Лидэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол орны эмийн ховор ургамалд шаравтар лидэр, үнэгэн сүүлхэй лидэр гэсэн хоёр зүйл ордог. Гонзгойвтор өндөгөрхүү юм уу,зууван илтсээс тогтсон өдлөг навчистай, тавиас далан см өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өнгийн баг цэцэг бүхий шаравтар лидэр нь Монгол дагуур, Дорнод Монголын хээр талын толгодын хажуу, нуур, голын эрэг дагаж ургана. Хусан төглийн хормойгоор бас тааралдана. Энэ ургамал үндсэндээ алкалоид, навчиндаа гликозид, С витамин, цэцгэндээ эфирийн тос агуулсан байдаг. Шаравтар лидэрийн үндсийг дорно дахины эмнэлэгт дотрын зарим өвчин болон халуун намдаах, тайвшруулахад өргөн хэрэглэж иржээ. Энэ ургамлын үндэсний хандыг төлийн уушигны өвчин анагаах, эх малын хаг саатахад хэрэглэдэг.

Үнэгэн сүүлхэй лидэр нь наяас зуун см хүртэл өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өтгөн баг цэцэгтэй, олон хос зууван илтэс бүхий өдлөг навчтай. Олон наст өвслөг энэ ургамал зургаагаас долоон сард цэцэглэнэ. Цөлийн ба цөлийн хээрийн бүсэд гол нуурын эрэг, сайр хавиар ургадаг. Энэ ургамал нь алкалоидоос гадна хурган чихний, дарсны, алимны, нимбэгний, сүүний зэрэг хүчлүүд агуулсан байдаг. Үнэгэн сүүлхэй нь ханиад, хатгалгаа өвчнийг анагаах эмийн найрлаганд ордог. Энэ ургамлыг төлийн биж, хатгалгаа өвчнийг анагаахад өргөн хэрэглэж иржээ.