл зохион бүтээх үүрэг өгч өмнөх Жудит гүүр байсан газрын ойролцоо барьсан юм. Жудит гүүрний үлдэгдэл нь Хуучин хотын цамхаг байрладаг тулгуур баганын ёроолд харагдаж байна. Гүүрний барилгын ажил 1357 оноос XV зууны эхэн үе хүртэл Питер Парлерын зургаар барьжээ. Хуучин хотын эрэг дээрх гүүрний цамхагийг 1380 оны орчим Питер Парлерын урлангийн архитекторууд барьсан байна.

Энэхүү гүүрийг Чехийн нийслэл Праг хотод ирсэн гадаадын жуулчдын заавал очиж үзэж дээгүүр нь гардаг үзмэр болсон юм.