Либерализм
(Латин: liberalis - эрх чөлөө) - хүний эрх, эрх чөлөөний халдашгүй байдал, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг тусгаарлах, мөн аж ахуйн эрх чөлөөг тунхагласан философийн болон нийгэм-улс төрийн чиглэл юм. Улс төрийн анхны үзэл сурталыг Жон Локк, Т. Гобсс, Адам Смит, Дэвид Юнг, Шарль Луи Монтескьё нар үндэслэсэн гэдэг.

Либерализм нь хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгийн дээд үнэт зүйл гэж тунхаглаж, нийгэм, эдийн засгийн дэг журмын үндэс суурь болгон тогтоодог. Либерализм бол шашин шүтлэг, уламжлал, төр гэх мэт хязгаарлалтаас хүнийг чөлөөлөх, хувь хүн болон нийгмийн эрх чөлөөнд чиглэсэн нийгмийн шинэчлэлийг эрэлхийлэх явдал юм. Үүний зэрэгцээ төр, сүм хийдийн нийгмийн амьдралд нөлөөлөх чадварыг зөвхөн Үндсэн хуулиар хязгаарладаг. Орчин үеийн либерализмын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг үг хэлэх эрх чөлөө (олон нийтийн өмнө үг хэлэх эрх чөлөө), ухамсарлах эрх чөлөө (шашныг төрөөс тусгаарлах, шашны бус төр, нийгмийг байгуулах), улс төрийн тэмцэлд хууль ёсоор оролцох эрх гэж хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн хувьд либерализмын зарчим нь хувийн өмчийн халдашгүй байдал, худалдаа, аж ахуй эрхлэх эрх чөлөө юм. Хууль эрх зүйн хувьд либерализмын зарчим нь захирагчдын хүсэл зоригоос дээгүүр хууль дээдлэх, хөрөнгө чинээ, нийгмийн нөлөө, статусаас үл хамааран бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй байх явдал юм.
Либерализмын үндэс
[засварлах | кодоор засварлах]
Либерализм нь үнэмлэхүй эрх мэдэлтэй хаад болон Католик болон бусад шашин сүмийн эрх мэдлийг урвуулан ашигласны хариу үйлдэл болж үүссэн гэж үздэг. Либерализм нь төрийн өмнөх онолуудын үндэс суурийг бүрдүүлж байсан олон таамаглалыг, тухайлбал хаад ноёдын захирах бурханлаг эрх, шашны үнэний цорын ганц эх сурвалж болох үүргийг үгүйсгэсэн юм. Үүний оронд либерализм дараахь зүйлийг санал болгосон. Үүнд:
- хүний эрх чөлөөг ханган хамгаалах
- төрийн оролцоог хязгаарлах - “шөнийн харуулын үүрэг”;
- ардчилал бол тулгуур үнэт зүйл
- хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх явдлыг хүндэтгэнэ.
Нийгмийн хөгжлийн явцад бодит амьдралд бүрэн амьдралд бүрэн хэрэгжих бололцоо хязгаарлагдмал байснаас шалтгаалан 1930-аад оноос зарим нэг зүйлийг шинэчлэн неолиберализм болж дэвшигдэн тавигдаж төрийн нийгэм-улс төрийн оролцоог өргөжүүлэх үйл явцыг дэмжсэн байна.
Либерализмын хэлбэрүүд
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн либерализм-Эдийн засгийн болон сонгодог либерализм нь хувь хүний хувийн өмч болон гэрээний эрх чөлөөг дэмждэг. Либерализмын энэ хэлбэрийн уриа бол "чөлөөт хувийн аж ахуй" гэдэг юм. Эдийн засгийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим (laissez-faire) дээр суурилсан капиталист менежментийг илүүд үздэг бөгөөд энэ нь төрийн татаас болон эдийн засгийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн саад тотгорыг арилгах гэсэн үг юм. Эдийн засгийн либералууд зах зээл нь төрийн зохицуулалт шаарддаггүй гэж үздэгээрээ онцлогтой.
