Макбет (дуурь)
"Макбет" дуурь (итали. Macbeth) —Английн алдарт зохиолч Уильям Шекспирын эмгэнэлт "Макбет" зохиолоос сэдэвлэн Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн бүтээсэн 4 бүлэгт дуурь юм. Уг дуурийн цомнолын Франческо Мариа Пиаве яруу найрагч Андреа Маффеи-тай хамтран бичсэн байна.
Энэ дуурь нь Ж.Вердигийн агуу У.Шекспирийн зохиолоор хийсэн 3 дуурийн эхнийх нь юм. Дараагийн хоёр дуурь нь бол "Отелло", "Фальстафф" юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дуурийн хөгжмийг Ж.Верди 1846-1847 онуудад бичсэн. Франческо мариа Пиав зохиолыг 1838 онд Турин хотод хэвлэгдсэн Карло Рускони зохиолын орчуулга дээр үндэслэсэн бичжээ. Уг дуурийн анхны тоглолт 1847 оны 3-р сарын 14-нд Флоренц хотын Театро Делла Пергола театрт болсон байна.
Бараг 20 жилийн дараа Парисын Grand Opéra театраас хөгжмийн зохиолчийг дуурийг шинэ хөгжмөөр баяжуулахыг хүссэний дагуу Ж.Верди бараг бүхэлд нь шинэчилсэн найруулга хийжээ. Уг дуурийн шинэ хувилбарын нээлт 1865 оны 4-р сарын 21-нд болсон бөгөөд энэ нь эхнийхээсээ илүү алдартай болсон юм.
Агууллага
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр бүлэг
Макбет, Банко нар Норвегийн эсрэг дайнд ялаад буцаж явах үед шулмууд тэдний замыг тосон уулзана. Тэд Макбетыг Кавдорын ноён цаашлаад Шотландын титмийг ч түүний толгойд өмссөн байхаар зөгнөжээ.
Шулмууд Банког “Хаан биш ч, хаадын үр удам болно” гэж зөгнөнө. Үүнийг Банко дэмий хоосон үг гэх боловч Дункан хааны элч нар тэднийг гүйцэж ирээд “Урвагч Кавдорын ноён цаазлуулж, түүний эд хөрөнгө, цолыг Макбетад шилжүүлэв” гэх мэдээ тэдний сэтгэлийг үймүүлэв. Макбет шулмын эхний зөгнөл биелсэнд гайхахын хажуугаар бусад зөгнөлүүд биелнэ хэмээн итгэнэ. Түүний дотоод сэтгэлд эрх мэдлийн төлөөх хүсэл сэрж “Цуст төлөвлөгөө, намайг бүү сорь ...” хэмээн бодлогоширно. Макбетын цайз.
Хатагтай Макбет нөхрийнхөө захидлыг уншиж, түүнийг ямар ч аргаар хамаагүй хаан ширээнд суулгах төлөвлөгөө боловсруулна. Тэр гарцаагүй биелэх ёстой. Түүнийг хаан ширээнд суух замд юу ч саад болох ёсгүй. Үйлчлэгч Дункан хаан ирж буй тухай мэдээлэв. Хатагтай Макбет нөхөртөө үүнийг дээрээс ирсэн дохио хэмээн батална. Макбет, эхнэрийн ятгалгад автан мөн эрх мэдэлд хүрэх гэсэн шуналдаа хөтлөгдөн, унтаж байсан Дункан хааныг хөнөөв. Хатагтай Макбет нөхрөө тайвшруулж, чинжаалын цусыг хааны харуул, зарц нарт түрхэж, хааны үхэлд тэднийг буруутгав. Гэвч тэр мөчөөс эхлэн Макбетад сэтгэлийн амар амгалан үүрд алга болно.
Хоёрдугаар бүлэг
“Банкогийн үр удам түүний дараа хаан ширээнд сууна” гэсэн шулмын зөгнөл Макбетын нойрыг хулжаан, гүн бодлогошролд оруулжээ. Банко болон түүний хүү Флинс хоёулаа амьд байгаад айж, уурсан “Би Банкогийн үр удмын төлөө Дунканы аминд хүрсэн гэж үү”, “Хаан ширээгээ түүний хүүд алдахгүй” гэх бодлууд Макбетын толгойд эргэлдэнэ. Хөлсний алуурчид хөлсөлж, Банкогийн амийг нь хөнөөсөн ч Флинс зугтаж амжив.
