Jump to content

Клаудио Монтеверди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

КЛАУДИО МОНТЕВЕРДИ 1567-1643

Италийн хөгжмийн зохиолч Клаудио Монтеверди 1567 оны Ү сарын 15-нд (?) Кремон хотноо төрж 1643 оны XI сарын 29-нд Венец хотноо нас нөгчжээ. К.Монтеверди нь суут их шинэчлэгч хөгжмийн зохиолч төдийгүй хийлч, дууч, удирдаач хүн байсан билээ.Тэрээр 1590 онд Ром дахь Санта Чечилийн академийн гишүүн цол хүртэж байжээ. Мөн оноосоо Мантуя хотноо гүн Гонзагийн ордонд эхлээд хийлч, дуучин, зохиолчоор алба хааж 1601 оноос ордны найрал хөгжмийн удирдаач, уран сайхны удирдагчаар 1608 он хүртэл ажилласан байна.

1595 онд Мажар, 1599 онд Фландри орнуудаар аялсан бөгөөд 1608 оноос 1613 онд Мантуя хоттой холбоогоо таслалгүйгээр Кремон, Ром, Флоренц, Милан хотноо амьдарч бүтээж байв. 1613 онд италид тэр үед хамгийн алдар хүндтэй байсан Венецийн I Марк хутагтын сүмийн найрал дууны удирдаачаар уригдан очиж насны эцсээ хүртэл ажиллажээ. Тэрээр 1637 онд дуурийн анхны театрын нээлтэд оролцсон байна.

Монтеверди италийн хөгжмийн түүхэнд онцгой байр эзэлдэг бөгөөд мадригалын их ур чадвартан, италийн дуурийн анхны сонгодог зохиолч, хөгжмийн реалист жүжгийг үндэслэгч, шинэчлэгч, ялангуяа зохирлын ухаан, найралжуулга зүйд шинэчлэл хийсэн суут хүн билээ. Тэрээр дуурьт анх удаа дуурийн удиртгал хөгжмийг буй болгосон юм.

Монтеверди нь Шекспир, Тассо, Рубенс болон Караважо нарын үед амьдарч бүтээсэн хүн билээ. Рубенс, Тассо хоёртой Гонзагийн ордонд хамт алба хааж ойр дотно ажиллаж байв. Түүний мадригалууд Тассогийн уянгын найрагтай нягт холбоотой бөгөөд харин дуурийн урлал нь Шекспирийн эмгэнэлт жүжгийн үзэл санаанд их ойртсон байв. Ерөөс түүний уран бүтээл ХҮ, ХҮI зууны урлагийн агуу их хүмүүсийн бүтээл туурвилтай аль нэг талаараа холбоотой байсан юм. Монтевердийн шинэчлэл, түүний эхлүүлсэн шинэ замын аугаа их ач холбогдлыг үнэлж баршгүй. Монтеверди зөрчил тэмцэл хурцадсан, түвэгтэй ээдрээтэй шилжилтийн үед бүтээж шинэчилж байсан нь бидний мэдэх эртний хөгжмийн түүхэнд ердөө ганцаараа сод байсан билээ.

Хөгжмийн урлагт аугаа их Сэргэн Мандалт зөвхөн ХҮI зуунд ирсэн юм. Энэ үед бусад урлагт аль хэдийнээ бодит үнэн байдал болж хөгжсөн хүнлэг орь хүслэнт үзэл нь  хөгжимд дөнгөж эхлэл төдий байв. Ингэхдээ уран зураг, баримал, уран барилга, яруу найраг, жүжгийн урлагийн нэг адил эртний грек, ромын сонгодог урлагийг сэргээн давтах ганц эрмэлзлээр дүүрэн байв. Хүнлэг үзлийн энэ онол хөгжимд гарсан их хувьсал өөрчлөлттэй нийцэж байв. Тухайлбал эртний олон хоолойн зүй ХҮI зуунд найрал дууны урлагт цэцэглэлдээ хүрсэн билээ. Чухамдаа энэ үед олон зуунаар хөгжин бэхэжсэн сүмийн хөгжмийн хүчирхэг урлагтай ордны хүрээнд үүссэн хөгжмийн соёл ширүүн тэмцэл хийхэд хүрсэн юм.