Неолиберализм- Хувьчлал, Laissez-faire буюу эдийн засгийн халдашгүй байдал, эдийн засгийн либералчлалыг дэмждэг эдийн засгийн либерализмын орчин үеийн хэлбэрийг неолиберализм гэж нэрлэдэг. 1930-аад онд үүсч сүүлд 1980, 1990-ээд онд Тэтчеризмын (Маргарет Тэтчер) үеийн хувьчлал, эдийн засгийн либералчлалын эрин үеийн нөлөөн дор эдийн засгийн үзэл суртал болж бүрэлдсэн. Гол төлөөлөгч- Милтон Фридман.
Улс төрийн либерализм- хувь хүмүүс бол хууль, нийгмийн үндэс суурь бөгөөд нийгмийн институцүүд элитүүдийн тааллыг олохгүйгээр хувь хүмүүсийг чадавхжуулахын тулд оршин тогтнодог гэсэн итгэл үнэмшил юм. Энэхүү итгэл үнэмшлийг улс төрийн философи, улс төрийн шинжлэх ухаанд "арга зүйн индивидуализм" гэж нэрлэдэг. Энэ нь хувь хүн бүр өөрт нь юу хамгийн сайн болохыг хамгийн сайн мэддэг гэсэн санаанд суурилдаг. Гол элемент нь "Нийгмийн гэрээ" бөгөөд үүний дагуу нийгмийн ашиг тус, нийгмийн хэм хэмжээг хамгаалахын тулд хууль тогтоомжийг түүний зөвшөөрлөөр баталж, иргэн бүр эдгээр хуулиудад захирагддаг. Хууль дээдлэх ёсыг тусгайлан онцолдог. Орчин үеийн улс төрийн либерализм нь хүйс, арьс өнгө, өмч хөрөнгийн байдлаас үл хамааран бүх нийтийн сонгуулийн эрхийн зарчмыг баримталдаг. (Гэсэн хэдий ч зөвхөн тус улсын насанд хүрсэн иргэд л санал өгөх эрхтэй.) Либерал ардчиллыг хамгийн тохиромжтой систем гэж үздэг.
Соёлын либерализм -нь ухамсар, амьдралын хэв маягтай холбоотой хувь хүний эрхэд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд үүнд бэлгийн харилцаа, шашин шүтлэг, эрдмийн эрх чөлөө, хувийн амьдралд төрийн оролцооноос хамгаалах зэрэг асуудлууд багтдаг. Соёлын либерализм нь утга зохиол, урлаг зэрэг салбарын төрийн зохицуулалтыг янз бүрийн түвшинд эсэргүүцдэг бөгөөд эрдэм шинжилгээний ажил, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн нас, үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах, евтанази, согтууруулах ундаа болон бусад сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах бодис хэрэглэх зэрэг асуудлуудыг эсэргүүцдэг. Нидерланд бол өнөөдөр соёлын либерализмын хамгийн өндөр түвшинтэй улс бөгөөд үүнд олон соёлт байдлын бодлогыг багтаасан улс юм.
Нийгмийн либерализм -Эдийн засаг болон нийгмийн либерализмын хооронд үндсэн зөрчилдөөн байдаг. Эдийн засгийн либералууд эерэг эрхүүд нь сөрөг эрхүүдийг зайлшгүй зөрчдөг тул хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж үздэг. Тэд төрийн үйл ажиллагааг голчлон хууль дээдлэх, аюулгүй байдлыг (цэргийн аюулгүй байдлыг оролцуулан) хангахад хязгаарлагдмал гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар эдгээр үйл ажиллагаа нь аль хэдийн хүчирхэг, төвлөрсөн төрийн эрх мэдлийг шаарддаг. Нөгөөтэйгүүр, нийгмийн либералууд төрийн үндсэн үүрэг бол нийгмийн хамгаалал, нийгмийн тогтвортой байдал гэж үздэг: тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, орон сууцаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээ, сургуулийн боловсрол, тэтгэвэр, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнуудыг асрах, байгалийн болон хүний гаралтай гамшгийн хохирогчдод тусламж үзүүлэх, цөөнхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинжлэх ухаан, урлагийг дэмжих зэрэг юм.
Баруун үзэлтэй болон консерватив хөдөлгөөнүүд нь эдийн засгийн либерализмыг дэмжиж, нийгмийн либерализмыг эсэргүүцдэг. Зүүний болон дэвшилтэт хөдөлгөөнүүд нь соёл, нийгмийн либерализмыг голчлон онцлон дэмждэг байна.
Энэ улс төрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.