Шотландчууд шинэ хааны зохион байгуулсан найранд цугларав. Ганцхан Банко л алга. Яагаад түүний хайртай найз байхгүй байна вэ. Алуурчин “Банкогийн хүү зугтаж амжсан” гэж хаанд мэдэгдэнэ. Макбет энэ мэдээнд сэтгэл дундуур байх бөгөөд “Энэ бол муу шинж тэмдэг”. Гэнэт түүний өмнө цуст духтай Банкогийн сүнс гарч ирэн хаан сэнтийд нь суусан байхыг харна. Юу болж байгааг ойлгоогүй зочид хааны байгааг харж гайхширна. Хатагтай Макбет зочдыг тайвшруулж, архи ууж, дуу дуулж, тэднийг цэнгүүлэхийг хичээнэ. Макбетын өмнө цуст сүүдэр дахин босож ирнэ. Айдасдаа автсан хаан өөрийгөө хянахаа больжээ. Зочид айсандаа тарж одно.
Гуравдугаар бүлэг
Макбет өөрийн хувь заяагаа асуухаар шийдэж, шулмын агуй руу явна. Түүний асуултын хариуд шулмууд гурван зүйлийг шившив.
Нэгдүгээр сүнс-Макбет, Файфын (Шотландын нэг муж) ноён Макдуфаас болгоомжил.
Хоёрдугаар сүнс -Макбет, эмэгтэй хүнээс төрсөн хэн ч чамайг дийлэхгүй.
Гуравдугаарр сүнс -Макбет, Бирнамын ой нүүгээгүй цагт чи хэнд ч дийлдэхгүй, тайван байж чадна.
Дараа нь шулмууд Макбетад Банко болон түүний үр удам болох Шотландын ирээдүйн найман хааны сүнсийг үзүүлж, анхны зөгнөлийг батална.
Тэдний сүүлчийн сүнс Банко болохыг таньдаг. Макбет түүнийг цохихоор сэлмээ сугалж авсан ч алга болов. Макбет ухаан орох үед хатагтай Макбет түүнийг олно. Макбет түүнд сүнсний зөгнөлийн талаар хэлж, Файфын ноён Макдуфын цайз үнс болон шатах ёстой гэж тангараглана.
Дөрөвдүгээр бүлэг
Шотландын дүрвэгсэд эх орноо үгүйлэн санааширна. Тэдний дунд Макбетын гарт эхнэр, хүү хоёроо алдсан Макдуф байна. Алагдсан Дунканы хүү, хунтайж Мальколм Английн цэргүүдийг удирдан ойртож ирэв. Макдуф дайснаас цэргүүдийнхээ тоог нуухын тулд дайчид бүрдээ Бирнам ойгоос мөчир авч явахыг тушаав.
Харанхуй шөнө. Хатагтай Макбет зүүдэндээ цайзыг тойрон тэнүүчилж явна. Хатан ухаан самуурчээ. Тэрээр түүний захиалгаар алагдсан хүмүүсийн сүнсийг хардаг. Макдуфын хүү, эхнэр. Тэр гарынхаа цусны толбыг угааж байна гэж төсөөлөн гараа байнга үрнэ, ингэх зуураа бүхий л болсон үйл явдлыг нэгд нэгэнгүй тоочно. Эмч, ордны шадар авхай хоёр эзэгтэйн галзуурлыг айдас түгшүүртэй ажиглана. Макбет удахгүй болох тулаанд бэлдэж байна. Хэдийгээр цөөхөн хүнтэй ч тэрээр дийлдэшгүй, халдашгүй гэдэгтээ итгэлтэй байв. Энэ үед ордны шадар авхай түүнд хатны үхлийн тухай мэдэгдэнэ. Энэ мэдээнд Макбет огт гайхсан шинжгүй “Амьдрал бол тэнэг хүний бичсэн түүх” гэж хэлээд тулаанд орно. Тулаан эхлэв. Макбет довтолсон дайснуудаа торох зүйлгүй цавчин явтал, өшөө хорсолдоо шатсан Макдуф түүний өмнө гарч ирэв.