Энэ үеэс хөгжмийн урлаг эвлэршгүй дайсагнагч хоёр тал болж хувираад хөгжмийн урлаг дахь сэргэн мандалтыг хяхан хавчихад шашин сүмийн зүгээс хамаг байдгаа зориулж байв. Ийм байдалд хөгжмийн шинэ эхлэл хөгжих үү, мөхөх үү гэдэг даваан дээр гараад байлаа. Сүмийн хөгжмийнхэн шинэ хөгжмийг энгүүн жирийн хэлбэр, жинхэнэ үнэн урлагаас гуйвсан гэж шүүмжилж, доромжилж байв. Үүний эсрэг шинэ хөгжмийн талынхан өөрийн чиглэлийг хамгаалан тэмцэхдээ ордны урлагийн академүүдийг хүрээлэн тойрч сэргэн мандалтын хүнлэг үзэл санааг тунхаглан зарлаж үүний ач холбогдлыг амьдрал дээр улам бүр баталсаар байв. Эртний урлагийг сэргээн мандуулах энэ ширүүн тэмцлийн дунд залуу Монтеверди уран бүтээлээ эхэлсэн билээ. Түүний суут их гавъяа бол цаг үеийнхнийхээ туйлын хийсвэр төөрөлдсөн үзэл санааг бут цохиж, тулгарсан амин чухал асуудлыг төгс шийдвэрлэж өгсөнд оршино. Түүний уран бүтээл хөгжмийн ирээдүй аль нэг ганц урсгалтай ямар ч холбогдолгүй болохыг харуулж харин ч сэргэн мандалтын эриний соёлын хамгийн дэвшилт сайн сайхныг шингээсэн амьдрах чадалтай шинэ бүхэнтэй холбоотой гэдгийг баталж байв.

Урлагийн бусад салбарыг бодвол хөгжмийн сэргэн мандалт нь эртний сонгодог урлагийг сэргээснээр бус, харин хүний сэтгэлийн дотоод ертөнцийг нээгдүүлэхэд зориулагдсан шинэ агуулга сэдэв төрж гарсантай холбоотойг Монтеверди нотлов.

Монтевердийн үед хөгжмөөр хүний сэтгэлийн дотоод их ертөнцийг илэрхийлнэ гэдэг үгийг огт үзэгдэж дуулдаагүй зүйл, ямар нэг хувьсгал мэт ойлгож байв.

Хүний сэтгэхүйг хөгжмөөр илэрхийлж болохгүй гэсэн мянга мянган жилийн хэвшсэн онол энэ үеэс хүчгүй болж хүний дотоод ертөнц анх удаа хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн агуулга болсон билээ.

Монтеверди нас нөгчихөөсөө өмнөхөн энэ үзлийг дахин нотолсон юм Тэрээр өөрийгөө "догдлонгуй арга барилыг үндэслэгч" гээд түүнээс өмнөх хөгжим бол "амгалан дөлгөөн" байсан гэж үнэлжээ.

Монтеверди үхэл мөхөл, хүсэл цөхрөл, тэмцэл тулаан зэрэг зөрчилт сэтгэлгээ мэдрэхүйг илэрхийлж чадах хөгжмийн арга хэрэгслийг баяжуулах өргөжүүлэхийг эрмэлзэж байв. Энэ бүхэн түүний хөгжмийн зөрчил өрнөл, байнгын хөдөлгөөний үндсэн зарчим болж байв.

Монтеверди хөгжмийн илэрхийлэл дүрслэх чадварын талаар баримталсан үзэл бодлынхоо тухай бичиж үлдээсэн онол байхгүй ч гэсэн түүний зохиолууд энэ зарчим, зорилгыг нь аяндаа тодорхойлдог юм.

Монтеверди хүний сэтгэлийн ертөнцөд гүн нэвтэрч түүний зөрчил хөдөлгөөнийг уран сайхны аргаар олон талаас нь туйлын үнэн дүрслэхэд өөрийн бүх бүтээлийг зориулсан юм.

