Марианы хонхор
Марианы хонхор (Англи: Mariana Trench) нь дэлхийн хамгийн гүнзгий далайн хонхор юм. Номхон далайн баруун хойд хэсэгт, Марианы арлуудын зүүн талд, умард өргөргийн 11 хэм 21 минут, дорнод уртрагийн 142 хэм 12 минутад байрлана. Номхон далайн тавцан нь энэхүү Марианы хонхорын хавьд Филиппиний тавцангийн доогуур шургаж ордог. Өнгөрсөн зуунд Марианы хонхорын гүнийг Зөвлөлт Холбоот Улсын "Витязь" онгоцны хэмжсэнээр 11034м хэмээн тэмдэглэдэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар 10911м гүн болох нь тогтоогджээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийг уруу нь харуулсан ч ёроолд нь хүрэхээргүй гүн гэсэн үг юм. Марианы хонхорын хамгийн гүн цэг нь дэлхийн төвөөс 6366.4км зайтай.
Судалгааны товчоо
[засварлах | кодоор засварлах]Марианы хонхорын судалгаа нь 20-р зуунд эхэлсэн. 1925 онд Японы "Манжуур" хөлөг онгоц хүндрүүлэгч бүхий утсыг доош нь унжуулах аргаар Марианы хонхор хавьд 9814м гүнийг тэмдэглэсэн нь дэлхийд Марианы хонхорыг хэр гүн болохыг анх мэдүүлсэн юм. Хожим Марианы хонхорын талаар нарийвчилсан судалгааг Английн далайн флотын судалгааны хөлөг онгоц "Челленжер-8" хийжээ. 1951 онд Челленжер хөлгийн хэмжилт хийсэн газрыг Челленжерийн ангал гэж нэрлэх болжээ. Тэрхүү хэмжилтийг долгионы ойлт ашиглан хийж, умард өргөргийн 11 хэм 19 минут, дорнод уртрагийн 142 хэм 15 минутад 10900м гүнийг тэмдэглэжээ. Гэвч тэр үед хэмжилтэд алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 10863м гүн байсан гэж үздэг.
1957 онд Зөвлөлт Холбоот Улсын усан цэргийн флотын "Витязь" хөлөг 11034м гүн хэсэг тэмдэглэгдсэн хэмээн зарлаж, "Витязийн ангал" хэмээн нэрийдсэн. Энэ хэмжээ олон жилийн турш Марианы хонхорын гүний хэмжээнд албан ёсоор тооцогдож байсан боловч дараа дараагийн судалгаануудаар батлагдаагүй байна.
1962 онд судалгааны "Спенсер Бэйрд" хөлөг онгоц 10915м гэсэн хэмжээг гаргаж ирэв. Гэвч Марианы хотгорын гүний хэмжээний тухай мэтгэлцээн намжаагүй тул 1984 онд Япончууд "Такүёо" хэмээх судалгааны хөлгийг илгээж, сүүлийн үеийн технологи ашиглан 10924м байна хэмээн тогтоожээ. (нарийвчилбал 10920м±10м). Өдгөө олон удаагийн судалгаагаар хөдөлшгүй батлагдсан хэмжээ нь 1995 оны 5-р сард Японы судалгааны хүнгүй онгоц "Кайкоо"-гийн хэмжсэн 10911м нь хамгийн гүн бөгөөд түүнээс гүн хэсэг байгаа эсэхийг албан ёсоор хэлэхэд хэцүү.
1960 оны 1 сарын 23-нд Америкийн далайн флотын тусламжтайгаар Август Пиккарын бүтээсэн шумбагч "Триесте" нь армийн ахмад Дон Уолш болон Августын хүү Жэк Пиккар гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр Марианы хонхорын ёроолд хүрэхээр шумбасан. Тэд далайн ёроолд хүрч, тэнд хальпин загас болон сам хорхой амьдардаг болохыг нүдээр үзэж гайхсан гэх бөгөөд далайн ёроол нь 11521м (хожим 10916м болгож зассан) гүн байсан аж. Марианы хонхорын хамгийн гүн хэсэг дэх усны даралт нь 1086 бар (108.6 мега паскаль, 1cm²-т 1086кг даралт) хүрнэ.