“Эхээс төрсөн хэн ч намайг үл дийлнэ” гэж хэлэхэд Макдуф өөрийгөө “Цагаасаа өмнө эхийнхээ хэвлийгээс зүсэгдэж төрсөн” гэж хэлэв. Макдуфын гарт үхлийн шарх авсан Макбет шулам, муу заяаны титмийг хараан зүхнэ.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]Дүр | Хоолой |
---|---|
Макбет, Дунканы цэргийн удирдагч | баритон |
Хатагтахй Макбет, түүний гэргий | сопрано |
Банко, Дунканы цэргийн жанжин, найз | бас |
Макдуф, шотландын язгууртан | тенор |
Фрейлина | меццо-сопрано |
Малькольм, Дунканы хүү | тенор |
Эмч | бас |
Макбетын зарц | бас |
Герольд | бас |
Алуурчин | бас |
Гурван хий үзэгдэл | 2 сопрано и бас |
Дункан, Шотландын хан | үггүй |
Флинс, Банко-гийн хүү | үггүй |
Шулмууд, зарлагууд, язгууртнууд, зарц нар, цагаачид |
Макбет дуурь Монголд
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр 60 жилийн ойн босгон дээрээ буюу 2023 онд энэхүү дэлхийн алдарт “Макбет” дуурийг үзэгчдэдээ хүргэсэн. Ж.Вердийн “Макбет” дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга ажиллаж, 2023 оны 4-р сарын 29, 30, тавдугаар сарын 6, 7-нд тайзнаа амилуулсан юм. Уг Дуурийн ерөнхий хормейстерээр УДБЭТ-ын хормейстер Н.Дашбямба, хормейстрээр Д.Отгонбаатар, бүжгийн найруулагчаар УДБЭТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстрээр Д.Дашлхагва, төгөлдөр хуурчаар гавьяат жүжигчин Б.Солонго, ДБЭТ-ын концертмейстр Б.Оюунгэрэл, Э.Намуун, Х.Уртнасан нар ажиллажээ. Мөн дуурийн удирдаачаар Итали улсын удирдаач Стефано Торболи ажилласан юм.
“Макбет” дуурийн эхний өдөр УДБЭТ-ын залуу дуучин Л.Бүүвэйбаатар Макбетад гоцолсон. УДБЭТ-ын шилдэг гоцлоочдын нэг Э.Бумхүүгийн хувьд хоёр дахь өдөр “Макбет”-ыг тайзнаа амилуулсан.
Дуурийн гол болон туслах дүрүүдэд:
- Макбет- гоцлол дуучин Э.Бумхүү СТА, Л.Бүүвэйбаатар СТА
- Хатагтай Макбет- гоцлол дуучин Ш.Наранчимэг МУГЖ, Б.Энхнаран СТА
- Банко- гоцлол дуучин О.Хүрэлбаатар СТА, С.Бат-Эрдэнэ СТА
- Макдуф- гоцлол дуучин М.Даваадорж СТА, Б.Батжаргал СТА
- Мальколм- гоцлол дуучин Г.Шижирболд СТА, Ө.Цэрэнчунт СТА
- Фрейлина (Дама)- гоцлол дуучин М.Даариймаа СТА, Ж.Энхмаа СТА
- Эмч- гоцлол дуучин Б.Алтанхуяг, Э.Мөнхтөр СТА
- Алуурчин- Э.Амарсайн, Х.Бямбарагчаа
- Үйлчлэгч- Л.Пүрэвдорж, Т.Одбаяр
- Дункан- Л. Батбаатар
2024 оны 3-р сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт "Макбет" дуурийг тоглож гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин тоглосон юм.
Алдартай Ариинууд
[засварлах | кодоор засварлах]- «Vieni t’affretta» — Хатагтай Макбет -I бүлэг, 2 үзэгдэл
- «Or tutti, sorgete» — Хатагтай Макбет- I бүлэг, 2 үзэгдэл
- «La luce langue» — Хатагтай Макбет -II бүлэг, 1 үзэгдэл
- «O voluttà del soglio» — хатагтай Макбет- II бүлэг, 1 үзэгдэл
- «Come dal ciel precipita» — Банко - II бүлэг, 2 үзэгдэл
- «Si colmi il calice di vino» — Леди Макбет II бүлэг, 3 үзэгдэл
- «Fuggi regal fantasima» — Макбет - III бүлэг,
- «O lieto augurio» — Макбет - III бүлэг,
- «Ah, la paterna mano» — Макдуф- IV бүлэг, 1 үзэгдэл
- «Una macchia è qui tuttora!» — Хатагтай Макбет- IV бүлэг, 2 үзэгдэл
- «Pietà, rispetto, amore» — Макбет- IV бүлэг, 3 үзэгдэл