Монтевердийн үед хөгжмийн уран бүтээлд язгууртны соёл ахуйтай холбогдон үүссэн нэгэн чиглэл гарч ирсэн юм. Энэ бол гол төлөв хөгжмийн театрт хамаарах бөгөөд миф үлгэрийн сэдэвт тулгуурласан явцуу хүрээ өрөөсгөл талтай урлаг байлаа. Үүнчлэн тэр хүрээнд гоё ганганыг эрхэмлэсэн цөөхүүл хөгжмийн салбар ч шуурхай хөгжих болсон билээ. Гэвч ордны эдгээр хөгжим сэтгэлийн хөдөлгөөн, үнэнийг дүрслэх аргаас хол байв.

Монтеверди, хэдийгээр ордны нөхцөлд үүссэн хөгжмийн төрөл хэлбэрийг ашигласан боловч уран сайхны зорилогодоо нийцүүлэн бодот амьдралыг тодорхой дүр, дотоод зөрчил хямралтай нь илэрхийлэх арга болгож чадсан байна Түүний бүтээлийн өвөрмөц бас нэг чанар хөгжмийн хойч үед онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ бол Тассогийн найрагт тулгуурлан хөтөлбөрт хөгжмийн үндсийг тавьсан явдал юм. Хөтөлбөрт хөгжмийн энэ үндэс түүнээс хойшхи гурван зуун жилийн турш хөгжмийн уран бүтээлийн нэг салаа замыг гэрэлтүүлсээр ирсэн билээ.

Монтевердийн уран бүтээлд эмгэнэл шаналангийн сэдэв гол байр эзэлдэг. Түүний зохиолд сэтгэхүйд элдэв хямрал зөрчил дотроос эмгэнэлт туйлыг төгс чадварлаг дүрсэлсэн нь их бөгөөд үүгээр хүний сэтгэлийн хамаг мөн чанар илэрдэг гэж үзэж байжээ. Тэрээр, хүнийг орчин ахуйтайгаа тэмцэгч оюун ухааны ганц бүтээл гэж үзжээ. Түүний баатрууд эрэлхэг зоригтой тэмцэж, эцэст, шашин шүтлэг, хайр сэтгэлийн алинд ч аз жаргал үзэлгүй мөхөж буйгаар дүрслэгддэг. Үүнийг түүний хагас зуун жилд бичсэн бараг бүх зохиолоос, тухайлбал, амьдралынхаа эцсийн мөчийг аюумшиг ганцаардалд үдэж байгаа тухай "Санаа сэтгэл минь хаачив" мадригал, тамын оронд шаналсан Орфейн эмгэнэлт дуутай "Орфей" дуурь, хайрт хүндээ хаягдан өнчин арал дээр хоцроод далайд унан үрэгдэж буй Ариаднагийн тухай өгүүлсэн "Ариадна" дуурь, хайртай эрийнхээ гарт үрэгдэж эцсийн амьсгалаа хурааж буй Клориндийн тухай "Танкред Клоринда хоёрын тэмцэл” мадригал, үүрд хаягдаж хайр сэтгэл аз жаргалын илбэ шидтэй хагацаж буй Оттавиагийн тухай "Поппейг өргөмжилсөн нь" дуурь зэрэг түүний бүх зохиолд эмгэнэлт сэдэв байдаг. Эдгээр нь Монтевердийн бүтээлүүдийн хамгийн оргил цэг, зөрчил, туйлын өрнөлттэй сэтгэл догдлом хэсгүүд болсон билээ.

А.П.Чехов хүн төрөлхтний уй гашууг хөгжмөөс өөр яруу, хурц илэрхийлж чадах урлаг үгүй гэж бичсэн бий. Үнэхээр, эмгэнэлт бадрангуй, яруу хурц дүр сүүлийн хэдэн зууны хөгжмийн уран бүтээлд онцгой байртай байсаар байсан билээ. Харин, ертөнц дэлхийд маань ийм гайхамшигт бүтээл төрүүлж өгсөн хөгжмийн урлагийн энэ чиглэлийг Монтеверди үүсгэж анх хөгжүүлсэн гэж бараг анзаарахгүй явж ирсэн ажээ.

