Мельбурны Их Сургууль

Мельбурны Их Сургууль (Англи: The University of Melbourne) нь Австралийн Викториа муж дахь олон нийтийн улсын судалгааны их сургууль юм. 1853 онд байгуулагдсан бөгөөд Викториа мужийн хамгийн ууган их сургууль юм.
Их сургуулийн гол оюутны хотхон нь Мельбурн хотын төв хэсэгт байрлах Парквилл (Parkville) дүүрэгт байрладаг. Парквилл дахь үндсэн кампусаас гадна тус их сургууль нь Мельбурн хот болон Викториа мужийн бусад хотод байрладаг өөр 6 кампустай ажээ. Австралийн тэргүүлэх 8 их сургуулиудыг нэгтгэсэн "Наймын групп" болон "Элсэн чулуун их сургуулиуд" (Sandstone University)-ын бүлгийн гишүүн юм.
Мельбурны их сургууль нь ойролцоогоор 40,000 оюутан, 6,000 багш, ажилтантай. Их сургуульд урлаг, хүмүүнлэгийн ухаан, биоанагаахын шинжлэх ухаан түлхүү хөгжсөн байдаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын бүлэгт багтдаг. Times Higher Education сэтгүүлийн эрэмбэлэлээр Мельбурны Их сургууль нь Австрали, далайн орнуудын шилдэгт тооцогддог.
Австралийн 4 Ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч Мельбурны их сургуулийг төгссөн бөгөөд 8 Нобелийн шагналтан Мельбурны их сургуульд багшилж, суралцаж, судалгаа хийж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
1852 оны 11-р сарын 4-нд Ерөнхий аудитор бөгөөд Сангийн сайд Хью Чайлдерс (Hugh Culling Eardley Childers, 1827–1896) төсвийн тухай хэлсэн үгэндээ их сургууль байгуулахад зориулж 10,000 фунт стерлинг зарцуулж байгааг зарлаж Мельбурны их сургууль байгуулагдах нөхцөл бүрджээ. 1853 оны 1-р сарын 22-нд баталсан их сургуулийг үүсгэн байгуулах актийн дагуу урлаг, анагаах ухаан, хууль эрх зүй, хөгжмийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй байгуулжээ. Уг хуулиар жилд 9000 фунт стерлингийн хандив олгохоор заасан ба тухайн жил их сургуулийн барилгуудад зориулж 20,000 фунт стерлингийн тусгай хандив олгосон байна. 1854 оны 7-р сарын 3-ны өдөр их сургууль болон номын сангийн шавыг тавьжээ. 1855 онд тус их сургуулийн үүсгэн байгуулагч Рэдмонд Барри (Sir Redmond Barry, 1813 – 1880) Ирландаас ирсэн гурван профессор нарын хамт хичээлээ эхлүүлж байжээ. Анх нийт 16 оюутантай байсан бөгөөд тэдний 4 нь л төгсөж байсан түүхтэй. Анхны барилгуудыг 1855 оны 10-р сарын 3-нд Викториагийн колонийн захирагч Сэр Чарльз Хотам (англи. Sir Charles Hotham, 1806–1855) албан ёсоор нээсэн юм.
1857 онд Парквилл кампуст Хуулийн сургууль байгуулагдсан бөгөөд үүний дараа 1861, 1862 онд Инженерийн анги, Анагаах ухааны сургууль тус тус байгуулагдсан байна. Их сургуулийн дотуур байрууд анх 1872 онд кампусын хойд хэсэгт нээгдэж байжээ.
Их сургуулийн анхны захиралаар Рэдмонд Барри (дараа нь Сэр Рэдмонд Барри болсон) томилогдож тэрээр 1880 онд нас барах хүртлээ энэ албан тушаалыг хашсан байна.
Мельбурны их сургууль нь Викториа дахь алтны уурхайнуудаас бий болсон баялгийн ачаар байгуулагдаж, хурдацтай, арилжааны өсөлтийн үед "соёл, мэдлэг" хөгжүүлэх зорилготой байжээ. 1881 онд эмэгтэйчүүдийг элсүүлдэг болж, Жулиа "Белла" Герин (Julia ""Bella" Guerin, 1858 – 1923) 1883 онд урлагийн бакалаврын зэрэг авсанаар Австралийн их сургуулийг төгссөн анхны эмэгтэй болжээ.
1900-аад оны эхээр тус их сургууль хэд хэдэн эрэлттэй хичээлүүд нэмж оруулж сургалтын хөтөлбөрөө өргөжүүлжээ. 1901 онд Мельбурны их сургуульд элссэн оюутнуудын тоо анх удаа 500-г давжээ. Их сургуульд өгөх засгийн газрын санхүүжилт нэмэгдсэн энэ үед их сургууль өргөжин тэлсээр, 1900-1906 оны хооронд барилгууд нэмж барьж, боловсролын сургууль, шүдний эмчилгээний сургууль, хөдөө аж ахуйн сургуулийг нэмжээ. Энэ хугацаанд Мельбурны их сургууль нь судалгааны томоохон төв болж, Австралид тэргүүлэгч болсон. Дэлхийн 2-р дайны дараа дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, их сургуульд ихээхэн өөрчлөлт бий болгосон.