Лэгцэгийн Өвгөн

Лэгцэгийн Өвгөн Монгол Улсын гавьяат багш, Физик-математикийн ухааны доктор, профессор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1936 онд Увс аймгийн Хяргас суманд малчин Өөдлөхийн Лэгцэг, Нанзадын Өлзийт нарын гэр бүлд төрсөн. 1949 онд сумынхаа бага сургууль, 1952 онд Туруун сумын 7 жилийн сургууль, 1955 онд Улаангом хотын 10 жилийн сургууль, 1959 онд МУИС-ийн Физик-математикийн салбарыг тус тус төгсөж, математикийн багш мэргэжил эзэмшин төрөлх сургуульдаа багшаар томилогдон 60 гаруй жил энэхүү эрдмийн их өргөөнд тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаж, эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулжээ.
Тэрээр 1971-1974 онд Украины Киевийн их сургуулийн аспирантурт суралцаж, “Хоёр хэмжээст хувийн утгын бодлогыг өндөр нарийвчлалтай ялгаварт схемийн тусламжтайгаар бодох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 1989 онд дэд профессор, 2004 онд профессор, 2000 онд МУИС-ийн хүндэт профессор, 1999 онд Монголын математикийн багш нарын Академийн академич цол хүртсэн, тооцон бодох математикийн салбарын Монголын анхны эрдэмтэн юм. МУИС-д түүний санаачлан эхлүүлсэн тооцон бодох математикийн мэргэжлээр 1970 онд анхны төгсөлт хийснээс хойш 550 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж, хэдэн арван эрдэмтэн төрөн гарсан тул түүнийг МУИС-д тооцон бодох математикийн шавь сургуулийг үндэслэгч хэмээн зүй ёсоор үнэлдэг.
Багшлах хугацаандаа 10000 гаруй оюутанд хичээл зааж, 250 оюутны ангийн ажил, 20 гаруй оюутны дипломын ажил, 5 магистрын ажил удирдан, 30 гаруй оюутан, 10 гаруй залуу багш нарыг дагуулан сургасан байна. Түүнчлэн сурах бичиг, гарын авлага, бодлогын хураамж зэрэг 40 гаруй ном, эрдэм шинжилгээ, сурталчилгааны 60 гаруй өгүүлэл хэвлүүлснээс элсэгчдэд зориулсан “Математик”, “Математикийн тест”, “Математикийн сорилго” зэрэг цуврал ном нь үе, үеийн багш, сурагчдын ширээний ном байж, математикийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсны сацуу 1962 оноос Улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүнээр олон жил идэвхтэй ажиллаж ирсэн. Мөн тэрбээр Монгол Улсад 100 буудалт даамын спортыг анхлан дэлгэрүүлсэн ахмад даамчдын нэг бөгөөд спортын дэд мастерын зэрэгтэй тамирчин байв.
Л.Өвгөн багшийн шавь нараас МУИС-д 45, ШУТИС-д 23, УБИС-д 16, бусад дээд сургуульд 20 гаруй, ерөнхий боловсролын сургуульд 2000 орчим багш, түүнчлэн программ хангамж, компьютерын инженерчлэлийн чиглэлээр 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Түүнчлэн шавь нараас Ардын багш 2, ШУА-ийн гишүүн 4, Төрийн шагналт 2, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 3, Гавьяат багш 10 гаруй, профессор 12, шинжлэх ухааны доктор 13, доктор 70 гаруй төрөн гарсан байна.
Түүний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат багш цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 60, 80, 90 жилийн ойн медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Тэрээр 2026 оны 8 сарын 18-ны өглөө 90 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын гавьяат багш (2006)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (1997)
- Монголын математикийн багш нарын академийн Академич (1999)
- Хөдөлмөрийн хүндэт медаль (1991)
- Ардын хувьсгалын 40, 60, 90, 100 жилийн ойн медаль
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл, үүнээс 5-ыг олон улсын хуралд хэлэлцүүлсэн
- Академик ном, сонин, сэтгүүл, эрдмийн ажилд, судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн ESAN цахим санд 10 гаруй бүтээл байрласан.
- Л.Өвгөн, хамтын “Дээд математик”, 1-р дэвтэр 1986, 2-р дэвтэр 1988 он
- Л.Өвгөн, хамтын “Дээд математикийн бодлогын хураамж”,
- Т.Жанлав, Л.Өвгөн, Р.Ринчинбазар “Тооцон бодох математик”, 1995, 2006 он
- А.Мекей, Л.Өвгөн “Математик 1000 бодлого”, 1984, 1990, 1993, 1998, 2022 он
- Л.Өвгөн, хамтын “Математикийн тест”, МУИС, 1999-2004 он 6 удаа хэвлэгдсэн.
- А.Мекей, Л.Өвгөн, Б.Чимэд-очир “Математикийн тест”, ХИС, 2002, 2004 он
- Л.Өвгөн, хамтын “Математикийн сорилго”, МУИС, 1905-1911 он 6 удаа хэвлэгдсэн.
- Р.Ринчинбазар, Л. Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого”, 2001 он
- Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого бодох зөвлөмж”, 2002 он
- Л.Өвгөн, хамтын “Математик компьютерын сургуулийн түүхэн замнал: 1942-2012 он, 70 жил”, 2012 он
- А.Галтбаяр, Т.Жанлав, Л.Өвгөн, Р.Ринчинбазар “Дифференциал тэгшитгэлийн бодлогын хураамж”, 2007 он
- Л.Өвгөн “Судоку”, 2022 он