Сэргэн мандалтаас наашхи манай эриний хөгжмийн онцлог шинж болсон уран сайхны сэтгэлгээ Монтевердийн уран бүтээлд анх бий болжээ. Хөгжмийн урлагийн онцгой нэг чиглэл болох уянгын сэдэв чухам түүний бүтээлээс эхлээд өнөөг хүртэл хэдэн зууны турш хамгийн ноёлонгуй байртай байна.

Дуурийн урлаг анх Флоренц хотноо буй болсон гэж үзэх боловч үнэндээ Монтеверди жинхэнэ дуурийг үндэслэсэн билээ. Сонгодог эриний хөгжмийн гол төрөл байсан энэ төрөл сүүлийн зуунуудад хөгжмийн соёлд улам бүр онцлог шинж олсоор байгаа юм. Гэвч түүнийг жинхэнэ урлаг болгосон Монтевердийн гавъяа хэвээр байна. Түүний уран бүтээл дуурийн хөгжмийн оноот аяг (лейтмотив) хүртэлхи бараг бүх махбод, хэлбэр зохиомж болон орчин үеийн хөгжмийн зохиолын ихэнх төрлийн үндэс болж байдаг билээ. Нөгөө талаас, Монтевердийн уран бүтээл өнөө үед "Сэргэн мандаж'' гурван зуу гаруй жилийн дараа түүний хөгжим эгшиглэх болж байгаа нь онцын гайхалтай зүйл биш. Энэ бол гагцхүү түүний суу их билгийг хүлээн зөвшөөрсөн л хэрэг Харин классицизм буюу сонгодог болон романтизмийн үед түүний бүтээл огт ажиглагдалгуй өнгөрснийг юугаар тайлбарлах вэ? Энэ бол Монтевердийн бүтээл эрин цагаасаа түрүүлсэн, зүрх зоригтой шинэчлэл байснаар тайлбарлагдах ажээ.

Монтеверди амьд ахуйдаа хөгжмийн мэргэжлийн хүрээнд хамгийн алдартай хүн байв Ийм байх тусмаа түүнийг хэтэрхий эргэлзмээр шинэ зам гаргалаа гэж дайрах явдал дагуул мэт байлаа. Монтеверди ингэж дайран довтлогчдод хариу болгож "Миний зохиолд санаандгүй тохиолдлын зүйл огт үгүй... Миний зохиолын шинэ хэллэг зөвхөн үнэн мөнд л үндэслэсэн юм" гэж бичсэн байдаг. Чухамхүү үнэн мөнд буюу хүний сэтгэл санааны олон талыг төгс тодорхой бүрэн дүүрэн илэрхийлэх гэсэн эрмэлзлээс Монтевердийн зоригтой шинэчлэл үүссэн байна.

Монтевердийн уран бүтээлийн гол нь мадригал бөгөөд тэрээр энэ төрлөөр 200 орчим зохиол бичсэн юм. Дашрамд энэ төрлийг тайлбарлах нь зүйтэй. Мадригал бол гол төлөв хайр сэтгэлийн сэдэвтэй итали үндэсний уянгын дуу бөгөөд анх дан хоолойн зохиол байснаа Х1Ү зууны үес 2-3 хоолойн болж цэцэглэлтийнхээ үе буюу ХҮI зуунд ордны хөгжмийн гол төрөл болсон юм. Мөн үед Мадригал нь 4-5 хоолойд зориулсан, өргөжүүлэн хөгжүүлсэн дуулаачийн найраглал болж хувирчээ. ХҮII зууны үес, тухайлбал Монтевердийн мадригалууд дуурийн төрөл үүсэх нэг үндэс болсон юм. Хайдны симфонийн бэлтгэл нь дөрвөл зохиолууд байсантай адил Монтевердийн мадригалууд түүний дуурийн бэлтгэл суурь болж өгсөн юм. Ийнхүү Монтеверди, Флоренц хотноо дөнгөж үүсч байсан театрын урлагийн энэ шинэ төрөлд алдарт мадригалаасаа шилжин ирсэн билээ.

