Лоуренс Эллисон

Ларри Эллисон

Лоуренс Жозеф Эллисон (англи. Lawrence Joseph Ellison, Ларри Эллисон; 1944 оны 8-р сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт төрсөн) — америкийн ажил хэрэгч хүн, Oracle компанийг үүсгэн байгуулагч, Захиралуудын зөвлөлийн дарга болон технологийн захирал. 1976-2014 онд Oracle компаний гүйцэтгэх захирал, NetSuite (Oracle компани 2016 онд $9,3 тэрбумаар худалдаж авсан) компаний хамгийн том хувьцаа эзэмшигч, Salesforce компаний анхны хөрөнгө оруулагч.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Нью-Йорк хотод 19 настай ганц бие еврей эмэгтэй Флоренс Спеллманы хүү болж төрсөн. Түүний эцэг Итали гаралтай Америкийн агаарын хүчний нисгэгч байсан. Спеллман жирэмсэн болсныг мэдээгүй байхад нь түүний эцэг гадаадад шинэ газар руу шилжсэн байна. Есөн сартай Ларри уушгины хатгалгаагаар өвдөхөд эх нь хүүхдээ ганцаараа өсгөж харж чадахгүй гэдгээ ойлгоод Чикаго дахь нагац ах, нагац эгч хоёртоо асрамжид өгчээ. Лилиан Спеллман Эллисон (англи. Lillian Spellman Ellison), Льюис Эллисон (англи. Louis Ellison) нар Ларриг 9 сартай байхад нь өргөж авсан байна. Эллисон төрсөн эхийнхээ нэрийг мэддэггүй байсан бөгөөд 48 нас хүртлээ түүнтэй уулзаагүй байна.

Эллисон Чикагод өсөж, тэнд сургуульд сурч, Урбана-Шампейн дахь Иллинойсын их сургуульд сурчээ. Өргөж авсан эх нь нас барсны улмаас тэрээр хоёр дахь жилдээ суралцаад шалгалт өгөөгүй орхисон байна. Умард Калифорнид найз Чак Вейссийн хамт зуныг өнгөрөөсний дараа тэрээр Чикаго руу буцаж ирээд Чикагогийн Их Сургуульд нэг семестр суралцаж, компьютерийн шинжлэх ухаантай анх танилцжээ. 1964 онд 20 настайдаа Хойд Калифорни руу нүүжээ.

Эллисонд Эдгар Коддын өгөгдөхүүний моделийн тухай анхны «A Relational Model of Data for Large Shared Data Banks» нийтлэл их сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр "Ampex"-т хамт ажиллаж байсан хоёр найзынхаа хамт 1977 онд "Software Development Laboratories" (SDL) компани үүсгэн байгуулжээ. 1979 онд SDL компанийхаа нэрийг "Relational Software Inc.," болгоод сүүлд 1982 онд "Oracle" гэж нэрлэсэн байна.

1980-аад онд Oracle компани Мэдээлийн сангийн удирдлагын системийн /МСУС/ шинэ хувилбаруудыг гаргаж байсан. 1986 онд Oracle-ийн хувьцаанууд хөрөнгийн бирж дээр гарч эхэлсэн бөгөөд гурван жилийн дотор компани борлуулалтаа 10 дахин нэмэгдүүлж, 584 сая долларт хүрсэн хэдий ч 1990 онд компани алдагдалд орж, олон зуун ажилчидаа цомхотгохоос өөр аргагүй болжээ.

2014 оны 9-р сард тэрээр 38 жил ажилласан Oracle Корпорацийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа өгч ТУЗ-ийн даргаар ажиллаж, Технологийн Захирлын (CTO) албан тушаалыг авсан. Энэ албан тушаалд тэрээр Oracle-ийн программ хангамж, техник хангамжийн хөгжлийг удирдах үүрэгтэй байгаа юм.

Хөрөнгө[засварлах | кодоор засварлах]

1986 онд Forbes сэтгүүлд түүний хөрөнгө 185 сая доллараар үнэлэгдэж байх үед Эллисоны нэр анх гарч ирж байсан бөгөөд 2000 онд дот-ком уналтанд орохоос өмнө түүний хөрөнгө 48 тэрбум доллараар үнэлэгдсэн байна. Түүний хөрөнгө 44 тэрбум доллараар үнэлэгдсэн нь АНУ-д гуравдугаарт (Гэйтс, Баффет нарын баялгийн дараа) ордог.

2016 оны 2-р сарын байдлаар хөрөнгө нь 43.6 тэрбум доллараар үнэлэгдсэн; 2019 онд - 62.5 тэрбум доллар, энэ нь Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 7-р байрт байсан юм.