Манзуширын хийд
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Манзуширын хийд Монгол Улсын Төв аймгийн Зуунмод хотоос холгүй байдаг, Бурханы шашны хийд юм. Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн түвшнээс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын урд энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.
1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүм нь Богд хан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар Утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсрын диаметр нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, 2 тонн жинтэй ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Manzushir Monastery – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Энэ шашны барилга байгууламжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.