Түүний мадригалуудтай харьцуулахад дуурь, тайзны зохиолоос нь манай үед цөөн тооны зүйл хүрч иржээ. Гэвч тэр цөөн хэдэн бүтээлээр нь Монтевердийн шинэчлэгч их суу билгийг бүрнээ дүгнэж болох юм Дэлхийн дуурийн зургаа дахь бүтээлд тооцогддог түүний "Орфей"-гоос жинхэнэ дуурийн урлагийн түүх эхэлдэг билээ. Монтевердийн 75 настай байхдаа бичсэн "Поппейг өргөмжилсөн нь” сүүлчийн дуурь зөвхөн түүний урлал туурвилын манлай болоод үлдээгүй, харин ч Глюк хүртэлх хугацаанд гарсан бүх дуурийн оргил байсан юм. Энэ дуурь тэр үед ордны урлагт хэвшил хууль болсон гоозүйн зарчмаас бүрэн чөлөөлөгдсөн, хожим классицизмийн үеийн дуурийн урлагт гүн ул мөр үлдээсэн бүтээл байв. Харин энэ дуурийн театрын өвөрмөц гайхамшигт зохицол, хөгжмийн баян хэллэг, дүрслэх онцгой арга сэлтийг италийн сонгодог дуурийн урлаг анзаарч мэдэлгүй өнгөрсөн юм. Гагцхүү манай зуунд энэ дуурийн хүч чадлыг мэдэх болсон билээ. Ерөөс Монтевердийн уран бүтээлд гүнзгий хандах хандлага өнөө үед л буй болж байна. Түүний "Орфеи”, "Поппей" дуурь барууны театруудын байнгын урын санд орж найрал дууны янз бүрийн хамтлагууд түүний 4-5 хоолойн мадригалуудыг дуулах болов. Энэ бүх зохиол пянзанд бичигдэж радио нэвтрүүлгээр байнга эгшиглэх болсноос үзвэл Монтевердийн урлаг дахин амьдарч эхэлсэн ажээ. Нөгөө талаас орчин үеийн хөгжмийн зохиолчид түүний зохиолд анхаарлаа ихээхэн хандуулж байна. Хөгжмийн урлагт шинэ арга зам хайсан зарим чиглэлийнхэн түүний бүтээлээс нийцтэй бүхнийг шимтэн ашиглаж байна. Монтевердийн энэхүү сэргэн мандалт цаашид хэрхэн үргэлжлэх тухайд бол Бахын уран бүтээл хичнээн жилийн дараа сэргэн мандсантай адил болох уу, эсвэл хөгжимчдийн явцуу хүрээнд дурсагдаад өнгөрөх үү гэдэг талаар зөгнөн хэлэх зүйл одоохондоо тодорхойгүй байгаа билээ. Юутай ч гэсэн маргаангүй нэг зүйл бол олон зууны хойно "нээгдсэн" түүний өв сангаар XX зууны хөгжмийн урлаг бахархахдаа л бахархах болно. Жич: Монтевердийн бүтээлийн махбод, монгол уртын дууны хооронд төсөөтэй сонин сэжим ажиглагддагийг Английн хөгжим судлаач Андреа Никсон анхааран тэмдэглэсэн байдаг нь сонин.

ЗОХИОЛУУД

Тайзны хөгжмийн зохиол нийт 20 орчмыг бичсэнээс үрэгдсэн буюу дутуу орхисон нь их боловч "Орфей" (1607), "Улисс эгэн ирсэн нь" (1641), "Поппейг өргөмжилсөн нь" (1642), "Ариадна" (1608-үүнээс ганцхан бодрол дуу үлджээ) дууриуд үлдсэн байна. "Танкред Клоринда хоёрын тэмцэл" хөгжмийн жүжиг, бүжгийн жүжиг, найрал дуунд зориулсан концертууд, месс, мотет, канцонетүүд зэрэг зохиол, 200 орчим мадригал ...