Jump to content

Лхагвасүрэнгийн Алтангэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лхагвасүрэнгийн Алтангэрэл (1970 оны 6 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн) - Англи, орос, төвөд, япон, нидерланд, франц, санскрит зэрэг хэлийг гарамгай эзэмшсэн орчуулагч.

ОХУ-ын Москва хотод КГБ-ийн сургууль төгссөн. Токио хотын Софиа их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Вашингтон дахь Монгол улсын ЭСЯ-нд консул, Бельгийн Брюссель дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байв.

Тэрээр ХХ зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Марсел Прустын “Алдуул цагийн эрэлд” долоон боть романы тэргүүн дэвтэр “Сувааны зүг” романыг монгол хэлнээ анх удаа орчуулж хэвлүүлсэн. “Алдуул цагийн эрэлд” хэмээх 2000 гаруй дүртэй, 3200 хуудас бүхий энэ нүсэр романыг франц хэлнээс голлож англи, орос орчуулгатай нь харгалдуулан сонгодог монгол бичгийн хэлнээ цувралаар дуун хөрвүүлж буй. Тэрбээр мөн “Жадамба”, “Банзрагч”, “Сундуй” судруудыг төвөд хэлнээс дуун хөрвүүлсэн билээ. Л.Алтангэрэл зөвхөн орчуулагч төдийгүй “Тамга” адал явдалт романы зохиолч юм.

"Би Орост цэргийн сургуульд англи хэл сурсан. Бүтэн 5 жил өдөр болгон нүдүүлэхээр ямар ч хэлийг хүссэн хүсээгүй сурч л таарна. Төвөд хэлийг нутгийн өвгөчүүдээр заалгасан. Сайндаа ч биш, сумын төвд унших ном олдохгүй болоод айлуудын авдарт байдаг том судрууд адал явдалтай гоё роман байх гэж бодоод сонирхсон хэрэг. Японд олон улсын харилцааны чиглэлээр магистр хамгаалсан. Япон хэл сурахад эхэндээ амархан мөртөө гүнзгийрэх тусам улам хэцүү болдог зүй тогтолтой учраас олигтой сурсан гэж хэлж чадахгүй. Нидерланд хэл бол герман хэлний дөрвөд аялгуу учраас сурахад амархан. Англи хэл чинь угаасаа герман хэл шүү дээ" гэж тэрээр ярилцлага өгсөн байна.

Түүний “Тамга” роман гадаад тагнуулын ажлын тухай сэдэвтэй. “Тарни” бол тагнуулын дүн шинжилгээ гэдэг нэг чиглэлийн ажлыг харуулдаг. “Ташуур” бол сөрөх тагнуулын ажлын тухай ажээ.